“News week” нэгэн шинэ одыг танилцуулж байна. Түүнийг Болдбаатарын Уянга гэдэг. Тэрээр Германы хөгжмийн зохиолчдын урилгаар “The Masterpiece” тоглолтод оролцож, Бэтмэний комик номоос сэдэвлэсэн “Харанхуйн хөлөг баатар” /The Dark Knight/ киноны дууг дуулснаар цахим ертөнцөд илүүтэй танигдсан. Гэхдээ Б.Уянгад манай уншигчдад сонирхуулах өөр олон зүйлс бий. АНУ-ын Бостон хотод амьдарч, рок болон R&B чиглэлээр уран бүтээлээ туурвидаг энэ бүсгүй Берклигийн хөгжмийн сургуулийг төгсчээ. Б.Уянгыг эх орондоо амрахаар ирээд байхад нь уулзаж, ярилцлаа.
-Таны тухай мэдээлэл монголчуудад ховор байдаг учраас эхлээд уншигчдадаа танилцуулах зорилгоор хэдэн асуулт асууя. Жишээ нь та хэзээ Америк явсан, ямар сургууль төгссөн талаараа мэдээлэл өгөхгүй юу?
-Би энд байхдаа 14-р сургуульд сурч байсан. Долдугаар анги төгсөөд Швейцарьт сурахаар явсан. Тэгээд дараа нь АНУ-д үргэлжлүүлэн суралцаж, Берклигийн их сургуулийг /Berklee University/ төгссөн. Берклигийн их сургууль бол урлагийн салбартаа л “Харвард”-ын дайны үнэлэгдэх том сургууль учраас Бостонд амьдарч, тэр сургуулийг сонгосон. Гэхдээ би өмнө нь Швейцарьт эдийн засгийн чиглэлээр сурах гэж хичээсэн ч нэг жил болоод сургуулиа орхиж, хөгжмийн хүн болохоор шийдсэн. Швейцарьт байхдаа ч гэсэн сонирхлоо дагаж цомог гаргаж байсан. Берклид сурахын тулд өөрийгөө бэлтгэх маягаар.
-Их сургуульд орохоосоо өмнө үү?
-Тийм ээ. “Хөөрхөн сармагчин” гэж франц хэл дээр цомог гаргаж байсан. Франц дээр өөрөө үгээ бичиж, хөгжмөө зохиогоод, өөрийнхөө хэмжээнд цомог гаргаж үзсэн. Бага байсан ч гэсэн их зоригтой байж.
-Тэгэхээр та хэлний мэдлэг сайтай юм?
-Орос, Англи, Франц хэлтэй. /инээв/
-АНУ-д хэр удаан амьдарч байгаа вэ. Сургуулиа хэзээ төгсөв?
-Америкт ирээд зургаан жил болж байна. Өнгөрсөн жил сургуулиа төгссөн. Хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцсан.
-Та Германы шилдэг хөгжмийн зохиолчтой хамтарч ажилласан байна. Тэр том тайзан дээр, тэгээд дэлхийн шилдэг киноны хөгжимд хамтарч ажиллана гэдэг бахархал. Энэ тухай та дэлгэрүүлж яриач. “Харанхуйн хөлөг баатар” киноны уран бүтээлчидтэй яаж холбогдсон бэ?
-Тэр маш том төсөл байсан. Төслийн зорилго нь Румын болон Европын сонсогчдод Холливудын алдартай кинонуудын хөгжмийг амьдаар нь тоглож танилцуулах байсан юм. Азаар би Бостонд олон шилдэг хөгжмийн зохиолчидтой хамтарч ажилладаг. Реклам сурталчилгааны хөгжим, киноны хөгжим гээд олон бүтээлд оролцох боломж надад олдсон. Тэгж яваад Жерард Марино гэж хөгжмийн зохиолчтой танилцаж байлаа. Тэр бол “Бэтмэн”, “Инсепшн”, “Да Винчийн код” зэрэг киноны хөгжмийн зохиолч, гайхамшигтай хүн. Түүний урилгаар би “Харанхуйн хөлөг баатар” киноны хөгжим дээр хамтарч ажилласан.
-Их өвөрмөц өнгө аясаар дуулсан. Уртын дуутай ч төстэй юм шиг?
-Уртын дууны өнгө аяс байгаа. Анх нот хараад, сургуулилт хийж эхлэхэд яг тэр хөгжим дунд монгол уртын дууны гэмээр нугалаас, хэмнэл яваад байсан. Яг л уртын дуу шиг. Тэгээд гэнэт л надад яагаад уртын дууныхаа тэр сайхан аялгууг шингээгээд дуулж болохгүй гэж гэсэн бодол төрсөн. Тийм ч болохоор монгол дээлтэйгээ тэр тоглолтод дуулсан. Үзэгчид ямар гоё хүлээж авсан гээч. Зарим нь бүр нулимс дуслуулан сонссон. Тэр тоглолтын дараа би монгол хөгжим, Монголын урлаг ямар агуу аялгуу, хэмнэлтэйг би илүү мэдэрсэн.
-Аан тийм. Та цэнхэр дээлтэй дуулдаг шүү дээ. Тэр дээл таньд бага зэрэг томдсон байсан?
-Ээжийн маань дээл байсан. Гэнэт л монгол дээлтэй дуулахаар шийдсэн болохоор би өөрөө дээл хийлгэж амжаагүй юм. Тэгээд ээждээ захиж, яг тоглолтын өмнө авчруулж байсан. Тоглолт эхлэхийн өмнөхөн ээж дээлээ барьчихсан тайзны ард гүйж ирээд л… Бид хоёр хэрэндээ сандарсан шүү. Гэхдээ ямар ч байсан монгол дээлтэйгээ л дуулсан даа. Монголоо сурталчилъя л гэж бодсон.
-Тайзан дээр сандардаг уу. Ялангуяа тэр том, олон улсын тайзан дээр?
-Тоглолтын өмнө жаахан сандарч байсан. Гэхдээ түүнийг байхгүй болгох хэрэгтэй. Тайзан дээр миний ард 150 хөгжимчин ажиллаж, урд маань танхим дүүрэн үзэгч биднийг сонсохоор ирсэн байхад бүх хүн хичээх хэрэгтэй шүү дээ. Яаж тэр олон хүний сэтгэл, зүрхэнд хүрэх вэ… Үүнийг л боддог. Ер нь тайзан дээр дуулж байхад өөрийн эрхгүй л их сайхан энерги мэдрэгддэг. Сандарсан, эмээсэн бүх зүйлс алга болдог.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу?
Э.ТЭКҮ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №025