“Татар” хамтлагийн дуучин Ч.Жаргалсайхантай ярилцлаа. Тэдний санаачлан өрнүүлж буй “Нөлөөллөөс дээгүүрт” аянд нэгдэж буй залуусын тоо өдгөө 20 мянга орчим болжээ.
-“Татар” хамтлагийн “Нөлөөллөөс дээгүүрт” аян үргэлжилсээр байна. Залууст хандсан хөдөлгөөн өрнүүлэх санаа хэрхэн төрсөн бэ. Хамтлагийн шинэ уран бүтээлээс үүдэлтэй юу?
-Хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд бид таван цомог гаргасан. Тухайлбал 2004 онд “Татар”, 2005 онд “Second”, “Ганцаараа”, 2007 онд “Freedom” цомгоо гаргаж байсны үргэлжлэл нь “Нөлөөллөөс дээгүүрт” цомог юм. Өнөөгийн нийгэмд залуучуудад хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл архи, тамхи, хар тамхины хор хөнөөл байна.
-Нийгэмд хамгийн эрч хүч, үр нөлөөтэй хэсэг бол залуучууд. Тэдэнд залуу хамтлаг дуучид маш их үлгэр дуурайлыг үзүүлдэг?
-Хайран сайхан залуу нас, оюун санаагаа мансууруулж яваа залуучууд алдаагаа ухааран өөрсдийгөө шавар шавхайнаас татаж гаргаасай гэж үнэн сэтгэлээсээ хүссэн. Тиймээс ч нийгэмд бугшиж буй залуусыг доройтуулж байгаа муу бүгдийн эсрэг дуулан эерэгээр нөлөөлөхийг зорьсон.
-“Нөлөөллөөс дээгүүрт” аяны хамгийн гол уриалга архины эсрэг чиглэгдсэн байсан. Үнэхээр ингэж уриалах, ухуулах аргаар тэмцээд бодит үр дүнд хүрч чадах уу?
-Бид залуусынхаа оюун санаа, сэтгэл зүйд уран бүтээл, уриалга хөдөлгөөнөөр нөлөөлөхийг л хүссэн. Түүнээс бус архины эсрэг том хөшөө байгуулах ч гэдэг юм уу, тийм аргаар биш. Огт хэрэглэхээ боль гэж хэлээгүй. Зүй зохистой хэрэглэхийн чухлыг өөрөө өөрсдөө ухамсарлацгааж сайхан амьдралын төлөө муу муухай нөлөөллүүдээс дээгүүрт байцгаая, нэгдэцгээе гэж уриалж байгаа юм.
-Танай хамтлаг “Нөлөөллөөс дээгүүрт” аяныхаа хүрээнд нийслэлийн есөн дүүргээр тойрон аялан тоглолт хийлээ. Залуус та нарыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Үнэхээр сайхан байна аа. Бид хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрөөд тайзаа саначихсан байсан. Энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн аяныхаа хүрээнд бид нийслэлийнхээ олон газраар орж тоглолт хийлээ. Толгойт, Яармаг, Баянхошуу, Шар хад, Нисэх гээд ороогүй газар бараг үлдээгүй байх. Тэр болгонд залуус биднийг сайхан хүлээн авсан. Үнэхээр тийм сайхан хүлээн авч бидний уриалгыг дэмжинэ гэж санаагүй. Манай хамтлагийг очих сургаар залуус гудамж талбайдаа цуглачихсан орилолдоод л. Биднийг тойрон хуйлраад л ёстой л нөгөө кинон дээр гардаг шиг юм болж байсан. Гэхдээ бид тэдний итгэл, урмыг хугалахгүйн тулд илүү ихийг хийж бүтээх ёстой гэсэн урам зоригийг тэндээс олж авсан.
-Та бүхэн цаашид юу хийж бүтээхээр зорьж байна вэ?
