Залуусын дунд “Хэлж чадсангүй”, “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” зэрэг дуугаараа танил болсон Поп дуучин Боботой сүүлийн үед хийж байгаа шинэ уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар хэсэгхэн хөөрөлдлөө. Одоо тэрээр өөрийн бие даасан гурав дахь цомгийнхоо ажилд ороод байгаа юм билээ. Ингээд урлаг хийж эхлээд цөөнгүй жил болж байгаа дуучин Бобогийн ертөнцөөр хэсэгхэн аялцгаая.
-За дуучин Бобо сүүлийн үед ямар уран бүтээл хийгээд, хаагуур яваад байна даа?
-Өнгөрсөн хавраас гурав дахь цомгийнхоо ажилд орсон. Одоо дуусах шатандаа явж байгаа. Уг цомогтоо 60-80-аад оны дуунуудыг аркустик, банзан гитартай дуулж гаргаж байгаа. Энэхүү цомог маань “Бобо гэж хэн бэ?” гэдгийг харуулах хэмжээний өвөрмөц, шинэлэг хийцтэй болж байгаа. Цомгийнхоо хамгийн эхний дуу болох “Үүрд хамт байгаа ч ээжээ” дууг клипжүүлж үзэгч түмэндээ хүргэсэн, араас нь манайханд ардын дуу болтлоо аманд аялагдсан “Ээжээ дурсана” дууг дуучин Э.Төрмандахтай хамтарч дуулаад, клипийг нь хийсэн тун удахгүй сонсогчиддоо хүргэнэ. Мөн “З бүдүүн” хамтлагтай бас нэгэн дуу хийсэн байгаа, BX-тэй хамтарч дуу хийхээр ярьсан байгаа. Гэх мэтчилэн өөрийнхөө үеийн дуучидтай хамтарч дуулсан, 9 дуутай цомог гаргаж байна. Саяхан Хөх хотод очиж бие даасан тоглолтоо хоёр өдөр хийгээд ирсэн. 21 аймагаа хоёр ч удаа тойрон аялан тоглолт хийлээ. Улаанбаатар хотод бие даасан тоглолтоо хийж амжаагүй байгаа, тоглолтоо ч хийх гэж яарахгүй байгаа.
-Сүүлийн үед өөрийг тань продюсерийн ажил хийх болсон тухай сураг дуулдсан?
-Тиймээ сүүлийн үед дуучин гэхээсээ илүүтэй продюсерийн ажлыг хийх сонирхол төрдөг болсон. Хамгийн эхэнд СУИС-ийн мюзиклийн ангийн 4 залуутай хамтарч “Pro-4” нэртэй хамтлагийг байгуулаад 2-3 уран бүтээлийг нь хийгээд, клипжүүлээд цацахад тун дөхөөд байна.
Мөн залуу дуучин Б.Бэхбаттай хамтарч ажилладаг, одоо түүний бие даасан хоёр дахь клип нь гарах гэж байгаа. Түүнтэй хамтарч “Аавдаа” хэмэээх нэгэн сайхан дуу хийсэн байгаа. Удахгүй клипжүүлээд сонсогчиддоо хүргэнэ. Бэхбаттайгаа нийлж эхлээд 3 жил орчим болж байна. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, авъяаслаг залуу бий. Түүний хүсэл мөрөөдлөөс гадна уран бүтээл хийх гэсэн идэвхи зүтгэл нь маш их таалагддаг.
Энэ мэт цаашдаа залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллах маш сонирхолтой байгаа. Өөрөө ч анх гарч ирэх гэж нэлээд үйлээ үзэж, зүдэрч, зүтгэж байсан болохоор тэрхүү зовлонг нь мэддэг. Тиймд шинэ залуу уран бүтээлчдэд чадахгүй, мэдэхгүй зүйл дээр нь хэлж, туслая гэсэн бодолтой байна.
-Та анх уран бүтээл хийж байсан тухайгаа яривал?
