МҮЧЗХ-ны гишүүн, яруу найрагч Магвансүрэнгийн Хүрэлсүх: Монгол даяар дэлхий даяар тархсан гэж хэлж болох Буган хөшөөнүүд Монголын түүхийг өгүүлдэг
Бизнесмэн гэхээр нэг л их зантай, хүн чанар бус мөнгө үнэртсэн, ярвайсан нөхөр байдаг гэж яруу найрагч М.Хүрэлсүхтэй уулзахаасаа өмнө бодож л суулаа. Уулзая аа “Буга шүтээн” чинь чухам юу өгүүлээд байнаа гээд утсаар яритал редакцийн минь жижигхэн хаалгыг зад татах гэсэн нөхөр ороод ирэх юм. Уулзах санал тавихдаа өөрийнхөө оффист за тэдний өдөр тэдэн цагт гээд л томрох болов уу гэж бодож байсан бодлыг минь хөсөр хаян ороод ирэхээр нь өө энэ чинь ховордоод байгаа мужикуудын нэг байж мэдэх нь гэж санаад ширээнийхээ ард суугаад ажил хийсэн дүр эсгээд жаал суулгаж яриа өдлөө. 50 дөхөж яваа Монголдоо тодорхой хэмжээний бизнестэй энэ эрхэм харин ч нэг энгүүн чөлөөтэй суучихаад бөө мөргөл, өвчин зовлон гээд ярихгүй сэдэв бидэнд байсангүй. Илүү үгээр яах вэ. Яруу найрагч гэж өөрийгөө тодорхойлоогүй ч Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн орон зайг гаргасан ном, СД-гээрээ би бизнесмэн ч утга зохиолд хайртай болохоор хийдэг юм хэмээсэн нэгэн эрхэмтэй хэсэгхэн хөөрөлдлөө.
Нас 50 хүрч байна. Саяханаас л “Морин хуур” наадмаас л өөрийн чинь тухай хоёронтоо сонслоо?
- Үнээн үнэн. Миний хувьд би өөрийгөө энэ яруу найрагч зохиолчдын дунд нэг хэсэг нь болох гэж яваа хүн гэж боддог. Саяханаас 2009 оноос л оролдож эхэлсэн дээ. Хүүхэд байхдаа сурагч байхдаа бичсэн ганц хоёр шүлэг байдаг.
- Утга зохиолд нас заадаг бол өөрийг чинь “өвгөрчээ” гэх нээ?
- Магадгүй. Гэхдээ энэ утга зохиол яруу найраг гэдэг зүйл бол агуу үгээр хэлэхийн аргагүй ертөнц. Миний хувьд бие өвдөөд нутгийнхаа уулсанд, рашаанд очих гээд нэг яруу найрагч дагуулаад анх зорьсон юм. Тэгээд Шаргалжуутынхаа рашаанд очлоо. Замдаа нөгөө нөхөртөө нутгийнхаа уул ус, байгалийн тухай сайхан тайлбарлаад миний нутгийг, ээжийг минь нэг мөнхөлсөн уран бүтээл хүссэнээ хэлээд яваа нь тэр. Тэгсэн мань хашир хэдэн өдөр гадуур яваад надад барагтай олддоггүй ээ. Би ч тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг. Элэгний циррозоор өвдчихсөн амьтан амьхандаа нөгөө үхэхээсээ өмнө нутагтаа, ээждээ зориулаад нэг дуу ч гэсэн хийлгэчих санаатай хүн. Тэгээд хэд хонолоо. Нэг өдөр гараад явсан хойно нь цаас аваад хүүхэд насаа дурсан гурван ч юм бичээд тавьчихлаа. Ороод ирэхээр нь үзүүлсэн чинь өөрөө бичсэн нь дээр юм байна. Ганц хоёр үгийн толгой сүүл холбож янзлаад л болно гэж байна. Тэгээд л урам ороод бичиж эхэлсэн дээ.
- Нөгөө мөнгө төлж бичүүлэх гэж байсан хүн өөрөө бичихээр ямар санагдаж байх юм?