-Манай хамтлагийнхан ярилцаж байсан л даа. Бид улам илүү болж хөгжмөөр байна. Бүр дэлхийн хэмжээнд уран бүтээлээ хүргэж чаддаг хүчирхэг хамтлаг баймаар байна. Энэ бол бидний мөрөөдөл, гэхдээ биелэгдэх мөрөөдөл болов уу. Эхний ээлжинд бид “Нөлөөллөөс дээгүүрт” аянаа улам өргөжүүлж 21 аймгаараа тойрон аялан тоглолт хийнэ гэж төлөвлөсөн. Сая тоглолт хийгээд явж байхад найман настай хүүхэд биднийг дагаад гүйж явахыг хараад үнэхээр урам авлаа. Бид зүгээр нэг байдаг л дуунууд дуулдаг гудамжны хамтлаг болмооргүй байна. Манай хамтлагийн ажил ч урагштай явж байгаа. Урлаг уран сайхан ч өмнөхөөсөө илүү хөгжиж байгаа. Тиймээс бид аливаа уран бүтээл, тоглолтоо бүр тултал нь хиймээр байна. Манай хамтлаг өмнө нь Японы шоу бизнесийн салбарынхантай харилцаатай ажилладаг байсан. Одоо тэр харилцаагаа дахин сэргээнэ. Японы дөрвөн хотод тоглолт хийж, цомгоо ч борлуулж байсан. Харин одоо улам илүү байх болно. Үнэхээр боломж нь байдаг юм бол дэлхийн урлагийн зах зээл рүү гарья л даа. PSY дэлхийд гарчихлаа шүү дээ. Солонгос хэл түгээмэл хэл биш. Дууны утгыг нь ч би сайн мэдэхгүй. Гэхдээ л дуунууд нь гоё байна шүү дээ.
-Долдугаар сарын 5-нд хийх, хамтлагийн 10 жилийн ойн тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Энэ тоглолтынхоо ерөнхий найруулгыг манай Заяа өөрөө хийж байгаа. Ерөнхийдөө бид хийж байгаа бүх зүйлээ шатаар ахиулахыг хүсдэг. Энэ удаа ойн тоглолт маань өмнөх бие даасан тоглолтоос мөн илүү байх болно. Арван оны тэртээ байгуулагдаж байсан “Татар” хамтлагийн хоёр дахь том тэсрэлт дөнгөж эхэлж байна.
-Та бүхний дараагийн “зогсоол” хаана вэ, юу хийх вэ?
-Дараагийн “зогсоол” гэх юм бол бид есдүгээр сарыг хүлээж байна. Есдүгээр сард оюутан залуус маань тал талаасаа цуглаад ирэхээр бид тэдэнд шинэ цомгоороо бэлэг барина. Тэр үед одооныхоо үнээс арай илүү өртгөөр борлогдох байх. Одоо бол бид 2000 төгрөгөөр буюу яг үндсэн өртгөөр нь зарж байгаа. Арван жилийн ойн тоглолтыг угтаад бид гишүүнчлэлийн карт гаргасан. Дүүрэг бүрт байрлаж буй манай хамтлагийн фэн клуб дээр бичиг баримттайгаа очиж бүртгүүлээд тоглолтын билет болон “Нөлөөллөөс дээгүүрт” цомгийг маань үндсэн үнээр нь худалдаж авах боломжтой.
-2014 онд бас тоглолт хийхээр төлөвлөсөн гэв үү?
-Тийм ээ. Бидний хэтийн төлөвлөгөөний маань нэг хэсэг болж байгаа юм. Төв цэнгэлдэхэд 50 мянган хүнийг цуглуулж тоглолт хийнэ гэдэг бол тийм ч амар зүйл биш байх. Гэхдээ бид чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Монголд маш цөөхөн хамтлаг Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийсэн шүү дээ. Тэдний тоог “Татар” хамтлаг нэгээр ахиулах болно. Харин одоо долдугаар сард “UB Palace”-ийн Open air-т хийх ойн тоглолтдоо анхаарч эхлээд байна.
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН” сонин