-Би “Хөгжим бүжгийн коллеж”-ийн ардын бүжигчний ангийг төгсөөд, дараа нь СУИС-ын эстрадын дуулаачын ангийг төгссөн. Анх “Үг сөрөгчид” /U.G.S/ хамтлагт дуулдаг байсан. Хамтлаг маань 2001 онд байгуулагдаж байсан. Тухайн үед “Намрын навчис”, “Үргэлж чи” зэрэг хамтлагтайгаа дуулж байсан дуунууд маань хит болж байсан. Манай хамтлаг удалгүй уран бүтээлээ завсарласан. Тэр үед бид хүүхэд наснаасаа гараагүй, оюутан болох нь болоод зарим нь гэр бүлтэй болсон, энэ үеэс би бие даасан уран бүтээлээ хийж эхэлж байлаа. Бие даасан анхы уран бүтээл болох “Хэлж чадсангүй” дуугаа 2003 онд гаргаж байсан. Уг дуу маань надад маш их урам өгсөн, одоо ч хүмүүсийн сонсох дуртай дуунуудын нэг байсаар байгаа болохоор их хайртай байдаг. Тэгээд 2005 онд “Би-Бобо” нэртэй анхны цомгоо гаргасан.
Хэсэг уран бүтээлээ завсарлаж европоор явж байгаад 2007 онд дуучин Мөнгөөтэй “Хэлж чадсангүй” дууныхаа remix-ийг хийсэн. Түүнээс хойш 2009 онд дуучин Сэлэнгээтэй хамтарч “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” дуугаа гаргаснаар урлагтаа эргэн орж эхэлсэндээ. Мөн “Үг сөрөгчид” хамтлаг маань эргэн нэгдэж, нэлээдгүй уран бүтээл хийж байгаад 2010 онд хамтлагийнхаа анхны цомог болох “Үргэлж 10” нэртэй цомогийг гаргасан.
-Таны тухай баян авгайчуудаар ивээн тэтгүүлдэг гэсэн шар мэдээнүүд гараад байсан л даа. Ер нь урлаг хийгээд мөнгө хэрхэн олдог вэ? Амьдралдаа хүрэлцэхээр хангалттай олж чаддаг уу?
-Хүүхэд байхдаа том дуучин болчвол мөнгө хангалттай олдог байх гэж боддог байсан. Гэхдээ хүсэл зорилго маань мөнгө олох биш дуулахын төлөө л байлаа. Одоо ингээд 10 жил дуулсны дараа эргээд харахад Монголын зах зээл маш жижиг юм байна, урлагаар хангалттай мөнгө олоход боломжтой биш гэдгийг ойлгож байна.
Манай урлагийнхан ихэнх нь давхар бизнестэй байна л даа. Барууныхан шиг энд тэнд дуугаа дуулж, урлагаар мөнгө олж амьдрана гэдэг бол манайд хэцүү. Спонсорын хувьд гэвэл яг спонсорлож байсан байгууллага ч юм уу, хамтарч ажилладаг студи байхгүй. Уран бүтээл хийж эхлэсэн цагаасаа ээж, аавынхаа мөнгөнөөс хугаслаад ч юм уу, өөрийн бор зүрхээрээ өдийг хүртэл явсан байна. Эргээд харахад хорь шахам клиптэй болсон байна тэдгээрийг хийхдээ ямар нэгэн компаниас намайг дэмжээч гэж гуйж үзсэнгүй явсаар ирлээ.
Надад нэг ийм зүйл санагддаг л даа. Хөдөө орон нутгаас төрч байгаа ялангуяа нийтийн, зохиолын дуучдыг тухайн аймаг, сумын засаг дарга нар болон нутгийн зөвлөлөөс их дэмжиж, машин тэрэг авч өгөх мэтээр ивээн тэтгэж байгаа нь анзаарагддаг. Тэдэн шиг хотын дуучид, тэр тусмаа рок попынхоныг спонсорлох нь бага санагддаг.
Харин элдэв сайтуудад хүүхнүүдтэй холбогдсон гэх хуурамч мэдээллүүд маш их гардаг л даа. Хүүхнүүдтэй холбогдсон тэрхүү мэдээллүүдтэй тэмцсээр л ирлээ. Сүүлд л гэхэд Дандарын “Сенсаци” нэвтрүүлэгт орж “тийм” зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Би ч бүр сүүлдээ тийм мэдээллээс залхаж байх шиг байна. Ямартай ч хэн нэгнээр баян авгайгаар ивээн тэтгүүлж, зууралдаж үзсэнгүй ээ.
