Бахархмаар ч юм шиг. Тэнгэрийн зурагтаар миний тухай гарч байна. Гяндангийн хаалга хахиран нээгдэх үед “ Одоо л намайг дуудах нь.” хэмээн зүрх рүү ёгхийн хатгадаг цаазын ялтны тухай шүү. Очиж очиж үхлийн ялтай над шиг амьтны тухай тэнгэрийн зурагтаар гараад байхдаа ч яахав дээ.
Зурагтаар гарах гэснээс нээрээ би гэдэг адгийн амьтан ухаан санаа нь дандаа хожуу шүү. Үгүй ядаж товч мовчхон олж залгиад бөөлжөөд нэг үздэг байж. Од болох ч нээрээ өрөвдмөөр амархан цаг болж дээ. Хувилгаанаар огиж, нүх сүв болгоноос нь эгээтэй л эрдэнийн чулуу гарсан гээгүй байгаа даа. Нэг иймэрхүү кока кола шиг дэврүү мэдээ цацаад сууж байдаг газрын зурагтаар ч гараагүй байхад тэнгэрийн зурагтаар гарчихлаа гэж…
Шоронгийн ялтан
Виз, тийз, хууль журам гээд дуртай улс руугаа явж болохгүй хөлдөө чөдөртэй, такс, лизинг, татвар өр гээд хүссэн бүхнээ авч чадахгүй гартаа гавтай шоронгийн ялтны юм бүхэн хэмжээтэй, хугацаатай. Зүгээр хайрлаж ч болохгүй гэм болдог зөрүү энэ хорвоод юм бүхэн хязгаартай. Баярлах гуних минь, уйлах инээх минь, тарьж цуглуулах минь, хайрлах үзэн ядах минь, олох үрэх минь хэнд ч захирагдахгүй хугацаатай. Эцэст нь эхлэл болоод төгсгөлийн эрх мэдэл мөн л Тэнгэрээс хараат. Санаснаар нэг ч болохгүй энэ жижигхэн од дээр гэрлийн хурдаар бодол минь хөвөрч, бодлын хурдаар сэтгэл минь тэмүүлэвч, даарах халууцахыг л мэдэрдэг энэ л биеийнхээ хурдаар “урагш алхана.” Урагш ч гэж дээ яг үнэндээ хөлсөө урсган олсон бүхэн минь цаазын тавцан өөд төвөг багатай чимээгүйхэн дөхөхөд минь л тусалсаар “гяндангийн хаалга” хэзээ нээгдэж нэрээр минь намайг дуудах цагийг л хүлээж суудаг би шоронгийн ялтан…
Шоронгийн атмаан
Хуягийн харцан дор байдаг мөртлөө би их овгор оо. Халаас минь барагтай бол хоосрохгүй. Бас ч үгүй цэцгийн дайтай гоёчихно. Өглөө бүр ажилдаа яарч, орой бүхэн гэрлүүгээ яарсан хэрдээ л жаргалтай хоригдол. Театрт сардаа нэг жүжиг үзэн, рашаанд зундаа нэг гам хийчихнэ. Болоогүй ээ тэгээд нарнаас салхинаас харшдаггүй юм шиг хөдөөгөөр нэг зугаална. Нүд хөмсөг, эд эрхтэн бүхнээ зүсүүлж оёулж, биеийнхээ бүхий л хэсгийг мэсээр урладаг болсон өнгөний мөнгөний барбинуудад атаархдаггүй бас их зөвт гэж байгаа. 570 унасан харчуулын харцнаас зугтаж, бриллиант шигтгэсэн энгэрийн зүүлтийг ажирдаггүйм байж нууж унагасан нулимсан сондрыг олоод харчихдаг өр нимгэн гэмт хэрэгтэн. Хүйт даасан төмөр хана, хэрж мушгисан торон хашаа, цадахтай үгүйтэй төмөр аягатай хоол гээд шронгийн юм бүхэндээ талархах тэвчээр бас бий цаадхад чинь. Үхэхээс өөр төгсгөлгүй энэ газрын ялын гүйцэтгэгч хэзээ намайг дуудахыг мэдэхгүй хэрнээ би их атмаан аа…
Шоронгийн хуяг
