-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ зуныг их завгүй өнгөрөөж байгаа бололтой. Саяхан нээлтээ хийсэн “Single ladies” киноноос тань яриагаа эхэлье гэж бодож байна.
-Баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ зуныг амралгүй сайхан өнгөрөөлөө. Ажлынхаа амралтыг тааруулаад “Single ladys” нэртэй кино хийлээ. Энэхүү киноны зохиолын Миеэгомбо бичиж найруулсан. Харин оператороор “Бондоолой” фильм маань ажилласан. Жүжигчдийн хувьд Эрдэнэзаан, Төтө, Ганзо, Жавхаа, Ганбаа, Сөрөлт, Отгоо гээд ихэнх нь залуу жүжигчид тоглосон. Хамгийн хөгшин нь би л байна. /Инээв/
-Ер нь энэ киног юунаас санаа авч хийх болсон бэ?
-Киноныхоо санааг би өөрөө гаргаад зохиолыг нь хүнээр бичүүлсэн. Анх удаа киноны продюсер хийж үзэж байна. Яагаад ийм кино хийх болсон юм бол гэж хүмүүс бодож магадгүй л дээ. Миний хувьд маш олон найзтай. Найзууд дунд минь ганц бие бүсгүйчүүд нэлээдгүй байдаг. Ер нь найзын өргөн хүрээтэй гэж хэлж болно. Надаас маш олон дүү найз байхад эгчмэд найзууд ч бий. Цаг зав гарахаар ганц бие найзуудтайгаа ярилцаад сууж байхад төрсөн санаа юм л даа. Мэдээж эмэгтэй хүмүүс нэг нэгэндээ санаа тавиад хань ижилтэй болох талаар зөвлөгөө өгөнгүүт ихэнх найзууд маань ганцаараа байх сайхан байна. Би санаа зовохгүй байхад хүмүүс өмнөөс минь санаа зовоод байх нь тээртэй юм гэсэн үгнээс л ийм кино байж болох юм байна гэж бодсон.
-Таныг хүмүүнлэгийн ажил эрхэлж байгаа гэж сонссон. Яагаад энэ салбар руу орох болсон бэ? Эмнэлэгийн тохижилт таны санаанд хүрэхгүй байсан уу?
-Урьд нь “Ард Аюуш” хэмээх ажил хэрэгч реалити шоунд орж байсан. Тэр шоунд оролцохдоо би I төрөхийг тохижуулсан л даа. Тэр буяны ажил надад сайхан санагдсан. Ер нь цаашдаа хүмүүнлэгийн ийм ажил хийх юмсан. Хаана, юу хэрэгтэй байгаа бол гэж бодож явсан. Тэгээд ч саяхан дотны хүн маань өвдөөд, эмнэлэгт нэг хэсэг сахилаа. Яг үнэндээ анх удаа сахиур хийж үзсэн. Сэтгэл санаа тавгүй байхын дээр, сахиур хийж байгаа хүмүүс үнэхээр тохигүй байдаг юм билээ. Эмнэлэгийн хонгилд нь нэг төмөр сандал, хогийн савнаас өөр юм байхгүй. Эрүүл мэндийн яам өвчтөнд зориулсан эм тариа, тоног төхөөрөмжид санхүүжилт зориулдаг л байх. Харин эмнэлгийн коридорт өвчтөнөө сахиад сууж байгаа ар гэрийнхэн нь хэцүү байдалтай санагдсан. Үүнийг шүүмжлэхдээ асуудлын гол байгаа юм биш. Ажил болгоод, тохижуулж өгье гэсэн чин сэтгэлээр л хандаж энэ ажлыг эхлүүлсэн. Тийм ч учраас чадлынхаа хэрээр 1-р эмнэлэгийг тохижуулая гэж бодож байна.
-Ер нь эмнэлгийн тохижилт их муу байдаг талаар иргэд санал бодлоо байнга хэлж байдаг. Энэ тал дээр салбар хариуцсан албан тушаалтангууд нь хариуцлагагүй байх шиг санагддаг уу?
