Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаатай Урлагийн зөвлөлийн хөтөлбөр, шинэ төслийн талаар ярилцлаа.
-Монголын Урлагийн Зөвлөлийн хөтөлбөрүүдийн талаар сонирхуулахгүй юү?
-Монголын Урлагийн зөвлөл нь урлагийн, соёлын өв, олон нийтийн урлагийн боловсрол болон хөгжлийн гэсэн дөрвөн үндсэн хөтөлбөртэй. Хоёр жилийн өмнө бол урлагийн хөтөлбөр нь уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр гэж байлаа. Үүнийг өөрчилсөн ч учиртай.
-Зөвхөн уран бүтээлчдийг дэмжих гэдэг нь явцуу хэрэг болох байх?
-Тийм. Монголын соёл урлаг тогтвортой хөгжихөд нэг талаас авьяастай, өрсөлдөх чадвартай, шинийг эрэлхийлэгч, олонд танигдан, хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч байх хэрэгтэй. Нөгөө талаас тэр уран бүтээлчдийн бүтээлийг үздэг, хардаг, мэдэрдэг, түүгээрээ амьдралынхаа үнэт зүйлсийг бий болгодог, өсч бойжиж, хүн болж төлөвшдөг нийгэм, үзэгчид нь байх ёстой. Энэ хоёр чухал хэсгийг хооронд нь холбоход Урлагийн зөвлөл сүүлийн 10 жил үйл ажиллагаа явуулж байна.
-Урлагийн зөвлөлөөс уран бүтээлчдэд чиглэсэн ямар арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?
Бидний зүгээс уран бүтээлчдийн дунд сургалт, олон улсын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, тэдний чадавхийг дээшлүүлэх сүүлийн жилүүдэд олон ажил хийж ирлээ. Харин 2010 оноос Монголынхоо уран бүтээлчдэд урлагийн чанартай сайн бүтээл туурвих, олон нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх, мөн дэлхийн чанартай уран бүтээлийг Монголын үзэгчдэд авчирч үзүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд 2010 онд Монголд Өрнө Дорнын Уулзалт олон улсын улсын кино фестиваль зохион байгуулсан. Түүнд дэлхийн олон кино наадмаас шагнал авсан уран бүтээлчид ирж, бүтээлээ үзүүлсэн. Өнгөрсөн жил зураач Ж.Мөнхцэцэгийн үзэсгэлэнг гаргасан. Бид түүнийг маш авьяаслаг, дэлхийд танигдсан уран бүтээлч учраас дэмжин ажилласан. Энэ жил зургадугаар сарын 21-нд залуу зураач Дорждэрэмийн үзэсгэлэнг гаргах гэж байна. Тэрээр бас өөрийн гэсэн урлагийн хэлтэй, бүтээлч, чадварлаг уран бүтээлч. Ер нь бид урлаг, уран сайхны хувьд чанартай, шинэлэг бүтээлүүдийг олон нийтэд хүргэх зорилготой. Энэ хүрээнд өнгөрсөн жил Австралийн нэртэй Бангарра орчин үеийн бүжгийн хамтлаг, энэ 4 сард ХБК-ийн цохивор хөгжмийн хамтлагын тоглолтыг тус тус зохион байгуулсан. Гэх мэтээр бид зөвхөн Монголын уран бүтээлчдээ дэмжээд зогсохгүй бас гадаадын чанартай бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна даа
-Өнгөрсөн жил Урлагийн зөвлөлөөс уран бүтээлийн уралдаан зарлан “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг тайзнаа тавьсан шүү дээ?
-Тийм ээ, өнгөрсөн жил “Энержи Ресурс” компанийн дэмжлэгээр “Дөрөө” гээд орчин үеийн модерн бүжгийг тайзнаа тавих төслийг санаачлан хэрэгжүүлсэн. “Дөрөө” бүтээлд шинэ хөгжим бичигдэн, шинэ бүжиг дэглэлт гээд олон шинэ зүйл хийгдэж, залуу уран бүтээлчдэд эрэл хайгуул хийх боломжийг олгосон. Өнөөдрийн үзэгчид чанартай, шинэ соргог зүйлийг хүсэх болсон. Нөгөө талаасаа хүмүүст ийм чанартай шинэлэг зүйлийг л авчирч үзүүлэх цаг болчихсон. Монголын үзэгчид арван жилийн өмнөхөөсөө их өөрчлөгдсөн. Жишээлбэл сая Цахар Тугч Урнаагийн тоглолт болсон шүү дээ. 2005 онд тэр тоглолтоо хийхэд тасалбараа зарж чадахгүй, үзэх хүнгүй байсан бол энэ удаад тасалбар нь тоглолт болохоос хоёр хоногийн өмнө бүгд зарагдсан. Урнаагийн үндэсний онцлогтой мөртлөө дэлхийн хөгжмийг сонсож, таашаах үзэгчид бий болчихсон. Ер нь дэлхийд танигдсан уран бүтээлчид, бүтээлүүдийг нутагтаа авчрах цаг нь ирж, хөрс суурь нь бэлтгэгдсэн гэж бодож байна.
