Тэгвэл түүний өмссөн тэр гоёмсог даашинзыг урласан дизайнер Д.Энхмаа “Хатан хаан” загварын товчоогоо “Маршал таун” хотхонд өнгөрсөн амралтын өдөр нээлээ. Тэрбээр дизайнер Г.Золцэцэгтэй хамтран гуравдугаар сард зохион байгуулсан “Smooth white” загварын шоуныхаа үеэр “Хатад” коллекцоо танилцуулахад чимээгүй суусан үзэгчид дуу алдаж, утасныхаа камераар бичлэг хийн, алгаа хорстол ташиж байсан.
Д.Энхмаа “Эмэгтэй хүн зоригтой, эрч хүчтэй, хатан хаан шиг л амьдрах ёстой” хэмээн коллекцоо тайлбарлаж байсан бол өдгөө загварын ертөнцийн хатан нь болохоор шийдсэн бололтой.
Зөөлөн суудал, цэлийсэн том танхим тэр чигтээ цагаан аж. Биеэ хаа наас нь ч харж болохоор том толинууд, “Хатад” коллекцийн загварыг өмсүүлсэн манекенүүд, шилэн хоргон дахь чулуун зүүлт, хөөрөгнүүд танхимыг чимжээ. Дизайнер бүсгүй уг үнэт эдлэлүүдийн загвараа өөрөө гаргаж, БНСУ-д хийлгэдэг гэнэ.
Түүний загварын нүүр царай “Киви”- гийн Ука болон хийлч О.Байгаль, жааз дуучин Н.Наранбаатар, Азийн топ модель Г.Оюун гэрэл, Нора тэргүүтэй урлаг соёл, загварынхан нээлтийн ёслолд зочилжээ. Энэ үеэр Д.Энхмаа шинэхэн загвараа танилцуулав. “Амьдралаас хол, энгийн хүн өмсөхөд тохиромжгүй хувцас бүтээдэг зарим дизайнераас түүний бүтээл ондоо юм. Тансаг байдал, чанар үнэртсэн загварууд нь дэгжин хийгээд орчин үеийн юм аа” гэж бүсгүйчүүд шивэр авир хийв.
Зургаан настайгаасаа л загвар зохион бүтээгч болохоор шийдэж, “Үнсгэлжин” зэрэг олон тэмцээнд оролцож байсан тэрбээр АНУ ын “The art institute of Hollywood” сургуулийг төгссөн бөгөөд рок попынхны загварын зөвлөгч гэсэн. Д.Энхмаатай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Та үйлчлүүлэгчдэдээ юу амлах вэ?
-Хамгийн түрүүнд чанар. Бас боломжийн үнэ амлаж байна. Манайд хувцас захиалбал би загвараа зохиогоод БНСУ-аас материалаа авч, тэнд нь хийлгэх юм.
-“Киви” хамтлагийн Укаг загварын нүүр царайгаараа сонгож байсан. Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Жилд хоёр удаа загварын шоу хийхээр төлөвлөж байна. Укагийн бүх уран бүтээл дээр хамтран ажиллаж, стиль имижийг нь тодорхойлно.
-Та бусад дизайнераас юугаараа онцлог бол?
-Тэднээс илүү гэж өөрийгөө магтаж, миний онцлог ийм, тийм гэж хэлмээргүй байна. Би Монголын загварын ертөнцөд өөрийн орон зай, байр суурийг бий болгохоор хичээж яваа нэгэн.
-Г.Золцэцэг, С.Ариунаа зэрэг дизайнер гаднын загварын долоо хоногуудад оролцох болсон. Та оролцох уу?
-Би АНУ-д суралцаж байхдаа том жижиг загварын олон шоунд оролцож байсан. Ерөнхийдөө ямар байдаг вэ гэдгийг нь мэднэ. Гадаадад биш, Монголдоо загвараа зохиож, эндээ шинэ өнгө нэмж, монголчуудтайгаа ажиллахыг хүсэж байна.
Б.Дөлгөөн