-Бобо гэрлээгүй байх аа? Хэзээ гэр бүлтэй болох гэж байна? Төлөвлөсөн зүйл байна уу?
-Хүмүүс хараад эхнэртэй биз дээ, хүүхэдтэй биз дээ гээд асуудаг л юм. Уул нь бол нас маань болсон шиг байгаа юм. /инээв/ Хэн нэгэнтэй учир ургуулж амжаагүй л явна. Магадгүй зав цагаасаа ч болж байна уу, эсвэл урлагийн хүн гэхээр бүсгүйчүүд маань амьдралд нь хань болохгүй гэж айх тохиолдолууд байдаг юм шиг санагддаг. Одоогоор ганц бие л явж байна. Гэхдээ сайхан хайр дурлалтай учрах л байлгүй, цаг хугацаа харуулах бизээ.
-Танд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?
–Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандадаг, халамжтай ухаалаг эмэгтэй байвал зүгээр санагддаг ш дээ. Тэрнээс бол мөнгө төгрөг, царай зүс мэт нь дэмий зүйл байдаг гэдгийг найз нөхөд болоод ойр орчиноосоо мэдрээд байгаа. Ер нь амжилттай сайн явж байгаа хүмүүсийн гэр бүлийн харьцааг анзаархад эхнэр, гэр бүл нь бүрэн ойлгож байгаа харагддаг.
–Аав, ээжийн тань зүгээс ханьтай болооч ээ гэсэн шахалт байх юм уу?
–Нэг их айхтар шахаад байдаггүй ч битүүхэндээ хараад байгаа юм шиг санагддаг. Гэр бүлтэй болно гэдэг бол уран бүтээл хийхэд тодорхой хэмжээнд саад бэрхшээл учирна л даа. Дуугаа хийх үү, дуу хийх мөнгөөрөө гэр бүлдээ памперс, талх аваад очих уу гээд шийдэл гараад ирнэ л дээ. Тиймд аав, ээж хоёр маань эстрадын урлаг залуу хүний хийх зүйл гэдэг утгаар залуу насандаа цаг хугацааг алдалгүй зорьж тэмүүлсэн зүйлдээ хүрээсэй гэж боддог юм шиг байгаа юм. Хааяа нэг “сайхан хань ижилтэй болчвол сайхан даа” гэж хэлдэг л юм.
–Аав, ээжийнхээ тухай яривал? Урлагтай ойр хүмүүс үү?
–Аав маань Завханых, ээж болохоор Говь-Алтайнх. Ээж маань их сайхан дуулдаг хүн. Залуудаа Хайдав гуайн шавь явсан. Аав ч бас уран бүтээлч, СТА Дашаа гэж хүн бий. Улсын ардын дуу бүжгийн чуулгад насаараа ажилласан хүн. Аавыгаа дагаад би ч бас ардын дуу бүжгийн чуулгад нэг хэсэг ардын бүжигчин хийж байлаа. Миний хувьд ер нь л аав, ээжийнхээ дэмжлэгээр уран бүтээлч болсондоо. Хамгийн гол нь эцэг эхийн дэмжлэг туслалцаа, зөвлөгөө маш хэрэгтэй гэж боддог. Хэрвээ эцэг эх нь дэмжихгүй байгаа тохиолдолд тэр сайхан авъяас нь дарагдсаар байгаад л өнгөрдөг. Тэрийг эцэг эхчүүд маань анхаарвал хүүхдийнхээ авъяасыг хөгжүүлэх гол хөшүүрэг болох болов уу. Манай аав, ээж хоёр л гэхэд миний уран бүтээлтэй салшгүй холбоотой байж, багшаас минь илүү л багш байдаг даа. Дуугаа бэлдэж байхад ингэж дуулвал зүгээр байна гээд л зөвлөнө.
-Та чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? Ямар нэгэн спортоор хичээллэдэг үү?
