Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатартай ярилцлаа.
-Сайхан зуншиж байна уу. Таныг саяхнаас төрийн албан хаагч болсон гэж дуулсан. Хэзээнээс ямар алба хаших болов. Мэдээж таны амьдралын салшгүй хэсэг болсон урлагийн салбартай холбоотой байх?
-Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын зөвлөх гэсэн албан тушаал дээр ирсэн. Ердөө арваад л хонож байна даа.
-Төрийн албанд зүтгэх амаргүй биз. Ажлаа юунаас, ямар зүйлээс эхлүүлье гэж бодож байна?
-Одоохондоо Төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг судалж байна. Төрийн албан хаагч ашгийн байгууллагад ажиллаж болохгүй, болохгүй гэсэн зүйл, заалт олон байдаг. Ямартай ч урлаг, соёлын салбарт олон жил ажилласных өөрийн олж мэдсэн мэдлэг, туршлагаа энэ ажилтайгаа уяж болох байх гэж бодож байгаа. Олон зүйл төлөвлөөд л байна.
-Шинэ ажлаа хүлээж авснаас хойш гурван ч киноны саналаас татгалзсан гэсэн. Шалтгаан нь юу байв?
-Төрийн албан хаагч кинонд тоглож болохгүй гэсэн зүйл байхгүй л байна. Мэдээж мөнгө, санхүүтэй холбоотой асуудал бий. Миний зургаан сарын цалин, нэг кинонд тоглоод олох орлого хоорондоо их ялгаатай шүү. Тухайн байдал ямар байхаас шалтгаалах байх даа. Үнэхээр миний сонирхол татсан уран бүтээл байвал ажлаа ч, уран бүтээлээ ч зохицуулахыг оролдоно.
-Ер нь жүжигчин хүн нэг кинонд тоглоод хэдий хэмжээний хөлс авдаг вэ?
-Харилцан адилгүй л дээ. Киноны нэгдүгээр дүр, хоёрдугаар дүр, туслах дүр, дээрээс нь шинэ, хуучин эсэх, цол хэргэм зэрэг нь нөлөөлнө.
-Тэгвэл таны хувьд?
-Яахав, миний хувьд бүрэн хэмжээний кинонд 10 саяас дээш мөнгөөр тоглоно. Сая нэг санал ирлээ. МҮОНТ-ээс онцгой байдлын алба хаагчдын амьдралын тухай 50 ангит кинонд тоглох санал ирсэн. Таван сая төгрөг өгье гэсэн. Харин би “тоглохгүй” гэсэн. Яахаараа жүжигчдийг ингэж муу үнэлж байдаг юм бэ? Би 15 саяар тоглоно гэсэн. Монгол жүжигчдийн амьдрал тийм ч сайн биш. Гэтэл бусад орны жүжигчдийг хар л даа, амьдрал ахуй нь асуудалгүй. Магадгүй төрийн бодлого байхгүй байгаагийн нэг жишээ юм даа.
-Кинонд тоглох үнийн стандарт тогтоох хэрэгтэй юм болов уу?
-Тэгэхгүй яахав. Чанаржина шүү дээ, мэдээж хэрэг. “Та бол манай урдаа барьдаг, сайн жүжигчдийн нэг. Та энэ кинонд тоглоод өгөөч, 100 сая төгрөг өгье” гэвэл миний нүд бүр бүлт үсэрнэ биз дээ. 100 саяар тоглож байгаа гэхэд би хөлс, цусаа гарган байж бүх юмаа зориулна шүү дээ. Гэтэл Монголд тийм юм байхгүй, тэр үнэлэмжийг бүр хаячихсан. Уг нь бол 100 сая гэдэг чинь юу ч биш, гадаадын кино салбартай харьцуулахад. Монголдоо л, 2,8 сая хүн дотроо л бүтээсэн кино их байна, зүгээр нэг аргацаасан маягтай. Гэтэл гадны фестивалиудад оролцож, гадны тэр бүтээлүүдтэй өрсөлдсөн юм байхгүй. “Ану хатан”-ыг хар л даа. Муу найруулагч найруулснаас болоод гадаад яваад хад мөргөчихөөд л ирлээ. Хэчнээн сайхан бодолтой, хэчнээн сайхан зураг авалт байгаад нэмэргүй. Дүр сонголт муу, найруулга муу. Мэргэжлийн хүмүүс ингэж л харж байгаа, тэр киног. Үзэгчдийн нүд бол өөр л дөө.