-Эрүүл мэндийн яам өвчтөнд зориулсан эм тариа, тоног төхөөрөмжинд санхүүжилт зориулдаг л байх. Гэхдээ хийхээсээ илүү ярьдаг хүмүүс л улс төрд байдаг юм шиг санагддаг.
-Тийм ч учраас бүтээн байгуулая гэсэн чин сэтгэлтэй хүмүүс улс төрч болох хэрэгтэй юм шиг санагддаг. Сүүлийн үед урлагийн хүмүүс улс төрд орох мөн эмэгтэй улс төрчид ч цөөнгүй гарч ирлээ. Магадгүй ирээдүйд таны орон зай улс төрд байх болов уу? Та юу гэж боддог вэ?
-Ёстой үгүй. Бодохоос ч инээдтэй санагдаж байна. Миний орон зай бол урлагт л байдаг гэж боддог.
– Ярианы сэдвээ жаахан өөрчлөөд уран бүтээлийн сонин сайханруу эргэн ороё гэж бодож байна Тун удахгүй “Шинэ үе” продакшны “facebook-ийнхээ зураг шиг л байл даа” тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолт өмнө нь тоглогдож байсан тоглолтоос юугаараа ялгаатай болох бол?
-Манай продакшн энэ сарын 16-аас эхлээд “facebook-ийнхээ зураг шиг л байл даа” хошин шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргэх гээд бэлтгэл хийгээд явж байна.
-Нэрний тухайд орчин үетэйгээ хосолсон өвөрмөц нэрийг бодож олсон байна. Яагаад тоглолтоо ийм нэрээр нэрлэх болов?
-Хүмүүс нэг нэгнээ “facebook-ийнхээ зурагнаасаа шал өөр юмаа” гээд л ярьдаг ш дээ. Ер нь өөрөөрөө байх гэдэг утгаараа ингэж нэрлэсэн. Одоо залуучууд facebook-ээр холбогдож мэдээллээ солилцож байна. Өнөөгийн нийгэмтэй уялдуулж уран бүтээлээ хийхийг зорьдог.
-Таны хувьд цахим хуудасны идэвхитэй гишүүн байж чаддаг. Өөрийн фэнүүдтэйгээ санал бодлоо хуваалцах цаг зав хэр гаргадаг вэ?
-Би ер нь цахим ертөнцөөр их аялдаг. Гэртээ байхдаа ч цаг зав гарвал Фэйсбүүкээ шалгадаг. Намайг дэмждэг хүмүүстэйгээ аль болох холбоотой байхыг хичээдэг. Гэхдээ цаг зав багатай болохоор тэр бүр хариулт өгөөд байж чаддаггүй учраас оновчтой зөв юманд нь тодорхой хариулт өгөхийг хичээдэг.
-Урлагийн хүмүүс цаг наргүй ажилладаг учраас гэр бүлдээ зав гаргах нь муу байдаг шүү дээ. Нөхөр тань хэр ойлгодог вэ?
-Маш сайн ойлгодог. Надад тусладаг. Намайг дэмждэг. Гэхдээ урлагийн хүмүүсийг нэг л их завгүй хүмүүс байдаг гэж ойлгож болохгүй л дээ. Хүмүүс өглөө ажилдаа яваад орой гэртээ ирдэг бол бид орой 5 цагаас хойш ажлаад өдөртөө завтай л гэртээ сууж байдаг ш дээ. Харин тоглолт дөхөөд ирэхээр үнэхээр завгүй байдаг ч жилд 3-4 удаа л тоглолттой байдаг. Энэ үед нөхөр маань ч гэсэн надтай адилхан завгүй болчихдог. Намайг хүргэж өгнө. Орой тарахаар очиж авна. Заримдаа тосож авна. Эсвэл гэрийнхээ үүдэнд хүлээгээд зогсож байдаг.
-Гэрийн эзэгтэйн үүргийг хэр сайн гүйцэтгэдэг вэ? Хоол хийх гэр орны ажил гээд л….
