Загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгтэй Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотыг зорихоос өмнө ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн тэрбээр загвар зохиохын зэрэгцээ өөрийнхөө хувцсыг амилуулах авьяас, ур чадвартай нэгэн. Элдэв маяггүй, хэлэх гэснээ илэн далангүй хэлчихдэг нь түүний бас нэгэн чимэг ажээ.
-Европжуу төрхтэй болохоор хүүхэд байхаасаа л олны анхааралд амархан өртдөг байв уу?
Миний хүүхэд нас бусдын адил гэнэн цагаахан, сайхан зүйлээр дүүрэн өнгөрсөн. Ер нь хүн болгон хүүхэд насандаа эргээд очих юм сан гэж боддог шүү дээ. Би ч гэсэн тэдэн шиг хүсдэг. Яагаад гэвэл хүүхэд нас үнэхээр гайхалтай мартагдашгүй мөчийг үлдээдэг. Би аав, ээжийн эрх охин, тэргүүний сурагч, ангийн дарга байсан. Дээрээс нь хичээлээс гадуур зохиогддог урлаг, спортын ажилд идэвхтэй оролцоно. Сагс, шатар гээд оролцсон тэмцээнүүдээс авсан баярын бичгүүдээ цуглуулдаг хүүхэд байсан. Надад олон найз байсан болохоор цагийг их хөгжилтэй өнгөрөөдөг байжээ. Цэцэрлэгт байхдаа танилцсан Мөнхтуул гээд найзтайгаа одоо хүртэл үерхсээр байгаа. Бид хоёр нэг сургуульд ороод наймдугаар анги хүртлээ хамт суралцсан. Найзгүйгээр миний бага насыг төсөөлөхийн аргагүй. Бага насныхаа тухай ярихад сайхан байна.
-Охид багаасаа л үсний зүүлт, бугуйвч гээд чамин гялалзсан зүйлд дуртай байдаг. Харин Та гадаад төрхөндөө хэр анхаардаг байсан бэ?
-Нэг их анхаардаггүй байсан. Ямар сайндаа ээж “Ганц охинтой юм сан. Гэтэл охин минь гоёж гангалахыг мэдэхгүй юм. Охид шинэ гоё хувцас авахуулдаг байхад миний охин хуучныгаа оёулаад, угаагаад л өмсөөд явах юм” гэж ярьдаг байсан. Нэг удаа ээж үсийг маань гоё шүлжээд өгч л дээ. Тэгсэн би тэрийг нь тоолгүй зэмлүүлсэн удаатай. Ер нь миний түүх ээжтэй салшгүй холбоотой. Ээж миний бэлтгэл ангиас эхлээд төгстөл хичээлээ тэмдэглэсэн дэвтрийг хадгалчихсан байдаг. Хааяа тэрийг гаргаж харахаар сайхан санагддаг юм. Их шартай хүүхэд байсан болохоор хааяа сайн дүн авахаараа уйлчихдаг хүүхэд байсан гэсэн. Ээж маань багш мэргэжилтэй болохоор миний сурлага, хүмүүжилд их анхаардаг байсан.
-Тэгвэл хэдий үеэс гадаад үзэмжиндээ анхаарч эхэлсэн бэ?
-Арван жилийн хүүхдүүдийн гэнэн цагаахан үерхэл гэж байдаг. Охид хэн нэгэнд хөөрхөн харагдах гэж хичээдэг биз. Тэр л үеэс аяндаа өөрчлөгдсөн гэж бодож байна. Ер нь аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой шиг байгаа юм. Би нэгдүгээр ангиасаа наймдугаар анги хүртлээ онц сурсан бол анги ахиад гадаад үзэмжиндээ анхаарал хандуулаад дүн жаахан буурсан. Гэхдээ багын дадал, юмыг төгс хийхийн төлөө тэмүүлсэн зантай болохоор онцын зүйл өөрчлөгдөөгүй. Дээрээс нь ээж намайг дэргэдээ аваад хоол хийхээс эхлээд бүхий л зүйлийг заасан нь насан туршийнх болчихдог юм байна. Түүнээс л хүүхдийн багын хүмүүжил үнэхээр чухал байдаг юм байна гэж ойлгосон. Намайг тэгж хүмүүжүүлсэн ээждээ баярладаг.
-Таныг загвар зохион бүтээгч болохын өмнө өөр мэргэжлээр суралцаж байсан гэсэн. Ер нь хүн уйгагүй оролдлого, хөдөлмөрөөр хүссэн зүйлдээ хүрдэг. Үүний баталгаа нь Та юм шиг санагдлаа?
-Ер нь амьдралын зам дардан байдаггүй. Тиймээс хүн амьдрах тусмаа зовлонг ойлгодог юм шиг байна лээ. Миний амьдрал ч гэсэн адилхан. Би жирийн нэгэн айлын хүүхэд. Тиймээс хүмүүс намайг “Хийж бүтээхээр хичээж яваа залуу хүн юм байна. Тэр сайн сайхны төлөө тэмүүлж байгаа юм байна” гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Түүнээс би хоосон нэр хүндийн төлөө ажиллаагүй. Бас мөнгө олох гэж олон захиалгад даруулаагүй. Би анхнаасаа л илэн далангүй ярьдаг, нөхөрлөх хүнтэйгээ нөхөрлөчихдөг байсан. Надад их зан байдаггүй. Би ийм л байсан, байсаар ч байх болно.
-Дизайнераас гадна загвар өмсөгч болсон нь Таны бас нэгэн зорилго байсан уу?
-Би сургуульд байхдаа коллекц гаргаад өөрөө өмсөөд хүмүүст үзүүлдэг хүүхэд байсан. Тиймээс ч хөдөлмөрийн хичээлдээ сайн дүн авдаг байсан юм. Түүнээс гадна Монголын “Гялбаа” сэтгүүлийн 2007 оны нүүрэнд зургаа авахуулж байсан удаатай. Ер нь Монголд байхдаа л тайзан дээр гараад их бага хэмжээгээр туршлагатай болчихсон байсан. Харин Малайзад надад мөнгө хэрэгтэй байсан болохоор загварын агентлагт бүртгүүлсэн. Гадаадад байгаа хүн ойр зуурын мөнгөө олох шаардлага гардаг. Тэгээд л фото модель болсон. Тэр үед миний европ төрх надад их хэрэг болсон. Одоо бодоход тэгж ажилласан туршлага маань надад загварын ертөнцийг ойлгоход их тусалсан байна лээ.
-“Fashion me” загварын шоуны бэлтгэл ажлын сониноос хуваалцаач?
-Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод загварын шоу болно. 6000 зочин төлөөлөгч цуглардаг, дэлхийн өнцөг булан бүрээс дизайнерууд ирдэг томоохон шоу гэсэн. Дэлхийн хэмжээний 30 гаруй хэвлэлийн төлөөлөгч чуулж мэдээлнэ. Түүнээс гадна шоунд дэлхийн хэмжээний дизайнерууд бүтээлээ танилцуулахын зэрэгцээ үзэсгэлэнгээ гаргадаг юм. Бид тэр том зах зээлд өөрсдийгөө танилцуулах зорилготой байгаа. Шоунд бид хоёр коллекциор оролцоно. Ноолуурыг өөр материалтай хослуулсан нэг коллекцио шоуны үеэр толилуулна. Түүнээс гадна үнэтэй тансаг хэрэглээний даашинзууд ч бий. Хоёрдугаар коллекцийг “Саран” гээд Европ уруу бүтээгдэхүүнээ гаргадаг компани танилцуулахаар болсон. Дээрээс нь энэ удаагийн бүрэлдэхүүнд “Киви” хамтлагийнхан багтсан байгаа. Хамтлагийн найзууд маань загвар үзүүлэхийн зэрэгцээ дуулна. Тиймээс манай баг тэр орчныг эвдээд гарч ирнэ гэж төсөөлж байгаа. Мөн шоуны үеэр богино хэмжээний нэвтрүүлэг, зураг авалт хийхээр төлөвлөсөн.
-Ирэх сарын сүүлээр томоохон загварын шоу зохион байгуулах гэж байгаа тухай дуулсан. Тэр үеэр мөн өөрийн нэрийн дэлгүүрээ нээх үү?