- Энэ чинь харин урам өгсөн шүү. Нөгөө найрагч маань засаад янзлаад өгөхөөр нь харсан чинь минийх биш тэр хүнийх болчихсон юм шиг санагдсан. Тэгээд ер нь өөрийнхөөрөө байсан нь дээр гээд хүн хартай уулзсан харин ч дэмжээд дуу болсон доо.
- Морин хуурыг 4 жилийн хугацаанд хоёронтоо “эзэгнэлээ”?
- Миний сайных ч юу байх вэ. Гэхдээ бас байсан л байлгүй. Шүлгэнд маань ая хийсэн, дуулсан дуучид Морин хуур гэдэг эрхэм шагналыг хоёр уда хүртсэнд баяртай л явдаг.
- Ямар ямар дуунууд билээ?
- 2011 оны Морин хуур наадмын тэргүүн шагнналыг “Хурмастын дууч шувуу”, 2012 онд төрийн соёрхолт Б.Шарав гуайн ая данг нь хийсэн “Аминаас үнэтэй Монгол газар шороо“ хоёр маань юм даа.
- “Нармай Монгол“ гээд ном, “Зөн совин ивээж байна” гээд хос дууны СД гаргасан байхаа?
- Анх шүлэг тэрлээд өөрөөсөө ичихгүй нэг тийм зүйл гаргасаан. Хүмүүс уншаад бас сонсоод их урам зориг өгсөн. Дан.Нямаа ах маань сайхан оны зааг дээр бурхан болсон Сангидорж ах минь их л урам өгч бүтээлийг минь таниулахад тус болсон. Харин одоо “Буга шүтээн” гэж СД, DVD хосолсон зохиолын дууны хос цомог, Монголчуудын эртнээс хаа явсан газраа нутагшсан буйрандаа Монголын их газар шороон дээр мөнхлөн үлдээсэн буган хөшөө дурсгалуудаар нэрийдсэн “Буга шүтээн” найргийн номоо гаргаж байна.
- Ер нь сонсоод уншаад байх нээ Монгол тэр аяараа үнэртсэн уран бүтээл, нэр нь хүртэл эх орон гэсэн сэтгэлгээ байна?
- Тиймээ Монгол хүн Монгол шүтээнээ хайрлахгүй, Монгол газар шороогоо өмгөөлөхгүй, Монгол бүсгүйчүүлээ өмөөрөхгүй бол болохоо больсон цаг. Тиймээс ч үндэсний үзэл гэж үзэх нэгэн байхад үзэхгүй нэгэн байдаг ч энэ л уудам Монголын тэнгэр дор төрсөн бүхэн эх нутгийнхаа тухай бусад зүйлсийн тухай дуугарахгүй байж болохгүй.
- Дөрөвхөн жилийн дотор хоёр ном, хоёр дууны СД гэхээр зарим нь энэ бизнесмэн юм чинь аргагүй л гэж харах байх?
- Тэгдэг тал байдаг. Гэхдээ миний хувийн бизнес ганцхан миний уран бүтээлийг бус Монголоо гэсэн утга зохиолын ертөнцийнхнийг, урлагийнхныг дэмжиж тусладаг. Магадгүй би нилээн дээрээс уран бүтээл туурвиад яваад байсан бол онгорхой шүдтэй хар царайтай нэгэн гэж адлагдаад л явах байсан. Тэр чинь тийм биш. Уран бүтээлч хүн ууж идэж болно. Харин тэр бүхнийг нь ойлгох ард түмэн сонсогч байх хэрэгтэй. Өөртөө нэг зүйл дээр баярлаж явдаг юм. Бизнес хийж явсандаа, хийж байгаа даа. Уран бүтээлчийн яруу нарйагчийн, зохиолчын зовлонг би ойлгоно. Ганц хоёр юмны таг мултлалгүй яах вэ. Тэр хүнээс чинь төрсөн хүүхэд шиг нь төрсөн уран бүтээл гарч байна. Тэр нь ард түмэнд хүрч байна. Баярлаад ууна. Би ч гэсэн амьдрал дээр ялгаагүй. Нэг том бизнес царай гаргачихаад явдаггүй. Гэхдээ миний ажлын өрөөнд хэзээ ч бизнесийн түншүүд маань ямар ч баяр тохиосон бай архи ууж байгаагүй. Би ч уулгаагүй. Харин нэг зүйлийг л ойлгосон. Уран бүтээлч уран бүтээлээ өлгийдөн авахаараа хэрхэн их баярладагийг, хөөрдөгийг. Яг үнэндээ ажлынхаа өрөөнд архи уухыг хорьдог хэдий ч шинэ уран бүтээл төрөхөөр уухгүй байж чаддаггүй л юм билээ. Тиймээс зохиолч, яруу найрагч нөхдийнхөө тухай тэдний сэтгэлийн хөөрлийг бага ч гэсэн мэднэ гэж боддог.