-Урлагийн хөтөлбөрийн хүрээнд Монголын үзэгчдэд маш том бэлэг задлахаар зэхээд байгаа гэсэн. Энэ төслийн талаар сонирхуулахгүй юу?
-Үүнийг ганцхан Урлагийн зөвлөл хийж байгаа биш. Түүнд маш олон хүн, байгууллагын оролцоотойгоор Америкийн Бүжгийн Одод төслийг хэрэгжүүлж байна.
Би энд нэг хүнийг заавал дурьдаж хэлэх ёстой гэж бодож байна. Монголын урлагийн зөвлөлд олон авьяастай залуу хүмүүс ажилладаг. Залууст төрийн бус байгууллагад ажиллах хэцүү шүү дээ. Чадварлаг залуу хүмүүст ТББ-ын цалин тийм ч д өрсөлдөх чадваргүй шүү дээ. Арван жилийн хугацаанд МУЗ-д олон залуучууд ажиллаж, бас солигдсон ч, яг урлагтаа хайртай дуртай, хийж байгаа ажлаасаа таашаал авдаг хүмүүс нь шигшигдэн үлдэж байгаа. Тэр хүмүүсийн нэг бол манай Урлагийн зөвлөлийн урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа. Тэрээр 2012 онд АНУ-ын элчин сайдын яамнаас зарлагддаг “Fulbright” гэдэг тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын Колумбын ир сургуулийг Урлагийн удирдлагын магистрын зэрэг хамгаалаад ирсэн. Р.Номинтуяа бол багаасаа нугараач байсан, 14 настайдаа “Соёлын тэргүүний ажилтан” болж, дэлхийг бүүр багаасаа тойрон 40 гаруй оронд очоод үзчихсэн дэлхийн нүүдэлчин. Монголчууд бид чинь одоо нүүдэлчин гээд ихэнхдээ нутагтаа л нүүдлээ хийгээд байдаг шүү дээ. Дэлхийд нүүдэл хийх боломж тэр болгонд байдаггүй. Манай Номин бол багаасаа л циркийн жүжигчин байж, Ази, Европ, Африк, Өмнөд, Хойд Америк гээд яваагүй газар байхгүй. Номинд “Fullbright”-ын тэтгэлэг бол маш олон зүйлийг нээж өгсөн. Зөвхөн урлагийн удирдлагын онолыг судлахаас илүүтэйгээр дэлхийн соёл урлагийг тодорхойлж байдаг Нью Йорк хотын сүлжээ, танил талын хүрээнд өөрийн байр суурийг олж чадсан. Өнгөрсөн жил Номин МУЗ-аас “Арга билэг” хамтлагийн АНУ-д аялан тоглох төслийн зохицуулагчаар явахдаа тэндээс гурван төслийг авчирсан. Түүний нэг бол Нью Йоркийн Сити балетын шилдэг найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн одод Монголд” хөтөлбөр юм. Ямарваа нэг юм хүн ба байгууллага хоорондын сайн харилцаа, итгэлцэл дээр тулгуурладаг.
Нөгөө төлөөс өнөөдөр дэлхийд Монголын талаар мэдээлэл маш их цацагддаг болсон. Энгийн жиүээ хэлэхэд “New York Times” сэтгүүлд монголын талаар мэдээлэл гарахгүй долоо хоног гэж бараг байхгүй байсан шүүдээ. Монголын талаарх мэдээлэл уул уурхайн баялагаараа дамжуулагдан хүмүүсийн сонорт их хүрч байгаа. Гэхдээ түүнээс илүүтэйгээр өрнө дорнын зааг дээр, өөрийн гэсэн соёлтой, онцлогтой, түүхтэй, уламжлал бас шинэчлэлтэй, асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа Монголын нийгэм хүмүүсийг анхаарлыг бас маш их татаж байна.
-Эдийн засгийн хувьд хэр чадамжтай төсөл байв?