-Өөрийгөө магтах ч муухай л юм даа. Гэхдээ хоолыг бол маш сайн хийдэг шүү. Бүр хобби болгож хийх дуртай. Нэг хоолыг олон салаттай хийнэ. Нэг хийсэн хоолоо ойр ойрхон хийх дургүй. Ямар ч завгүй байсан гэртээ хоолоо хийж иддэг. Найз нөхөдтэйгээ уулзах үед л гадуур хооллодог.
-Нөхөртэйгээ анх танилцаж байсан дурсамжаа манай уншигчидтай хуваалцаач.
-”Анун” компанид хамт ажилладаг байсан. Тэгээд нөхөр маань шинээр ажилд орж байсан тэр үеэс л бие биеэ олж хараад танилцаж сайхан гэр бүл болон амьдарч байна даа. 25 настай анх танилцаад 26 насандаа хуримаа хийж байсан. Одоо ханилаад 13 жил болж байна.
-Нөхрөөсөө авч байсан хамгийн том бэлэг юу байдаг вэ?
-Манай нөхөр их романтик хүн л дээ. Ер нь өдөр болгон л шинэ үг, урам зориг, эрч хүч өгч намайг баярлуулж байдаг. Бэлэгний тухайд би нөхөртөө хэлдэг. “Чи их бэлэгний соёлтой” гэдэг өөрөөс нь асууж байгаад л дуртай юмыг нь авч өгдөг. Надаас янз бүрийн арга хэрэглэж тойруулж асууж байгаад л юу хэрэгтэй, юунд дуртайг минь мэдчихдэг.
-Тантай ярилцаад сууж байхад их эрч хүч мэдрэгдэж байна. Тайзны дүрээс тань харахад их галзуу эмэгтэй мэтээр төсөөлөгддөг байсан. Жүжигчин Ундармаа болон ярилцаад сууж байгаа Ундармаа хоёрын ялгаа нь юу вэ?
-Ер нь жүжигчин хүний гаргаж байгаа дүрд өөрийн зан чанар бас ордог л доо. Гэхдээ өөрийгөө хараад байхад их олон ааштай юм шиг санагддаг. Хааяа бүүр дуугаа хураагаад дүнсийчихнэ. Хааяа юм яриад л инээгээд л энд тэнд үсэрч дэвхцээд л галзуу болчихдог болохоор янз, янзын ааштай юм шиг байгаа юм./Инээв/
-Та энгийн үедээ ч их сайхан харагдах юм. Ер нь биеийн жин галбираа ингэж сайхан хадгалж байгаагийн нууц юунд байдаг вэ? Ямар нэгэн бүтээгдэхүүн хэргэлэдэг үү?
-Галбир байхгүй ш дээ, тарган. /Инээв/ Миний хувьд биеийн жин их амархан алдагддаг. Бараг тав хоногт таргалаад тав хоногт турдаг. Жингээ хадгалахын тулд ямар нэг бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Харин жилдээ нэлээд хэдэн хоногоор мацаг барьдаг. Мөн манай гэр бүл цагаан будаа, цагаан гурилаас татгалздаг. Болж өгвөл гурвалжин будаа, бор гурил хэрэглэдэг.
-Бүсгүйчүүд маань сүүлийн үед өөрийн гэсэн саашаадаг брэндийн хувцасыг түлхүү өмсдөг болсон. Таны хувьд?
-Ер нь брэнд гэхээсээ илүү биедээ таарсан эвтэйхэн хувцас сонгож өмсөх дуртай. Брэнд гэвэл сүүлийн хэдэн жил “Скада”–ийн цүнх, гутал гээд ихэнх нь таалагддаг болохоор “Скада” брэндийг таашаадаг.
-Ард түмний хайртай жүжигчин болохоор тэр их хайр хүндэтгэлийг яаж мэдэрдэг вэ?
