Хэн ч харсан нүдэнд дулаахан бор залуу хаа нэгтээ таарах. Тэрбээр таарах болгондоо л ямар нэгэн зүйлд яарсан эсвэл ирээдүй рүү тэмүүлсэн мэт хурдан хурдан алхаж яваа харагддаг. Энэ хүн бол өнөө цагийн кино урлагийн нэгэн тулгуур болж буй жүжигчин О. Гэрэлсүх билээ. Ингээд түүнтэй уулзаж уран бүтээлийн сониноос сонссоноо уншигч тантай хуваалцъя.
-”Ганцхан оноо” энэ үг их анхаарал татлаа. Эндээс таны шинэ уран бүтээлийн тухай ярианд шилжих үү?
– Ер нь хүн аливаад ганцхан оноогоор дутах асуудалтай их тулгардаг. “Ганцхан оноо” нэртэй уран сайхны киног бид жил гаруйн хугацаанд Японы киночидтой хамтран бүтээлээ. Уг киноны онцлог гэвэл Монголд анх удаа багийн спортын тухай үйл явдалтай кино бүтээгдэж байгаа юм. Мэдээж бөх, сур, морь гэх мэт
эрийн гурван наадмын тухай сайхан кино урьд өмнө нь олон гарсан. Бусад спортын тухай өгүүлсэн кино манайд өнөө хүртэл бүтээгдэж байгаагүйюм билээ. Тиймээс “Ганцхан оноо” бол спортын болон кино урлагийн ертөнцөд томоохон хувь нэмэр оруулсан бүтээл юм.
– Манайхан сүүлийн үед багийн спортыг сонирхох болсон. Яагаад сагс, хөлбөмбөг биш заавал бейсболыг сонгох болсон юм бэ?
-Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр кино бүтээх санхүү ямар байгаа билээ. Иймд бид киноныхоо санаанаас гадна хөрөнгөө бодох ёстой. Энэ киног бүтээгчид болон төсөл маань бэйсболыг дэмжсэн, сонирхсон хүмүүс. Бидний гол зорилго бол олон улсын кино наадамд өрсөлдөхүйц чанар чансаатай кино бүтээх. Би өмнө нь Герман,Австри, Англи Солонгос зэрэг орны уран бүтээлчидтэй хамтарсан олон кинонд продюсероор ажиллаж байсан. Тиймээс тодорхой туршлага хуримтлуулсан гэж бодож байгаа. Яагаад Японуудтай хамтрах болсон бэ гэвэл түүх талаасаа их ойр байсан. Нөгөө талаараа бейсболын спортод дөрвөн жил дасгалжуулагч хийсэн япон хүн ном бичээд “Монголын бейсболын тэмдэглэл” нэртэй гаргасан нь хамгийн их борлогдсон спортын ном болсон. 2013 онд кино
маань мэргэжлийн бейсболын хамгийн үзүүштэй киноны нэг болж чадлаа. Бейсбол нь Японд хамгийн олон тамирчинтай сумогоос олон үзэгчтэй спорт. Өнөөдөр гудамжинд алхаж байгаа залуусын алхаа гишгээ нь хүртэл зөв, тэгш байж чадахгүй байна шүү дээ. Өндөрхөн уулын оргилд хүрч чадахгүй амьсгаадаад шантардаг болчихсон байна. Жаахан хүч гаргахаар ухаан алдаж унаад өгдөг сульдаа болчихож. Бидний үед чи ямар спортоор хичээллэдэг вэ гэхээр ямар нэгэн спортын төрөл хэлдэг байсан. Зөвхөн бейсболдоо биш спортыг олонд түгээмээр байна. Ер нь ямар ч спортын төрлөөр кино хийж болно. Монголын бейсболын холбоо кино хийе гэсэн санал гаргаад хоёр жил гаруй болсон ч бүтээж чадаагүй юм билээ. Тэгээд продюсер нь намайг сонгож холбоо барьсан. Ингээд л монголын багийг бүрдүүлээд киночидтойгоо ярьж байгаад гэрээ хийгээд уран бүтээл маань эхэлсэн.
-Таныг монголын анхны Ромео ч гэдэг. Жүжигчнээс өөр мэргэжил эзэмшсэн гэж сонссон юм байна?
-Би СУИС-д жүжигчнээр төгссөн. Дараа нь Германд театрын шинжлэх ухаан, аялал жуулчлалын мэргэжлээр сурсан. Миний гурав дахь сургууль бол кино. Би сурч боловсрох хэрэгтэй. Ингэж байж л сайн жүжигчин, сайн найруулагч болно шүү дээ. Бас Солонгост кино найруулагчаар сурсан.
;-Хувийн амьдрал,уран бүтээлээ зааглаж байх нь уран бүтээлч хүний хувьд зайлшгүй байх ёстой зүйл юм болов уу гэж би боддог. Энэ талаар таны байр суурь?
-Би уран бүтээлээ хувийн амьдралтайгаа холих дургүй.Би хувийн амьдралаа олон нийтэд дэлгэх дургүй. Миний амьдрал эгэл хийгээд аз жаргалтай л байх ёстой. Би нэг кинонд тоглочихоод тэрдүрээрээ өөрийнхөө амьдралд хандаад байвал утгаггүй биз дээ. Нөгөө талаар цахим ертөнцөөр хүмүүс хэн нэгэн сонирхсон хүнийхээ хувийн амьдралыг гадарлаж болдог цаг шүү дээ. Хүн бүхэн жаргалтай байхыг хүсдэг. Тиймээс миний амьдрал надад л жаргал байх нь чухал.
