Монголчууд уужим тал нутгийнхаа хөг аялгуу, уртын сайхан дууг сонсч уярдаг ард түмэн.Түүгээр ч үл барам уртын дуу дэлхий дахинд Монгол Улсыг тодотгох нэрийн хуудас болж явна.
Залуу дуучин А.Түмэн-Өлзий “Баясгалантай сайхан", “Ижий зөн”, “Сэтэрт тал”, “Тийм яруухан” хэмээх уянгалаг дуунуудаараа хэдийнэ үзэгчдэдээ таашаагдсан билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таныг дуугаа нугалаа гаргаж урлаж дуулдаг хөгжимлөг хоолойтой гэж мэргэжлийн хүмүүс үнэлдэг юм билээ?
-Дуучин хүн өөр өөрийн гэсэн онцлог тембртэй байх ёстой. Тэр дундаа би өөрөө хөгжимчин учраас ямар ч дууг дуулахад илүү ойр дөхөм байдаг. Тиймээс дууг урлаж нугалаа гаргаж дуулах нь миний хоолойн онцлог юм болов уу. Бас ээж маань бага байхад уран болоорой гэж тагнай их идүүлдэг байсан болохоор магадгүй дуугаа урлаж дуулдаг байж болох юм. Байгалиас заяасан хоолой минь уянгалж гардаг нь миний өөрийн онцлогтой холбоотой байх.
Ер нь дуучин хүн наад зах нь хүйтэн мөхөөлдөс долоодоггүй, бас хувцас индүүдэхэд индүүний халуун хоолойд нөлөөлдөг гэдэг. Сонсогчид бидний дууг сонсоод өө энэ дуучин байна гэж ярьдаг шиг энэ Түмэн-Өлзий дуучин байна гэж нэрлэгдэх өөрийн гэсэн брэнд хоолойтой байхыг хүсдэг.
-Та анхны цомог “Хайр ирнэ” нэртэй гарч байсан?
-Миний “Хайр ирнэ" цомог одоогоос гурван жилийн өмнө гарч байсан. Түүний дараа “Сэтгэлийн толь” гэж хуучны дуунуудаас бүрдсэн цомгоо сонсогчдодоо хүргэсэн. “Хайр ирнэ” цомог хөгжмийн зохиолч, яруу найрагчдын надад бэлэглэсэн дуунуудаас бүрдсэн цомог болсон. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн, сонсох дуртай цомог болсонд баяртай байгаа. Цаашид уртын дуугаараа цомог гаргана гэсэн бодолтой байгаа.
Миний хувьд уран бүтээл болгоноо үзэгч сонсогчдодоо таалагдах талаас нь хичээж, эрмэлзэж яваа залуу уран бүтээлч. СУИС-аа 2009 онд дүүргээд залуу байхдаа л уран бүтээлээ хийх ёстой гэдэг үүднээс оюутан байх үеэсээ л уран бүтээлээ хийж эхэлсэн. Яагаад гэвэл эмэгтэй хүнд урлагийн амьдрал богинохон заяадаг. Аливаа зүйл үе үеэрээ байдаг болохоор бидний урлагийн карьер нэг л мэдэхэд дуусаад дараагийн үе хүч түрж орж ирдэг шүү дээ. Тиймээс хийсэн уран бүтээлүүд маань ард түмэндээ таалагдаад явж байгаад нь уран бүтээлч хүний хувьд баяртай байдаг.
-Та байсхийгээд л имижээ өөрчилдөг?
-Мэдээж олны нүдэн дээр яваа хүмүүс биеэ зөв авч явж, өөртөө тохируулж гоё хувцаслах ёстой. Миний хувьд хэтэрхий брэнд хөөгөөд байдаггүй. Гэсэн ч брэндийг дагаад чанар байдаг учраас зарим үед брэнд хэрэглэхийг хүсдэг, эрмэлздэг. Ер нь хүн өөртөө тохирсон хувцсыг өмсч байвал тэр нь хэдэн төгрөгийн үнэтэй байх нь хамаагүй. Намайг зарим хүмүүс нийтийн дуучин мөртлөө үсээ ягаанаар буддаг содон юм гэж ярьдаг юм билээ. Нийтийн дуучин гэхээр дээл өмсөөд явж байх ёстой юм уу. Тийм ойлголт байхгүй. Хүн л юм чинь бүгд гоё харагдах талаасаа өөрийгөө авч явах ёстой. Надад тиймэрхүү яриа ярьдаг хүмүүс таалагддаггүй. Хувь хүн талаас нь л харилцах ёстой. Адилхан л тайзан дээр гарч байгаа хүмүүсийг рок поп, нийтийн дуучин гэж өмссөн зүүснээр ялгаж ярих нь утгагүй.
-Таны атаа хор шарыг хөдөлгөдөг зүйл юу вэ?
-Хор шар гэхээсээ цагаан атаа байх ёстой. Би энэ дууг яагаад дуулж чадахгүй байгаа юм, заавал дуулах ёстой гэж өөрийгөө хурцална уу гэхээс энэ дуучин ийм хувцас авчихаж би заавал авч өмсөх ёстой гэж ерөөсөө бодож болохгүй. Зөвхөн уран бүтээлээрээ л өрсөлдөх хэрэгтэй. Өөрөө чадна гэсэн зүйл дээрээ дайчин бардам байх ёстой гэж боддог.
-Залуу бүсгүйн хувийн амьдралыг сонирхдог залуус бишгүй байдаг байх. Өмнө нь найз залуутай байсан гэж сонссон?