Мэдээж аливаа төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй. Гэхдээ сайн санаатай, шинэлэг, үр өгөөжтэй төсөл байвал санхүүжилт бол бас хамгийн гол зангилаа асуудал нь биш лдээ. Хамгийн гол нь хийж байгаа ажлын маань агуулга, чанар мөн цаашдын тогтвортой байдал нь хамгийн чухал. Төслийг маань маш олон хувь хүн байгууллага дэмжин хамтран ажиллаж байгаад бид их баяртай байгаа. Хандивлагчдынхаа дэмжлэгтэйгэээр бид Америкийн уран бүтээлчдэд тоглолтын хөлсийг нь төлж байна, бүх зардлыг нь дааж байна, оюуны өмчийнх нь эрхийг нь албан ёсоор авах гээд зардал бас чамгүй өндөртэй төсөл л дөө. Тиймээс бас тасалбарын орлогоосоо зардлынхаа 50 хувийг бүрдүүлэх нь бидний зорилго байгаа.
-Энэ төслийн зорилго ба онцлог нь юу вэ?
Бид энэ төслийг соёлын урлагийн хөгжилд хувь нэмэр болох талаас нь их анхаарч байгаа. Зорилго маань нэгдүгээрт дэлхийн сонгодог нэртэй бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх. Хоёрдугаарт соёл урлагийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих.. Манай ДБЭТ-ын МУ-ын УГЗ Туулайхүүгийн удирдсан симфони найрал хөгжим хөгжмийг нь амьд тоглоно.
Тоглолтын хөтөлбөрт дэлхийн сонгодог болон урьд өмнө монголд тавигдаж байгаагүй шинэ бүтээлүүд орсонв Тухайлбал Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И. Чайковский, Игорь Стравинский, Америкийн хөгжмийн зохиолч Жон Филип Суза, Луй Моро Готшалк нарын балетыг Америкийн балетыг үндэслэгч, бүжиг дэглээч Жорж Баланчины дэглэлтээр үзэгчдэд хүргэх болно. Манай ДБЭТ-ын МУ-ын УГЗ Туулайхүүгийн удирдсан симфони найрал хөгжим тоглоно.
Энэ үдшийн онцлох бүтээл нь Америкийн авьяаслаг уран бүтээлчид гоцлон бүжиглэх П.И. Чайковскийн “Хунт Нуур” балетын Хар ба Цагаан Хунгийн хослол байх болно.
Мөн “Нью-Йорк Сити Балет”-ын тэргүүлэх гоцлооч Даниел Улбрикт болон “Арга Билэг” этно жазз хамтлаг хамтран Аргентины нэрт хөгжмийн зохиолч Астор Пьяццолагийн Танго бүжгийг толилуулна.
Төслийн хүрээнд “Нью-Йорк Сити Балет”-ын уран сайхны удирдагч, тэргүүлэх гоцлооч Даниел Улбрикт УДБЭТ-ын залуу бүжигчдэд мэргэжлийн сургалтыг удирдан явуулах бөгөөд энэ нь Монгол Америкийн уран бүтээлчдэд туршлага солилцох, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг олгоно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа
Залуус тэр бүр дуурь балет үзээд байдаггүй шүү дээ. Заавал ч очих ёстой биш тэр бол тэдний сонголт шүү дээ. Тийм болохоор залуучуудад соёлын олон төрөл зүйл ийг таниулан сурталчилах, “Нью-Йорк Сити Балет”-ын ододтой уулзах, тэдэнтэй хамтран Америкийн орчин үеийн West Side Story мюзиклын болон Монголын үндэсний бүжгээс хамтран суралцах нэгэн сонирхолтой үдшийг зохион байгуулагчид iLoft Function House-д зургадугаар сарын 13-нд 22.00 цагт зохион байгуулна.
Энд зөвхөн бид Америкийн уран бүтээлчдээс сурахаас гадна бидэнд бас бахархан хуваалцах соёлын баян нөөц байгаа шүү дээ. Үдэшлэгт ирсэн залуус өрнө, дорнын соёл хоорондоо хэрхэн ялгарахын сацуу, хэрхэн хамаарал шүтэлцтээтэй оршин бие биенээ баяжуулж болохыг харах боломжтой.
Бас энэ төслийн маань онцлог нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарын хамтын ажиллагааны хамгийн сайн шилдэг загвар болж байгаа нь гэж бодож байна. МУЗ бол ТББ, ДБЭТ маань төрийн байгууллага харин бизнес хувийн хэвшлийн олон хамтрагчид байгаа.