-Спортоор нэг их айхтар хичээллэдэггүй ээ. Оюуны спорт гэгддэг шатарт л их дуртай даа. Би чөлөөт цагаараа унтаж амрах л их дуртай. Болж л өгвөл унтана. Яагаад гэхээр дуу хуур гэдэг маань хэдий сайхан зүйл боловч хүнийг маш их ядраадаг. Студи дээрх хөгжим, техник гэдэг чинь хүний тархийг их ядраадаг зүйл. Тэгээд ч унтаж сайн амрах нь хоолойг маш сайхан амраадаг.
-Урлаг хийж яваагийн чинь хувьд асуумаар санагдлаа л даа. Монголын рок поп урлагийг ямархуу хэмжээнд яваа гэж боддог вэ? Дэлхийд Монголоос маань хэдийд од төрөх бол? Мөн өөрийнхөө зорьж яваагийн хаахна явна вэ?
–Хүн том зорилт тавьж байж л наана нь очдог гэсэн үг байдаг. Дэлхийд төрөх одууд Монголоос тун удахгүй байхаа гэж боддог. Ялангуяа сүүлийн үеийн залуус маань хүч түрэн гарч ирж байна. Маш авьяаслаг, шинийг сэддэг болж. Үндэсний ардын урлагаа маш гоё гаргаж ирж байна. Этник стилээр дуулж байна тэрнээс гадна их баруунлаг сэтгэлгээтэй болсон.
Миний хувьд өөртөө дэлхийн хэмжээний айхтар дуучин болъё гэж зорилго тавьж бодож байгаагүй юм байна. Монголынхоо хэмжээнд л сайхан дуучин байхыг хүсдэг. Мэдээж тавьсан зорилгынхоо хувьд гэвэл талд нь ч хүрээгүй гэж ойлгодог. Яг сонирхлын хувьд бол продюссер хийх сонирхол төрөөд байгаа.
Насны хувьд ч айхтар хөгширсөн биш цаашид туулах замаа харах юм бол 100-ны 50%-д хүрээгүй байна. Мэдээж 2-3 бие даасан тоглолт Улаанбаатартаа тавьчих хэрэгтэй, магадгүй энгэрээ мялаах ёстой бол түүнийг хүртэх ёстой байх. Олон хүмүүс намайг СТА авах цаг нь болсон гэж хэлдэг л дээ. Гэхдээ би тэрхүү шар төмөрний төлөө айхтар ноцолдож үзсэнгүй. Хэзээ нэгэн цагт төр үнэлэх үедээ үнэлнэ биз.
-Одоо цагт шагналын үнэ цэнэ буурсан гэгддэг. Тэгээд бас олгогдож буй шагналууд нэг л нүдээ олохгүй байгаа санагдана. Мөн төрөөс урлагт бага санаа тавьдаг гэлцэх. Энэ бүхний талаар ямар бодолтой байна вэ?
–Ер нь бол төрөөс урлагийг маш бага дэмждэг юм шиг санагддаг. Урлагтаа сайн анхаардаг байгаасай гэж боддог. Ялангуяа ардын урлаг, өв уламжлалаа залуучууд бид л авч үлдэхгүй бол хэн авч үлдэхэв. Би хэдий поп стилээр дуулдаг ч ардын бүжгийн ангийн төгссөн болохоор ардын урлагтаа хайртай. Гадаадынханд бидний нүүр тахлах ганц зүйл энэ л байна. Тиймд ардын урлагаа сайн дэмжих хэрэгтэй.
Шагнал урамшлын тухайд бол СТА гэж шагнал бол манай аав, ээжийн үед асар үнэ цэнэтэй, хөлс хүчээ шавхан байж авдаг шагнал байсан. Одоо бол ганц ч сонсоогүй дуучин СТА цолыг авчихаад “Бөхийн өргөөн”-д бие даасан тоглолтоо хийсэн байх жишээтэй. Яаж аваад байдаг юм бүү мэд, хөрөнгө мөнгөөр аваад байдаг юм уу, хүсэл сонирхлоороо аваад байдаг юм уу сайн ойлгодоггүй юм.