-“Ану хатан” гэснээс “Үхэж үл болно: Чингис хаан” киног тааруу болсон гэлцдэг. Таныг муу жүжигчин гэж хэлж байгаа юм биш, олон хүнээс тийм дүгнэлт сонссон болохоор асуулгүй өнгөрч чадсангүй?
-Үгүй. “Үхэж үл болно: Чингис хаан” бол сайн кино. Кино хийх явцад тэмцэл, зөрчил их гарсан. Хулгай зэлгий, том том луйвар ч тэр дотор байсан шүү. Ард түмний өгсөн мөнгөн дээр олон асуудал гарсан. Нээлтээ хийж, дэлгэцнээ гарахад олон хүн муулж, муу хэлж байсан. Анхнаас нь энэ киног гаргахгүй гэж байсан хүмүүс ч бий. Гагцхүү уран бүтээл хийж яваа, зүтгэж байгаа нөхдийнхөө сэтгэл рүү ус цацаад явдаг хүмүүсийг л ойлгодоггүй юм. “Үхэж үл болно: Чингис хаан” уран сайхны киног үзсэн хүн бүр ам сайтай байдаг юм шүү. Их атаа жөтөө дунд гарсан кино. Тийм болохоор л муу кино гэж ярьдаг байх. Уул нь “Үхэж үл болно: Чингис хаан” кино гурван ангитай байхаар төлөвлөгдсөн юм. Санхүү, мөнгөний асуудлаас болоод гарч чадаагүй.
-Танд дахиад Чингис хааны дүр бүтээх санал ирвэл хүлээж авах уу?
-Дуртайяа хүлээж авна. Би боддог юм. Чингис хаан хэрэв тарваган хүн шиг жижиг биетэй, эсвэл бүр том, үлэмж биетэй хүн байсан бол яах вэ гэж. Эртний монголчуудыг их шөрмөслөг, хатуу, чанга биетэй, хатсан борц шиг бор хүмүүс байсан гэж боддог. Музейд байрлуулсан тэр үеийн хүмүүсийн өмсч байсан хувцас, эдэлж хэргэлж байсан зүйлсийг харахад дандаа жижиг байдаг. Туранхай хүн өл даадаг ч гэж ярьдаг. Долоо хоног, сараар мориноосоо буулгүй давхидаг байсан гээд бодохоор хэрвээ тарган, том биетэй хүн байсан бол морь нь бахардаад дийлэхгүй биз. Чингис, Чингисийн цэрэг гэхээр дандаа хөмсөг зангидсан, ширүүн харцтай, ууртай хүнийг л гаргадаг. Түүнээс өөрөөр яаж гаргаж харуулах вэ гэж би их төсөөлдөг шүү.
-Таны бүтээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Жамухын дүр үнэхээр гайхалтай. Хожим нь та “Үхэж үл болно: Чингис хаан” кинонд Чингисийн дүрд тоглосон. Жүжигчин хүн бүрт олдохгүй ховор тохиол байх шүү.
-Тийм. Би энэ хоёр дүрдээ хоёуланд нь хайртай. Чингис, Жамух хоёр бол нэг үзэл бодолтой хүмүүс. Бүр ойлгомжтой болгоё. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал гурав нэг л зүйлийг харж байгаа. Гэтэл тэр дотор өрсөлдөөн гарна даа. Яг үүнтэй л адилхан, Чингис, Жамух хоёр яг л ийм байсан. Жамухад тоглоно гэдэг маань Чингисийн дүрд тоглож байна гэсэн үг. Чингисийг энэ их Монголыг байгуулахад Жамух биеэрээ эвж өгсөн. Жамухын тэр агуу заль, суу билэг ухаанаас Чингис хаан суралцаж, түүнийг хаан болоход нь маш том тус үзүүлсэн. Тэд яваандаа нэг суудал дээр сууж чадахгүй болсон хүмүүс. Ямар үнэнч нөхөрлөл байна вэ. Тиймдээ ч Жамух өөрийнхөө биеийг Чингист тушааж байгаагаар гарч байгаа юм. Жамух агуу их сэтгэлийн тэвчээрийг гаргаж байгаа юм.