-Одоо нас залуу байна. Дээр нь бие даасан тоглолтоо ч хийж амжаагүй байгаа учраас гэр бүлийн амьдрал зохиоход арай эртдэнэ гэж бодож байна. Мэдээж эмэгтэй хүн учраас гэр бүл, үр хүүхэдтэй болохыг бодолгүй яахав. Гэхдээ ойрын хугацаанд төлөвлөсөн ажлуудаа биелүүлсний дараа л энэ талаар ярих болно оо.
Өмнөх амьдралын тухайд нэгэнт өнгөрсөн асуудлыг дахин ярихыг хүсдэггүй. Мэдээж ор ганц байсангүй. Найз залуутай байсан. Гэсэн ч цаг хугацааны шалгуураар таарч тохирохгүй гэдгээ мэдсэн болохоор хоёр тийш болсон. Хэн хэнд нь өөр хүн хэрэгтэй болоод ойлголцоод хоёр тийш болсон хэрэг. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд сүүлийн үед залуу гэр бүл үр хүүхдээ өнчрүүлж их салдаг болж. Үүнээс болоод хүүхдийн хүмүүжил төлөвшил нь буруу болж нийгэмд хандаж байгаа хандлагад буруугаар нөлөөлнө гэсэн үг. Гэхдээ би салж байгаа гэр бүлийг буруутгаж байгаа юм биш л дээ. Надад ч гэр бүл зохиохгүй байгаагийн шалтгаан залуучуудын хөнгөн хийсвэр зантай болсон учраас хүнээ зөв сонгож таньж мэдэх нь чухал байгаа юм. Одоо би найз залуугүй. Аав ээжтэйгээ амьдарч байгаа. Өмнөө олон ажил төлөвлөсөн учраас хувийн амьдралаа хойш тавьсан.
-Хэн нэгэнд тэгтлээ гомдож байсан үе бий юу?
-Тухайн үед хүнд гомддог үе байдаг л даа. Гэхдээ би таагүй зүйлийг сэтгэл дотроо хадгалж явж чаддаггүй. Таван минутын дараа л гомдлоо тайлчихдаг. Аав ээж маань хүнд битгий муу санаж, өсөрхөж яв гэж сургасан учраас энэ зан миний сэтгэлд хоногшчихсон. Энэ үгээ найз нөхөддөө хүн чамд ямар муу зан гаргасан байсан ч буцаагаад тэр хүнийг илүү ихээр хайрла, сайн сана тэгж чадах юм бол чи сайхан явна гэж хэлдэг. Түүнээс хүнд буруу санаад явбал хар буруу энерги байнга өөр дээр нь тусдаг. Тийм учраас өөрөө гоё сайхан амьдрахыг хүсч байвал хүнд муу санаад хэрэггүй гэж боддог. Ер нь би цайлган хүн. Байнга инээж хөхрөөд байдаг учраас сөрөг зүйлүүдийг өөрөөсөө холдуулж чаддаг байх.
-Бас олны танил хүмүүс зиндаархдаг. Түмэн-Өлзий дуучин маань өнөөдөр хувийн амьдралаа хэрхэн төвхнүүлж чадсан бэ?
-Би мөнгөөр бялхаж амьдрахыг хүсдэггүй. Өөрөө хөдөлмөрлөж хөлс хүчээ шавхан байж олсон мөнгөө эргээд амьдралдаа зарцуулахад хамгийн амттай байдаг. Зовж олсон мөнгийг үрэхэд хүртэл хайран байдаг шүү дээ. Өнөөдөр би хангалттай сайхан амьдарч байна. Надад сайхан унаа, байр орон байр байна. Түүнээс илүүтэй өвчин зовлонгүй эрүүл байх хамгийн чухал. Тийм учраас зөв зохистой хооллож эрүүл амьдрахыг хүсдэг.
Урлагийн буян агуу. Би урлагийн буянд тэр дундаа дуучин болж төрсөндөө баяртай байдаг. Ард түмэн маань алга ташилт илгээж, сайхан энергиэрээ тэтгэж тэжээж байдагт нь өөрийгөө азтайд тооцдог. Тэр буянаар сайн сайхан явж байгаа гэж ойлгодог. Түүнээс эд баялгаар дүүрэн байвал бүрэн дүүрэн аз жаргалтай амьдарч чадахгүй.
-Ингэхэд таныг Холливүдын найруулагч хамтарч ажиллах санал тавьсан гэсэн?
-Тийм ээ. Нэг найруулагч чиний монгол дуугаар чинь мюзыкль тавъя гэсэн санал тавьсан. Мэдээж ийм сайхан саналыг баяртай хүлээж авалгүй яахав.
-Уртын дууны төрөл жанрыг өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?
-Уртын дуу монгол гэхээсээ илүүтэй гадаадад их хөгжсөн байдаг шүү дээ. Гадныхан манай дуучдыг дуулсны дараа энэ чиний хоолой мөн үү гээд хоолойг нь барьж үздэгээс харахад үндэсний маань өв соёлоос үлдсэн ямар их агуу зүйл вэ гэдгийг илтгэх байх. Уртын дуу дуулсан хүн маш гоё хүмүүждэг. Тайвширч уужирч, маш их эргэцүүлж боддог юутай ч зүйрлэшгүй агуу урлаг. Дуулж эхлэхээс өмнөх Түмэн-Өлзий одоогийн Түмэн-Өлзий хоёр эрс ялгаатай. Нэг үеэ бодоход уртын дууг манайхан их сонсч ойлгодог болжээ. Түүний хэрээр олон сайхан уртын дуучид төрөн гарч байна.
Ч.Буянтогтох