Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт яруу найрагч Ц.Хулан “Алтан зэгсний ангир” яруу найргийн шинэ түүврийнхээ нээлтийг хийсэн. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болсон тус нээлтэд Монголын үе, үеийн яруу найрагчдын төлөөлөл хуран цугласан байлаа. Мөн эх орны баруун хязгаар буюу Ховд нутгаас яруу найрагч Хөөдэйн Эрдэнэбаатар ирсэн бол зүүн хязгаар Сүхбаатар аймгаас Айлтгүйн Төмөр-Очир найрагч “адуун дэлний салхи” үнэртүүлэн яруу найргийн уяан дээр буусан юм.
Номынх нь нээлтээс өмнө найрагч бүсгүйтэй уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ газрыг сонгон номоо нээж байгаа нь тохиолдлын зүйл биш байх гэж бодож байна?
-За баярлалаа. Тийм шүү, энэ бол тохиолдлын зүйл огт биш. Учир нь дэлхийн улс болгонд яруу найрагчид нь шүлгээ уншдаг, хөгжмийн зохиолчид нь бүтээлээ тоглодог, ер нь бол урлагийнхан нь байнга цугладаг тийм нандин газар байдаг. Тэгээд ч манай Явуу найрагч бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хэмжээний уран бүтээлч гэдэг нь түүний бидэнд үлдээсэн уран бүтээлээс өдгөө ч тодорхой харагддаг. Тиймээс энэ цэцэрлэгт хүрээлэн бол манай Монголын оюун санааны эрчим хүч шингэсэн сайхан газар гэж хэлж болно.
-Хориод жилийн өмнө “Болор цом”-ын тайзан дээрээс шүлэг уншиж байсан Хулан, өнөөдөр “Алтан зэгсний ангир”-аа хараад зогсч байгаа Хулан хоёрын хооронд ялгаа бий болов уу?
-Байлгүй яахав. Мэдээж би хөгширсөн /инээв/.
-Уран бүтээлийн хувьд?
-Тэр тал дээр бол нэг их өөрчлөгдөөгүй гэж бодож байна. Яагаад гэхээр яруу найраг, уран зохиолыг ойлгодог ойлголт, мэдэрдэг мэдрэмж минь өөрчлөгдөөгүй учраас миний бичлэгийн хэлбэр өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Хэрвээ өөрчлөгдсөн байгаа бол түүнийг минь шүүмж судлаачид, уншигч мэргэн авхай нар л шүүн тунгаах байх.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар хөтлөн явуулж, Ц.Хулан найрагч хүндтэй зочдодоо өөрийн гарын үсэгтэй номоо дурсган “Алтан зэгсний ангир” номын нээлт эхэлсэн юм. Номын нээлтийн хүндэт зочдоор найрагчийн аав, ээж, номын багш нар, найзууд, дүү нар гээд дандаа утга зохиолд элгэмсүү хүмүүс цугласан байлаа. Их ажлынхаа дундуур номоо гаргахаар шийдсэн найрагчид нэг нутгийн, нэг үеийн найрагч анд нь болох Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргал тусалсан гэх. Тэрээр түүний ажлын өрөөнд нь өдөр шахам очиж “Алтан зэгсний ангир”-ын эх бэлтгэл, шүлгийн сонголт зэргийг нь хийлцсэн байна. Гарын бэлгээ өгцгөөж, мялаалгын шүлгээ өргөцгөөсөн яруу найрагчид дор бүрнээ түүний номыг шимтэн уншиж суухыг харахад Ц.Хулан найрагчийн шүлэг уран бүтээл, тэр дундаа номыг нь уншигч олон ихээхэн хүлээж байсан нь илт. Энэ үеэр Сүхбаатар аймгаасаа энэ л номын нээлтэд оролцохоор зорьж ирсэн яруу найрагч Ай.Төмөр-Очир цугласан олон, Ц.Хулан найрагчид хандан “Монголын их утга зохиолд ганцхан Хулан цахилдаг юм шүү” хэмээн хэлсэн юм. Тэнгэр цэлмэг, нар ээсэн сайхан өдөр болсон номын нээлт өндөрлөх тийшээ хандаж, яруу найрагчид шүлэг найргаа дуудсаны дараахан хурмаст тэнгэр хурын хишгээ хайрлаж ганц нэгхэн бороон дусал хацар норгон унаж эхэлвэй. “Алтан зэгсний ангир” дуугарахыг сонсоход нумарсан солонго дундуур бороон дусал бутаргаж их талыг зүглэн хулангийн унага цахилах шиг тийм нэг сайхан мэдрэмж…
Эх сурвалж: news.mn