Дуучин Ану уран бүтээлийн ажилдаа шаргуу оржээ, Шинэ клип, цомог, тоглолт хийх гээд олон төлөвлөгөө түүнд бий аж.
-Өглөөний мэнд Ану, Бээжингээс ирээд шинэ клипнийхээ ажилд орсон гэж сонслоо?
-Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Тийм ээ, би энэ сарын 1-нд сургуулиа төгсөөд бүр ирсэн. Одоо Монголдоо суурин байна. Эндээс явахдаа “Grove” студитэй хамтран “Супер кар” дууныхаа зураг авалтны 70 хувийг хийчихээд явсан. Бээжинд байхдаа тэнд хувийн студи ажиллуулдаг монгол залуустай хамтран клипний зарим зургаа хийсэн. Удахгүй клипээ бэлэн болгож цацах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Энэ удаагийн клипнээс Анугийн ямар дүр төрхийг олж харах бол?
-Өмнөх клипнүүдийг бодвол илуү тачаангуй дүр төрхийг бүрдүүлсэн. Манайхан шинэ, соргог зүйл хүлээж авахдаа их удаан юм шиг санагддаг. Бас их цочмог хүлээж авдаг. “Супер кар” дууны клипийг үзээд битгий цочирдоосой гэж хүсч байна.
-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах вэ?
-Миний хувьд уран бүтээлдээ эргэн орсон. Уран бүтээлчдийн хувьд зургаа, долдугаар сарыг унтаа сар гэж нэрлэдэг. Би наймдугаар сараас эхлэн шинэ клип, цомог, тоглолтын ажилдаа идэвхтэй орохоор төлөвлөөд байна. Одоо бэлтгэл ажлаа хийж байгаа. Уран бүтээлээсээ завсарлага аваад сурч байхдаа Бээжингийн шоу бизнесийн салбарыг нэлээд судалсан. Тэнд болсон олон ч дэлхийн оддын тоглолтыг үзэж судалгаа хийлээ. Одоо судалж мэдсэн санаагаа шинэ уран бутээлдээ ашиглаж олон шинэ зуйлийг туршихаар бэлтгэж байгаа.
-Шинэ цомогг ямар стилийн дуунууд багтаж байгаа вэ?
-Одоогоор цомгийн нэр, хэдэн дуутай, фэнүүддээ хэзээ хүргэх зэрэг мэдээллийг нууцалж байна. Ихэвчлэн электро стилийн дуу багтсан. Энэ цомгоо бэлэн болохоор нь “Му АВС” цомогтойгоо давхар худалдаанд гаргах болно.
-Тоглолтоо хэзээ хийхээр төлөвлөж байна?
-Эхлээд шинэ цомгоо гаргана. Үүний дараа л тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Миний хувьд “Гала” хамтлагаас хойш бие даасан хоёр тоглолт хийсэн. Бээжинд хэсэг хугацаанд сурч уран бүтээлээсээ түр холдсон. Тиймээс одоо тоглолт хийх цаг нь болсон гэж бодож байна.
-Ямар продакшнтай хамтран ажиллах вэ?
-”On’n&off” продакшн өмнө нь олон хамтлаг, дуучдын тоглолтыг зохион байгуулсан туршлагатай. Тиймээс тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар тус продакшн ажиллах байх. Миний хувьд тоглолтоо шинэлэг зүилээр дүүрэн байлгахын тулд олон зуйл бодож, төлөвлөж байна. Наад зах нь гэрэл, тайзны засалтаа онцгой, содон байлгахыг хүсч байна. Тиймээс Хятадын хилийн боомт болох Гуанжу руу явж гэрэл, тайз, дэлгэц гээд өмнө нь тэр бүр ашиглаж байгаагүй олон зүйлийг тоглолтдоо ашиглах зориулалтаар авч ирэхээр болсон.
Б.МАРАЛ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: /Зууны мэдээ сонин/