- Буга шүтээн гэж нэрийдлээ. Ямар утга учиртай үг вэ?
- Миний монголын эртний дурсгалууд дотор Бугын хөшөө томоохон байр суурь эзэлдэг. Тэгээд ч Монголчууд бид Бөртэ чоно, Гоо маралын удам гэдгээрээ бахархдаг. Монголын уудам газар нутаг дээр аймаг бүхэнд сум бүрт бүр цаашлаад Их Монгол улсын эзэгнэж явсан газар нутгуудад Монгол гэсэн нэрийг дуурсган буган хөшөөнүүд олноор байгаа. Энэ л Буган хөшөө дурсгал, хөх тэнгэр хоёртоо шүтэж залбирч явах нь миний ч хувьд Монголын ард түмний ч хувьд асар их нөлөөтэй. Тэгээд л Дан. Нямаа ах ч зөвлөсөн би ч бодсон. Буга шүтээн гэж нэрийдсэн
- Шүлэг, яруу найраг гэж энэ тансаг юу ч гэх юм дээ, агуу зүйлийг туурвихад нэрийг нь эхлээд өгдөг үү, аль эсвэл биччихээд нэр хайрладаг уу?
- Ер нь бол биччихээд нэрийг нь дотроос нь хайдаг даа.
- Өөрөө сэтгэл судлаач хүн мэргэжлийн ажлаа хийлгүй бизнес хөөгөөд, одоо яруу найраг “элдээд” байна уу?
- Би Эрхүүд сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн ажил ганц хоёр жил хийсээн. Тэгээд л бусдын адил тэр үеийнхээр ганзаагын наймаачин, одоо бол бизнесмэн. Харин мэргэжил маань цэргийн амьдрал маань уран бүтээл туурвихад нөлөөлдөг.
- Цэргийн амьдрал гэснээс хэдэн жил алба хаав?
- Гурван жилийн сүүлчийнх гэж хэлж болно. Ер нь цэрэгт алба хаана гэдэг эр хүнд тэвчээр хатуужил суулгадаг эр хүн цэргийн алба хаах л хэрэгтэй
- Боловсролын салбарын хүн гэж хэлж болох байх? Хүүхдийн төлөө уран бүтээлээ хэр зориулж байна?
- Нилээд хэдэн зүйл бичсэн. Зарим нь олонд хүрсэн. Морины тухай гэхэд л нэг дуу хийсэн. Тэр дууг хүүхдүүд сонсоод дуулаад адуу ямар зүстэй. Ямар гишгэдэлтэй гэдгийг мэдэж авахаар уран бүтээл болсон болов уу гэж боддог
- Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье
Хэнэггүй Монгол эр хүн гэхээр зарим нь юу гээд гайхах. Өрөөндөө архи сөгнөхдөө бизнес бус яруу найргийн баланд л хөлчүүрхдэг энэ эрхэм тун удахгүй “Буга шүтээн”-ээ олондоо өргөн барьж байна. Ердөө л нөгөөдөр. Харин “Буга шүтээн” дээ хэрхэн залбирч байгаа талаар эргээд яруу найрагч, МҮЧЗЭХ-ны гишүүн Хүрэлсүхтэй уулзана гэдгээ амлачихая