-Ирэх есдүгээр сарын сүүлээр ноолуурын томоохон загварын шоу зохиохоор болсон. Харин одоохондоо дэлгүүр нээх бодолгүй байгаа. Яаран яаран салон шиг юм нээхийг хүсэхгүй байна. Өөрийн зорьсондоо хүрэхийн төлөө зогсолтгүй хичээх болно. Гэхдээ ирэх намар ОХУ-ын Читад дэлгүүрээ нээх бодолтой байгаа.
-Юу юунаас илүү хүн өөрийгөө олбол зорилго, хүсэл мөрөөдлөө тодорхойлж чаддаг. Ер нь Та өөрийгөө хэзээ олсон бэ?
-Одоогоос хоёр жилийн өмнө олсон. Түүнээс өмнө Катя хаачихаа, юу хийхээ мэдэхгүй байсан. Тиймээс би багахан хугацаанд бясалгал хийсэн. Яг үнэнийг хэлэхэд тухайн үед би нэг ном дуустал уншиж үзээгүй байсан шүү. Тэгээд өөртөө түмэн яагаад гэсэн асуулт тавьсан юм. Эцэст нь асуултынхаа хариуг нэг нэгээр олсон. Түүнээс л загвар гэдэг зүйл надад аз жаргал өгдгийг ойлгосон. Дараа нь өөрийгөө юуны төлөө зүтгэх ёстойгоо ойлгоод явах замаа олсон. Тэр үеэс л жижиг сажиг зүйлүүдийг асуудал болголгүйгээр өнгөрөөдөг болсон доо. Зорилготой болоод ирэхээр хоолгүй байсан ч хүн дуртай ажлаа хийдэг юм билээ. Тэгээд би хүмүүст “Хийх дуртай зүйлээ ол” гэж захидаг юм. Харин түүнийгээ олсон бол тэрүүгээрээ амьсгал, амьдар гэж зөвлөдөг. Тэгэхээр өөрийгөө олно гэдэг бол амьдралын хамгийн үнэтэй чухал зүйл. Тэгээд бодохоор амьдрал гэрэл гэгээтэй, цаг хугацаа үнэтэй болчихдог.
-Өөрийгөө голох үе тохиолдож байв уу?
-Би одоо ч гэсэн өөрөөрөө бахархахаас илүү голж байна. Өөрийнхөө чадварыг 100 хувь гэж үнэлэх юм бол 20 хувийг л ашиглаж байгаа. Хэрвээ өөрийгөө бүрэн дайчилбал ямар үр дүн гарахыг мэдэж байгаа мөртлөө хичээхгүй байгаа шүү дээ. Ингэж бодохоор дахиж сурах хэрэгтэйгээ ойлгодог.
-Орос улс Тантай ямар холбоотой юм бэ. Ярианд чинь их гарах юм аа?
-Манай аав орос хүн байсан. Ээж маань Оросод бизнес эрхэлдэг. Одоо ч гэсэн бизнесээ эрхэлсээр байгаа. Тийм ч учраас ээж маань гурав дэлгүүртээ миний урласан хувцсыг борлуулахаар болсон. Ээж намайг ойлгодог болсонд баяртай байгаа. Анх намайг ойлгодоггүй байсан юм. Би өмнө нь Москвагийн эрчим хүчний сургуульд суралцаж байсан. Гэхдээ энэ мэргэжил миний хүсэл мөрөөдөл биш гэдгийг ойлгосон учраас сургуулиа орхиод загварын чиглэлээр суралцахаар явсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа ээжээсээ “Малайзад зохион байгуулдаг олон улсын үнэт эдлэлийн шоунд миний бүтээлийг танилцуулна. Та ирэх үү” гэж асуусан. Тэр үед ээж зөвшөөрөөд ирсэн ч сайн ойлгоогүй болоод ч тэр үү загварын шоуны үеэр өмсөх хувцас ч авчраагүй яг өмссөн хувцастайгаа миний шоуг үзсэн. Харин шоуны дараа миний ажлыг ойлгож намайг хүлээн зөвшөөрсөн юм. Би үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүн хийгээд зүтгээд оролдоод байвал хэзээ нэгэн цагт чамайг хүлээн зөвшөөрнө. Магадгүй чамайг ойлгохгүй байсан хүмүүс ойлгох болно. Хийхгүй, бүтээхгүй яриад л яваад байвал хэн ч чамайг ойлгохгүй гэдгийг хэлэх гэсэн юм.