-“Ганцхан оноо”-г хүмүүс одоо үзэж байгаа болохоор янз бүрийн л санаа шийдэл хэлж байгаа байх. Энэ талаар таны бодол?
-Хүн бүхэн өөр өөрийнхөө дүгнэлтийг хийж байгаа нь тодорхой. Гэхдээ энэ кино тэгтэл их муу хэл ам дагуулахгүй байгаа. Учир нь бид цэвэр уран бүтээл талаасаа хандсан болохоор л тэр.
-Урлагийн салбарт та хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 1995 онд сургуулиа төгссөн. Урлагийн салбарт 26 жил болж байна. Сүүлийн үед монголын кино урлаг хөгжиж байна. Кино зохиолч найруулагч нь маш богино хугацаанд монголынхоо байр байдлыг тусгаж бүтээл гаргаж чадаж байна. Энэ бол том амжилт. Бас чадвар. Бидний хийсэн бүтээл гадаадад гарч, алдаршиж чадахгүй байна гэх хэл амнаас ерөөсөө санаа зовох хэрэггүй. Бидний үзэж байгаа киног гадаадынхан үзэхгүй нь ойлгомжтой.
-“Ларьдма”-д чамгүй сайн дүр бүтээсэн. Дараахан нь спортын кинонд тоглоход хэр хэцүү байв?
-Ер нь жүжигчин, найруулагч хүн амьдралын асар их туршлагатай байх хэрэгтэй. “Ларьдма”-д тоглосон жүжигчид асар их үзэгчдийн таашаалыг хүлээж байна. Энэ бүхний ард юу байна вэ гэвэл Навчаа, Пүүжээ гэх жүжигчид амьдралыг таньж мэдсэнд л байгаа юм. Түүнээс гадна тэд өнөө цагийн кино урлагийг үүрч яваа чадвартай жүжигчид.
-Хүүхэд ахуйдаа “Амьдралын нахиа”-д тоглосон дүрийг чинь санаж байна. Тухайн үед монголын хүүхдийн ордондбайсан уу?
-Монголын пионерийн ордонд Даваахүү багшийн ангид байсан. Драмын театрын найруулагч Наранбаатар, Аглуу, Дооёо, драмын Урнаа гээд бид чинь нэг үе шүү дээ.
-Олон хүмүүстэй олон кинонд тоглосон. Сүүлийн үеийнхээс нь дурьдвал “Гэр”, “Ларьдма”,” Ганцхан оноо” гэх мэт. Жүжигчин байсан нь дээр үү, кино продюсер байх нь дээр үү?
;-Би 2008 онд Солонгост найруулагч мэргэжил эзэмшсэн гэж дээр хэлж байсан шүү дээ. Продюсерийн ажил хүнд харагддаггүй ажил юм. Кинонд тоглох бол өөрийн тохирсон дүрээ олох нь чухал юм. Миний хувьд жүжигчнээ л сонгоно доо
-Сүүлийн үеийн дүрүүдийг чинь хүмүүс хэрхэн хүлээж авч байх шиг байна?
-Сүүлд “Ларьдма”-д тоглочихсон чинь нөгөө “Гэр”-ийн сайн аав бараг байхгүй болсон шүү. /инээв/ Манай үзэгчид их ухаалаг, юмыг хүлээж авах талдаа сайн. Тийм болохоор нөгөө сайн аав маань гэнэтхэн гэр бүлийн хүчирхийлэгч, хартай нөхөр болоод ирэхээр шууд л шүүмжилсэн.
-Олонд хүрсэн кино болж гэж дүгнэж болох нь ээ?
-Гудамжинд хүмүүс хараад байгаа нь өөрт мэдрэгдэхээр эхэндээ ч жаахан эвгүй л байлаа. Өнөөгийн нийгмийн архидалт, хардалт гэсэн гэр бүлийн байнгын маргаан шүү дээ.
;-Эргээд киноныхоо тухай ярилцъя. “Ганцхан оноо” бүтсэн түүх?
Киноны гол үйл явдал нь Монголын боксын дасгалжуулагч Х.Магван, волейболын нэрт тамирчин Ц.Түмэндэлгэр, бэйсболын япон дасгалжуулагч Сэкинэ Макото, түүний хайрт гэргий Я.Солонго нарын бодит амьдрал, хайр дурлал, бэйсболын спортыг хэрхэн үүсгэн хөгжүүлсэн тухай өгүүлдэг. Дашрамд дурьдахад уг киног Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан бүтээсэн. Зургадугаар сарын 15-нд Японы Токио хотноо болсон “Багшаа” буюу “Ганцхан оноо” киноны албан ёсны дэлхийн нээлтэд МБҮХ- ны хүндэт ерөнхийлөгч Хакухо М.Даваажаргал оролцож, цаашид уг киног дэмжиж зар сурталчилгааны нүүр царай, элч төлөөлөгчөөр ажиллахаар болсон. Мөн удахгүй Японд болох өсвөр насны бэйсболын зөөлөн бөмбөгийн тэмцээнд оролцох монголын тамирчдын багийн нэрийг “Хакухо” хэмээн нэрийдэхээр болсон.
Эх сурвалж: Unen.mn