Манай ерөнхий ивээн тэтгэгч Р.Туяацэцэг захиралтай “Монре” даатгал компани байна. Р.Туяацэцэг бол өөрөө бүжиг дэглээч хүн, түүний охин У.Сийлэн гээд “Монре” даатгалын гүйцэтгэх захирал байгаа. Энэ хоёр хүн энэ төсөлд эхний санхүүжилтийг хийсэн. Эхний дэмжлэг, итгэл бол маш чухал байдаг. Ингээд л бид дараа дараагийн ивээн тэтгэгч, хамтрагч нараа бүрдүүлсэн. Дэлхийн урлагийн сор болсон бүтээлийг монголын үзэгчдэд хүргэхэд бидэнтэй хамтран ажилласан ерөнхий ивээн тэтгэгч Монре Даатгал, Ивээн тэтгэгч Хас Банк, АНУ-ын ЭСЯ, Төгөлдөр Сан, Таван Богд Групп, Монгол Эм Импекс Концерн, Сайнд оф Монголия ХХК, ноён С. Рагчаа, ноён Жексон Кокс, нэр нь үл мэдэгдэх Хандивлагч болон хамтран ажилласан УДБЭТ –ын хамт олон, мэдээллийн ивээн тэтгэгч МҮОНРТ, Эх Орон телевиз, үндэсний портал GoGo.mn нартаа гүн талархал илэрхийлье.
Хоёрхон удаа тоглох энэ тоглолтыг МҮОНТ-ийн Соёл урлагийн редакц болон Эх орон ТВ хамтран ажиллаж, тоглолтыг бүрэн эхээр нь дараа орон даяар цацна. Тэгэхээр энэ тоглолтыг үзэж амжаагүй олон хүн бас үзэх боломжтой. Бид бас СУИС-ийн бүжгийн танхимын багш нар оюутнууд, бүжиг дэглээчид, ХБК-ийн сурагч, багш нар, ДБЭТ-ийн уран бүтээлчдэд тоглолтынхоо хувцастай сургуулалтыг үзэх боломжыг бас олгож байгаа.
-Урлагийн зөвлөл өөр ямар ажлууд төлөвлөөд байна?
-Ер нь зургаа, ес, аравдугаар сарууд хамгийн их ачаалалтай байдаг. Монголчууд чинь зун болоод нэг сайхан цаг агаар дулаараад ирэхээр хүмүүсийн амьдрал сэргэдэгтэй адилхан соёл урлагтай холбоотой бидний хийх ажил чинь тэр цаг хугацаатайгаа холбоотой ихдээд явчихдаг. Өнгөрсөн долоо хоногт манай “Залуу манлайлагчдын хөтөлбөр”-ийн төгсөлт боллоо.
-Яагаад заавал “Залуу манлайлагчдын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болов?
Соёл урлагийн салбарт ирээдүйн хөгжлийг авч явах хүмүүс бол энэ салбарт ажиллаж байгаа залуучууд гэж бид үздэг. Тэдэнд өнөөгийн дэлхийн урлагийн удирдлага менежментийн салбарт гарч байгаа шинэ соргог мэдлэг ба мэдээлэл олгох, хоорондоо хамтарч ажиллах боломжыг бий болгох зорилготой хөтөлбөр. Бид энэ хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Жил бүрийн хөтөлбөрт хамрагдсан залуу манлайлагчдад нэг шинэ төсөл санаачлан хэрэгжүүлэх санхүүжилт олгодог. Энэ жил мана манлайлагчид маш сонирхолтой төсөл гаргаж ирсэн. Тэд 3D зураг буюу “street art” жанраар Туркт сургууль төгсөн, Европ, Туркт уран бүтээлээрээ танигдсан Ундрал гээд залуу уран бүтээлчтэй хамтран Улсын Төв Номын сангийн өмнө 3D зураг зурах төсөл байсан. Нээлтээ өнгөрсөн долоо хоногт хийсэн.
Мөн Наадмын үеэр СУИС-тай хамтран ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр “Соёлын наадам” гээд наадамчдад зориулсан арга хэмжээгээ Хүй Долоог Худагт 6 дахь жилдээ хийхээр төлөвлөөд байгаа. Ирэх есдүгээр сард Япон сангийн дэмжлэгтэйгээр “Thinking landscape” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн мөн аравдугаар сарын эхний долоо хоногт ССАЖЯ Улаанбаатар Олон Улсын Кино наадмыг хийхээр төлөвлөж байгаа. Үүн дээр хамтран ажиллах саналыг бидэнд Яам албан ёсоор тавиад ажлаа эхэлсэн байгаа.
Мөн ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр соёлын өвийг тээгчдийн тухай цуврал баримтат кино, телевизийн нэвтрүүлэг хийнэ. Бас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтраад “Хог болгон хог биш” ТВ цуврал нэвтрүүлэг гээд хийх ажил маань ар араасаа хүлээж байгаа даа.
Эх сурвалж: news.mn