-Уучлаарай, аав тань бурхан болсон юм уу?
-Манай аав барилгын инженер хүн байсан. Тийм болохоор би барилгын инженер эсвэл дизайнер болно гэж боддог байлаа. Миний бага нас хүрээлэн буй орчин орос ном, орос хоккейчдын зураг, барилгын макетууд дүүрэн байсан. Тухайн үед надад яг үлгэрийн ордонд байгаа юм шиг санагддаг байж дээ. Би илүү амжилтад хүрэхээрээ аавынхаа дурсгалд зориулаад бүтээн байгуулалт хийнэ гэж бодож байгаа. Аавгүй байснаараа би амьдралын олон зүйлийг мэдэрсэн гэж боддог юм. Магадгүй аав минь амьд сэрүүн байсан бол эрх охин болоод өсөх байсан байх. Урьд нь би “Аав аа, Та яагаад надтай хамт байхгүй байгаа юм бэ” гэж бодоод уйлдаг байсан. Хэцүү үед аавыгаа их санадаг. Ер нь л их өгүүлдэг байсан даа. Одоо бол аавдаа “Охин нь зөв хүн болохын төлөө хичээж байгаа шүү. Тандаа хайртай” гэж үргэлж хэлдэг. Би одоо хойд эцэгтэй л дээ. Их сайн хүн байдаг. Аавын оронд аав болоод ээжид минь хань болоод явж байгаа хүн бий. Ер нь байгаа бүхэндээ сэтгэл хангалуун явна гэдэг бол амьдралаас авч байгаа хамгийн их аз жаргал юм даа.
-Одоо Таныг түшиж тулах олон сайхан найз бий шүү дээ?
-Бусдын сэтгэлийн дэм гэдэг үнэхээр аугаа зүйл. Би найз нарыгаа дурдахгүй байхын аргагүй. Миний найзууд нэг нэгэндээ дандаа эрч хүч урам зориг өгдөг. Бид уулзахдаа хэзээ ч хэн нэгнийг муулдаггүй. Мөн хэзээ ч гэр бүлийнхээ асуудлыг тоочдоггүй. Зөвхөн шинэлэг санаагаа хуваалцаж нэг нэгэндээ урам өгдөг. Хамгийн гол нь хэцүү зүйл тохиолдсон цагт ч нэг нэгнийхээ дэргэд байдаг юм. Ер нь хүн өөрөө сайхан энергитэй байх тусмаа эргэн тойронд нь тийм хүмүүс хүрээлдэг юм шиг санагддаг. Ер нь тэгээд дэм дэмээрээ шүү дээ. Саяхан манай Оюунгэрэл хүүхэдтэй болсон. Бид найздаа хүүхэдтэй болсонд нь баяр хүргэж гэнэтийн бэлэг барьсан.
-Эмэгтэй хүний насыг асуудаггүй гэдэг. Гэхдээ Танаас асуумаар байна?
-25 настай.
-Найз залуутай юу?
-Одоохондоо бодсон зүйл алга. Учир нь би урьд нь гэр бүл төлөвлөчихсөн байсан. Гэсэн ч бүтээгүй миний залуу насны нэгээхэн хэсэг. Ирээдүйд хайгаад төлөвлөж яарахгүй байна. Би одоо найз залуутай, аз жаргалтай, надад илүү дутуу харах юм байхгүй амьдарч байна.
-Таныг Малайзад хүнтэй гэрлэсэн, хүүхэдтэй гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар үнэн мэдээлэл өгөөч?
-Би амьдрал зохиож үзсэн эх хүн. Би үүнийг алдаа гээд нуугаад байгаа юм байхгүй. Хүний л амьдралд тохиолддог зүйл Катягийн амьдралд тохиолдсон. Харин ч би азтай. Миний хүүхэд надтай хамт өсөөд л явчихна. Би амьдрал үзсэн. Тиймээс юунд ч яарахгүй байна. Надад дахиад алдах эрх байхгүй. Энэ утгаараа хэн нэгний туслалцаагүйгээр бүхнийг тэгээс нь эхлээд явж байна даа
Эх сурвалж: unen.mn