-Та цэл залуугаараа Ю.Цэдэнбал агсны дүрд тоглож, түүнийг тань төр соёрхсон. Монголын түүхэнд хамгийн залуу Төрийн соёрхолт шүү дээ. Нас залуу, цус шингэн байсан болохоор “оддын өвчин” тусч байв уу?
-Би чинь социализмын үеийн хүмүүжилтэй хүн шүү дээ. Намайг их дарж байсан, би ч их дарагдаж байсан. Нийгэм ч өөр байлаа, тиймдээ сэдэрч амжилгүй дарагддаг байсан биз. Би ер нь их энгийн байх шиг хичээдэг. Гэхдээ бас ч гэж шазруун хүн шүү дээ. Хүнтэй хэрэлдвэл хэрэлдчихнэ, зодолдвол зодолдчихно. Том зангаар харьцсан хүнтэй том харьцаж чадна, тоохгүй хүнтэй тоохгүй байж чадна. Ер нь их хэнэггүй хүн дээ. Ард түмэнтэйгээ л адилхан байх хүсэлтэй. Олон түмнээсээ тасарвал би уран бүтээлч болж чадахгүй, тийм байхын хэрэг ч байхгүй. Тэднээсээ тасарвал би жүжиглэж чадахгүйд хүрнэ. Жүжигчин хүн ард түмэнтэйгээ байж, тэднийхээ дунд буцалж, зовж, зүдэрч, баярлаж, жаргаж, байж жинхэнэ жүжигчин болдог.
-Та яагаад төрийн шагналаа буцааж өгөхийг хүссэн юм бэ?
-Тэр үед шагналаа буцааж өгөх санал тавьсан. Төр олгосон шагналаа буцааж авахгүй гээд аваагүй. Тэгээд л өдий хүртэл Төрийн шагналтан гэж нэрлэгдээд явж байна. Тухайн үед би дөнгөж 24-хөн настай залуу байсан болохоор их л яриа гарч байлаа. Хэрвээ шагналаа буцаагаад өгчихвөл хэл ам гарахгүй болох юм болов уу л гэж бодсон.
-Ц.Төмөрбаатар гэж хүн хэрхэн кино урлагт хөл тавьсан бэ. Аав тань Монголын кино урлагийн салбарын мундаг төлөөлөгч байсан. Тэр агуу хүний амьдрал таныг энэ замд хөтөлсөн үү?
-Би энэ асуултад үргэлж ээжийгээ гэж хэлдэг. Ээж маань намайг жүжигчин болгох гэж их хөдөлмөрлөсөн хүн шүү. Уйгагүй хөдөлмөрлөж байж надад энэ мэргэжлийг олж өгсөн. Аав чинь чамайг жүжигчин болно гэж хэлдэг байсан, тийм болохоор миний хүү жүжигчин бол гэдэг байлаа. Мэдээж цаад үндсэн суурь нь аав минь байсан. Би уг нь багадаа нисгэгч болох мөрөөдөлтэй явлаа. Одоо ч гэсэн дуунаас хурдан онгоц дээгүүр өнгөрөхөд цээжинд нэг юм огшоод л явчихна шүү дээ. Гэхдээ жүжигчин болоод би алдаагүй. Цагааны Цэгмид гэдэг хүний цус миний дотор боргилж байхад би аавынхаа нэр төрийг өндөрт өргөж явна гэж боддог юм.
-Жүжиглэх, жүжигчин байхын ялгаа юундаа байна вэ?
-Хувь хүн ба дүр гэсэн үг. Өөр байлгүй яахав, шал өөр хоёр ертөнц. Чи, бид хоёр гэхэд л огт өөр хоёр ертөнц биз дээ. Гадаа байгаа нийгэмд би нийцээд, чи нийцэхгүй байж болно. Дүр гэдэг бол тэр нийцээд байгаа, нийцэхгүй байгаа цонхоор л харж байгаа юм. Кинон дээр би өөр хүн, амьдрал дээр Төмөрбаатар гэдэг хүн. Жирийн л хүн.
-Амьдрал бол кино гэдэгтэй та санал нийлэх үү?
-Миний амьдрал кино биш. Би ард түмэнтэйгээ л адилхан амьдрахыг хүсдэг. Энэ хүн миний юмыг хулгайлчих болов уу гэж байнга санаа зовж, эсвэл хэн нэгэн шиг тийм аймар сэхээтэн баймааргүй байна. Би хүссэнээрээ амьдарч, хүссэнээрээ идэж, хүссэнээ хийж, гэр бүл, хүүхдүүдээ хүссэнээр нь амьдруулах, гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай байх дуртай. Энэ бол миний амьдрал. Кинон дээр гардаг шиг зовлонтой, эсвэл их жаргалтай, нэг их үхэл хагацалтай, дайн байлдаантай баймааргүй байна. Миний амьдрал хүний амьдралтай л ижилхэн. Амьдрал бол кино гэдгийн учир нь кинонд “амьдардаг” хүмүүс амьдралыг судалдаг хүмүүс байдаг юм. Амьдралыг сайн судлах чинээгээр сайн жүжигчин, сайн найруулагч болдог. Хуучны кино шиг кино байхаа больчихжээ гэж ярьж байгаа нь амьдралыг судалдаг хүн байхгүй болчихсон хэрэг. Муу судлаад байгаа нь тэр.
-Монгол кино уналтад орсон гэдгийг хүн болгон хэлдэг. Чанартай кино дэлгэцнээ амилахгүй байна гэж олон хүн ярьдаг. Кино урлагийг амьдралд ойр, зохиол, найруулга нь шаардлага хангасан болгохын тулд яах ёстой вэ?
-Кино урлаг сөнөөгүй, кино үйлдвэр нь сөнөчихсөн юм. Өнөөдөр би гайхаж л сууна. Яагаад кино үйлдвэр соёлын салбар хариуцсан яамны харьяа болоогүй байна вэ гэж. Яахав, яамгүй явсны гай. Тэр олон жилийн турш хөгжиж ирсэн кинонуудын өв хөрөнгө, тэр хутга, бамбай, сэлэм, аяга, тэр биет дурсгалууд хаана байна вэ? Энэ чинь соёлын өмч шүү дээ, яагаад төрийн өмч байгаа юм. Энэ асуудал нэг том асуудал. Мөн киночид нь кино үйлдвэр дээр төвлөрч киногоо хийж байна уу? Үгүй. Кино үйлдвэрийн байрыг гадны байгууллагууд түрээслээд авчихсан. Нөгөө киночид нь гадуур тэнээд л явж байдаг. Энэ төрийнхөн кино үйлдвэрийн тэр нөхрийг ямар ч их хамгаалдаг юм. Нөгөөдөх нь яасан ч их дураараа аашилдаг юм. Кино үйлдвэрийнхээ газрыг зарчихаад арван байр авсан гэсэн. Тэгээд нөгөө луйвар нь баригдахын даваан дээр арван ахмадад өгчихсөн. “Над шиг арван байр өгсөн хүн, байгууллага байна уу?” гээд л цээжээ дэлдээд явж байдаг. Тэгтэл нөгөө киночид нь энд тэнд тарчихсан явж байдаг. Тэднийг нэгтгэж, төвлөрүүлэх ёстой. Хөгшчүүд нь энд тэнд загнуулаад, муугаараа дуудуулаад, насаараа ажилласан газраа орох эрхгүй болчихсон байна. Ингээд бодохоор ямар өрөвдөлтэй хувь заяа вэ? Уг нь бол Монголын бүх кино урлагийнхан тэнд цугладаг байсан юм даа. Муугаар хэлбэл одоо тэнд түй ч байхгүй.
-Одоо ер нь хэн дуртай нь кино хийж байна, сайн нь ч бий, муу нь ч бий. Нэр нүүр олох гэсэн, ашгийн төлөө бүтээл цөөнгүй болжээ?
-Амьдрал судлахгүй болохоор хийсэн кино нь амьдралтай нийлэхгүй шүү дээ. Залуучууд хэн дуртай нь кино хийж байна. Зүгээр нэг зураач, гудамжинд явж байгаа залуу кино хийж байна. Дуучин кино хийж байна, ямар ч боловсролгүй хүн ч кино хийж байна. Энгийн нэг жүжигчин ч кино хийж байна. Хэн дуртай нь хийж байна. Үүнийг ялгаж, салгах ёстой юм. Сайн дурын, мэргэжлийн, сонирхогчийн гэх мэтээр. Кино театрууд ч ялгаж, салгаж гаргах ёстой. Тэгэхгүй бол хөдөөний нэг малчин орж ирээд “Өө, кино ингэж хийдэг юм байна” гээд л кино хийчихэж байгаа юм. Киног тэгж хийж болдог юм уу? Киноны найруулагч гэдэг чинь жинхэнэ мэргэжлийн ажил болохоос биш, хэн дуртай нь хийчихдэг юм биш. Гэхдээ кино урлаг хөгжиж байна, амьдралаас жаахан тасраад л байгаа болохоос.
-Сүүлийн үеийн киноны сэдэв, зохиол, агуулгын хувьд ч ядмаг болсон гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг шүү дээ?
-Тийм. Өнөөдөр үзэгчид хайр дурлал, залуучуудын амьдралын тухай сонирхоод байдаг болохоос биш түүхэн сэдэвтэй, ахуй, аж байдлын сэдэвтэй кино сонирхохоо больчихож. Найруулагчид нь ч энэ сэдвээс зугтаад байна. Ахуйн сэдэвтэй кино хийе гэхээр амьдрал мэдэхгүй юм чинь яах юм. Дээх нь үед “Хөөх энэ өвөө манай хажуу айлын өвөөтэй ямар адилхан юм бэ?” гэж ярьдаг байсан. Жүжигчид нь тэгж судалж тоглож байна. Найруулагчид нь жүжигчдээ олж, сонгож чаддаг байсан байна. Гэтэл өнөөдөр дүр сонголт байхгүй, жүжигчний тоглолт байхгүй, хэлгий хүүхэд хүртэл кинонд тоглож байна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Кино тийм тоглоом юм уу? Урлаг эсвэл тийм тоглоом юм уу? Үгүй шүү дээ. Жүжигчид, найруулагчдын хийсэн уран бүтээлийг нь ч гэсэн зэрэглэх ёстой. Кино театруудыг ч ялгаагүй. Үүнийг бодлогын төвшинд зохицуулах ёстой. Ийм зүйл дутагдалтай байгаа учраас киноны чанар муудаж байна.
-Нөгөө талаас жүжигчдийн үнэлэх үнэлэмж тааруу байгаатай холбоотой юу?
-Тийм. Надад ч гэсэн тийм дутагдал бий. Жишээ нь, Төмөрөө ах аа, та энэ кинонд тоглоод өгчих, танд 100 цаас өгье гэнэ. Чи нэг саяыг өгөөч дээ гэхээр мөнгөгүй, хэцүү байна гээд гуйдаг. Тэгвэл битгий хий л дээ. Гуйсан болохоор нь асууна, хэр удах юм гэхээд өглөө 09-12.00 цагийн хооронд болно гэнэ. Би үгийг нь цээжлээд, уншсан болоод л орхино. Надаас юм гарахгүй биз дээ. Гэтэл Төмөрөө ах аа, энэ их жаахан дүр, гэхдээ киноны амин сүнс нь байгаа юм. Танд 10 саяыг өгье, тоглоод өгөөч гэвэл би энэ үнэхээр юм хийх гэж байгаа хүн юм. Алив яах уу, ийх үү гээд хамаг юмаа шингээхийг хичээнэ. Бүх зүйлийг нарийн сайн бодно биз дээ. Сайн ажиллаж байж л тэр дүрийг жинхэнэ утгаар нь гаргана. Кино хийе л гэж бодож байгаа бол зайлшгүй хүрэлцээтэй мөнгө олсныхоо дараа зориглох хэрэгтэй. Юмны үнэ гэдэг чинь шууд чанарт нөлөөлж байгаа юм.