-Хүмүүсийн инээмсэглэлийн жаахан хэсэг л надад хангалттай байдаг. Маш сайхан санагддаг. Энд тэнд явж байхад мэндлээд өнгөрдөг. Зарим нь маш сайхан урмын үг хэлдэг. Энэ бүх хүмүүсийн хүндэтгэлийг дааж явахыг хичээж, илүү сайн уран бүтээл хийхийг л зорьдог. Заримдаа тоглолтоор энд тэнд явж байхад танихгүй хүмүүс хүртэл сэтгэлээ нээж зовлон, жаргалаа ярилцдаг.
-Жүжигчин хүн уран бүтээлийн шаардлагаар тайзан дээр хагас нүцгэн гарах тохиолдол гардаг. Энэ бүхнийг үзэгчид яаж хүлээж авдаг вэ? Шүүмжлэх тохиолдол гарч байсан уу?
-Шүүмжлэх тал дээр ер нь гайгүй шүү. Гэхдээ саяхан миний цахим хуудсанд гэр бүлийн маань зурган доор “Ийм сайхан нөхөртэй байж юундаа дахин дахин нүцгэлээд байдаг юм бэ, нүцгэлэхээ болиоч” гээд биччихсэн байсан. Уг нь би тийм олон удаа нүцгэлээгүй. Аль дээр үеийн “Эр хүний ноён нуруу хаана хугардаг вэ” гэдэг жүжгэнд хагас нүцгэлсэн. Даанч өдөр болгон зурагтаар бүх телевизүүд нь дахин, дахин гаргаад байхаар л намайг дахин, дахин нүцгэлээд байна гэж боддог юм шиг байна лээ.
-Та театрын жүжигчин мэргэжилтэй ер нь анх яагаад хошин урлаг руу орсон юм бэ?
-Тухайн үед сургуулиа дөнгөж төгссөн биднийг театрууд авдаггүй байсан. Ганц нээлттэй салбар нь хошин урлаг байлаа. Тэгээд “Шинэ үе” продакшиндаа ороод, тасралтгүй 18 жил ажиллаж байна.
-Сүүлийн үед уран бүтээлчид хамтлаг байгуулж өрх тусгаарлан гарах нууцхан хүсэлтэй болсон юм шиг санагддаг. Таны хувьд энэ талаар боддог уу?
-Эгч нь “Шинэ үе продакшн”-д орсон цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл гарах тухай нэг ч удаа бодож байгаагүй.
-Таныг их сонирхолтой хоббитой гэж сонссон энэ талаар яриач?
-Би “Анун” тавилгын компанид 13 жил ажилласан. Ер нь тэндээс ажлын хариуцлага, бизнесийн соёл гээд л бүх юмыг сурч авсан. Миний хобби маань ч гэсэн тавилгын дэлгүүрт ажиллаж байсан үетэй холбоотой. Тэр чиглэлээрээ сонирхож байгаад сандал цуглуулах хоббитой болсон. Сүүлд Бээжинд явж байгаад жижигхэн чамин сувенирын сандал худалдаж авснаасаа хойш цуглуулж эхэлсэн.
-Хобби тань хэр өргөжсөн вэ хамгийн үнэтэй нь хэдэн төгрөгөөр авч байв?
-Хамгийн үнэтэйг нь Бээжингээс 100 ам.доллар авч байсан. Цуглуулга маань нэлээд өргөжсөн. Яг хэд болсныг одоогоор тоолж үзээгүй л байна.
-Уран бүтээл, бизнес гээд бүх юм чинь амжилттай явж байна. Тэгвэл таны цаашдын зорилго юу вэ?
-Би дөрөвдүгээр ангиасаа эхэлж жүжигчин болно гэж мөрөөдөж байсан. Тэр үед их мөрөөдөмтгий байлаа. Тийм нөхөртэй болно гээд л мөрөөддөг байсан. Одоо тэр мөрөөдлүүд маань ихэнхи нь биелсэн. Сайхан ханьтай болсон. Одоо цаашдаа өөрт оногдсон ажлаа сайн хийхийг хичээж байна. Хүн надад итгэж байгаа бол итгэлийг нь алдахгүй ажиллахыг л хүсдэг.
Цаг заваа гарган ярилцсанд баярлалаа. Таньд уран бүтээлийн өндрөөс өндөрт амжилт хүсье.