Пээ, миний энэ шоронгийн хуягийн хатууг яана. Харин ч нэг харгис даа. Тэгээд ганцхан харгалзагч байдаг бол бас яахав гэхсэн. Ав адилхан агаараар амьсгалж, ив ижилхэн “ бие засдаг” хүмүүн байтал улсаас улс руу зорчино гэдэг ёстой наян даваатай. Гэрээ хэлцэл, хэл ус, хил гааль… үгүй ер амар юм биш. За ийм хуягийг ч бас яахав. Бэлтэй атмаанууд аргалж орхидог. Гэхдээ энийг аргаллаа гэж ямар хэрэг байх вэ дээ. Бусад нь ямар найраа байх биш. Авилга өгөөд ч нэмэргүй хуягийн ааш их хэцүү. Нар хураар дэлэгнэж байгаагүй юм шиг гэнэт л цас шороогоор тургиад эхэлдэг зэвүүн зэвүүн харгалзагч бий, бий. Нартайд зөөлөн мэгшүүлж надаар дурлуулчаад, шархалсан сэтгэлээ яая гэж байхад зэрэглээ мэт алга болдог солонго мэт авиртай шоронгийн даргын охины аалийг яалтай. Гэхдээ би гэдэг амьтан бас гүтийнэ ш тээ. Салхи нар бороо цасаар наадаж байдаг захирагчийг бол аргалах гээд л үзнэ. Өвөлдөө дулаалж, зундаа нимгэлж, хавартаа тариалж, намартаа нөөцөлнө. Гэсэн хэдий ч буцах цаг нь болоогүй бол дахиад л хуягийн араншинд тааруулж хувирна. Салхины араас хөөцөлдөж байгаа мэт энэ хорих лагерийн тоглоом үүгээр дуусахгүй ээ. Тув тунгалаг харцанд минь хөх хүрээ татаж, цовоо хонгор инээд минь сааралтаад ирэхийн цагт эрхэсийн аашны өнгө нүдэн дээр минь намайг хувцаслана. Өвөлдөө тургидаг цас тэргүүн дээр минь мөнхөлж, хавардаа гялайлгадаг хур нь нүдний минь аяганд тогтож, нүдээ халаасалж, шүдээ аяганд хадгалах хувь тавилангаар намайг чимээгүйхэн “гангалж” эхэлдэг цаг хугацаа нэртэй хуягийн илдэн дор хэн ч бөхийнө. Аргалж болдоггүй харгалзагч олонтой энэ миний л шорон…
Шоронгийн хувцас
Хар, шар, цагаан материалаар урласан, таван тивийн нүгэлтний өмсгөл нь янз янз аа. Гэвч дотор нь адилхан л гомддог баярладаг сэтгэл гэгч амин сүнс оршино. Азийн цээжинд ханхайх Монгол хэмээх заяатны шар өмсгөл өмсч ирэхдээ харин би уйлж ирсэн. Тэгтэл намайг уйлж байхад ээж минь инээмсэглэсэн цорын ганц агшинг мөнхөлж төрсөн өдөр гэж мартхааргүй оноосон нэрээр энд намайг бүртгэсэн. Ингээд л би гэдэг хүн хорих газрын энэ нэмнээгээ тайлах өдрийг хүртэл “атмаанаа хийгээд л” явж байна. Хувцас л юм хойно элэгдэж байгаа байхоо. Ийгээс “Монгол дээл” юм байна энэ газрын хуягийн араншинг арай илүү тэсвэрлэнэ гэдэгт харин ч нэг итгэж байгаа шүү. За тэгээд их өрөвдмөөр өө. Харгалзагч болгоны аягийг арай гэж аргалж ирсэн шоронгийн эдгээр хувцсаа цувраад тайлж эхэлнэ. Баян ядуу, мөнгө төгрөг, овгор атмааныг ялгалгүй илдэн дороо хянаж байдаг хуягийн сэлэм гялс гэхэд л дураараа өмсөөгүй “нүглийн гивлүүрээ” тайлаад шидчихнэ. Шоронгийн хувцсыг шорон дотор нь л тайлж орхилгүй өөр хаана тайлах билээ дээ. Түүнийг нь мэдэхгүй үдэгсэд ихээр гашуудна. Харин махан бие хэмээх хувцас өмсөн дэлхий хэмээх хоргодох хотод ирсэн томилолтын хугацаа дуусч нүцгэн буцна. Гэхдээ ирсэн шигээ уйлж биш дуугүйхэн явцгаана…
Хурмастын мэдээ
Хар, цагаан, шар мэдээгээр жиргэж байдаг газрын зурагтаар биш эрхэсийн зурагтаар гарсан миний тухай хөрөг нэвтрүүлэг нэг иймэрхүү. Энэ нэвтрүүлгийг үзээд би “ялтан” болохоо ухаарч “оддын өвчин” тусчихаагүй бүрэгхэн энэхэн амьдралдаа талархаж эхэллээ. Өчиггүйгээр буудчихаж болох байсан нүгэлтний төлөө дэлхий гарагийг бүтээж хүлээж ирсэнд нь өөрийгөө улам бүр даруу болгож гэмт хэрэгтний энэхүү хувцсыг удаан өмсөх гэж тэмцэлгүй хурдхан тайлахыг хичээх минь.
Нүд гялбуулам эрхэсийн ертөнцөд хязгааргүй эрх чөлөөгөөр дүүлэн нисэх амин оршихуйг минь таниулсан үүлэн цэнхэр мэдээгээ өндөрлөе.
Ч. Өлзийням