Гэхдээ надад гавъяат жүжигчин, ардын жүжигчин зэрэг цолны үнэ цэнэ төдийлөн алдагдаагүй санагддаг шүү. Зарим нь нүдээ олж өгсөн шагналууд ч байдаг. Дуучин Д.Болдыг төрийн соёрхолт авлаа гэхэд олон хүмүүс сайн, муугаар ярьж байсан. Гэвч яагаад болохгүй гэж, уг шагналыг заавал хөгшин хүн авах албагүй биз дээ. Би гэхэд багаасаа л “Камертон”, “Номинталст”-ын л улаан фен байлаа. Залууст тэд нар үлгэр дуурайлал болсоор л яваад ирлээ шүү дээ.
-Улс орныхоо амьдралд залуусын оролцоог ямар байна гэж боддог вэ?
-Би ардчилал гэдэг зүйлийг маш их дэмжидэг л дээ. Гагцхүү улс төр гэлтгүй аль ч салбарт залуу боловсон хүчин дутагдалтай байсан л даа, одоо нэг үеэ бодоход сайжирсан санагддаг. Урлаг нь ч бай, спорт нь ч бай залуучууд маань улс орныхоо төлөө дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийллэг болсон нь зөв зүйтэй санагддаг. Ер нь “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг ямарч хүн эх орноо хайрлан хамгаалах сэтгэлтэй л байх хэрэгтэй гэж боддог.
-Урлаг хийж эхэлсэнээс хойш шантрах үе байв уу? Шинээр төрж буй залуусдаа юу гэж зөвлөх вэ?
-Шантрах зүйл байлгүй яахав. Амархан ажил гэж хаа байхав. Анх уран бүтээл хийж эхэлж байхад хөрөнгө мөнгө болоод сэтгэлзүй мэтийн шантрах зүйлс алхам тутамд тохиолддог байлаа. Анх гэлтгүй сүүлд ч гэсэн янз бүр хэл аманд өртөөд шантрах үе байсан. Энэ бүхнийг даван туулах ганц шалтгаан нь хүсэл зорилго минь байсан даа. Ийм зүйл тохиолдохыг нь мэдсээр байж энэ замыг өөрөө сонгосон учраас, иймэрхүү асуудлууд цаашид байнгын тулгарах юм байна гэдгийг ойлгосон учраас даван туулах ёстойгоо л мэдсэн.
Залуу уран бүтээлчдэд хандан зөвлөхөд хамгийн эхэнд дуулж сурах хэрэгтэй, дуулж сурсныхаа дараагаар л дуунуудаа олонд хүргэх тухай бод. Шууд хэлэхэд караокед хоёр дуу дуулдагийгаа дуучин гэсэн буруу ойлголттой хүмүүс байдаг шүү. Жижиг зүйлээр өөрсдийгөө алахгүйн тулд маш сайн дуулж сурах хэрэгтэй, мэргэжлийн багшаас зөвлөгөө авах хэрэгтэй. Дутуу үедээ дуу гаргачихаад, тэр нь хүмүүст хүрэхгүй тохиолдолд сэтгэлээр унах тохиолдлууд ч бас байдаг.
Ингээд дуучин гэх замыг сонгосон нийт залуусдаа “талаас нь битгий хаяарай, маш их саад бэрхшээл тулгарна, гэвч хүсэл зорилгодоо үнэнч байгаарай” гэж зөвлөе дөө.
-Сүүлийн асуултыг танд үлдээе. Уншигчдадаа хандаж юу хэлмээр байна?
-Нэг зүйл дээр уншигчиддаа хандаж хэлэхэд зарим сонин, сайтуудад гүтгэж, доромжилсон, сайн муу, үнэн худал нь мэдэгдэхгүй шар мэдээллүүдийг их гарах юм аа. Мэдээж дуу дуулаад явж байгаа уран бүтээлч хүн бусдад муу сэтгэгдэл төрүүлэхийн төлөө дуулдаггүй нь лавтай шүү дээ. Зарим хэсэг нь намайг сонсдоггүй байж болноо тийм бол зүгээр л хаячих өө гэж хэлье. Би бусдад заавал таалагдах албагүй байх гэхдээ дэмжиж сонсдог хүмүүс маань бусдын бичсэн худал мэдээллээс буруу ойлголт битгий аваарай гэж хүсч байна.
ЯРИЛЦСАН: П.ЭНХБААТАР
ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN