“Учиртай 3 толгой”-н дуэтыг бурханлиг дуучин гэгддэг Сарангуатай дуулж, ус нутаг, аав ээжээрээ барахсан олон сайхан дууг амьдруулсан Соёлын тэргүүний ажилтан Б.Энхбаяр “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ байгуулаад нилээдгүй хугацаа өнгөрчээ. Тэрээр энэ төрийн бус байгууллагынхаа хүрээнд олон ажил хийхээр эхлэж байгаагийн нэг нь амьдралын боломж тааруу айл өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авч өгөх тоглолт зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар болон түүний ура бүтээлийн талаар хүүрнэлдсэнээ хүргэе
– СТА Б.Энхбаяр нэг үе таг чимээгүй алга болчих юм аа?
– Таг чимээгүй ч юу байх вэ. Уран бүтээлээ хийгээд л явж байна даа.
– Анх Сарангуатай хамт “Учиртай 3 толгой” –н нэг хэсгийг дуэт дуулж байсан шиг санагдах юм
– Тийм тийм Тэр чинь одоо анх Учиртай 3 толгойн дуэтийг дүрсжүүлсэн бүтээл юм шүү дээ. Г.Нямдаваа гуайн “Учиртай 3 толгой” –н шүүмж байдаг. Юу гэж хэлсэн бэ гэхээр "ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. Энэ бүгийг нарийн судлаж Сарангуатай хамтран дуэт дуулахдаа маш их анхаарсан. Тэгээд дүрсжүүлсэн нь бараг миний анхны уран бүтээл гэж хэлж болно.
– СТА Сарангуа энэ дуэтээс хойш амар амирлангуйн даан ялангуяа бурханы дуу их дуулах болсон гэгддэг?
– Тэр бол тухайн хүний хэрэг. Харин нэг зүйл хэлэхэд энэ дуэтийг дуулснаас хойш Сарангуагийн бүтээлүүд гарсан бус урд өмнө ч дуулж байсан шүү дээ.
– Дууны тухай олон л дурсамж байдаг байх. Харин энэ дууг ингэж өөрчилж дуулая гэсэн санаа хэр байдаг вэ?
– Ер нь бол дуучин хүн шүлгээ харж найрагчтайгаа ярилцаж, ая данг нь хөгжмийн зохиолчоосоо асууж суралцан бүтээл төрүүлдэг. Энэ бүтээл төрөх агшин маань заримдаа маш удаан юм шиг зарим хүмүүст санагддаг байх. Миний хувьд барьж авсан уран бүтээлээ олон түмэндээ хүргэхийн тулд маш их ажилладаг. Тийм ч болохоор өөрийн чинь түрүүн хэлсэн шиг “таг” алга болчихгүй юу. Заримдаа нэг үг ч юм уу мөр ч юм уу жаахан өөрчилөх тохиолдол байдаг. Харин тэр бүхнийгээ хөгжмийн зохиолч, яруу найрагч гурвуулаа сууж байгаад ярилцана шүү дээ. Түүнээс хүний оюуны бүтээлийг хэн нэгэн өөрийн дураар өөрчлөөд байх эрх байхгүй.
– Уран бүтээлээс хөндийрөөд хүүхдийн эрхийн тал дээр ажиллаад байгаа юм биш үү?
– Тийм тал бий. Яагаад гэхээр миний нэг зорилго байна. Хүүхдийн уран бүтээл хийх. Тэгээд ч өнөөдөр хүүхэд гэдэг тэр энхрий ертөнцийн тухай дуугардаг ч зарим талаараа эрх нь зөрчигдөх явдал гарсаар л байна. Өнөөдөр Монголын нийгэмд амьдралын боломж тааруу өчнөөн хүүхэд байна. Тэр хүүхдүүдийн төлөө гадны байгууллага бус бид ч ажиллах хэрэгтэй. Тиймээс Хүүхэд Ирээдүйн Эзэд гэсэн ТББ байгуулсан
– Хаа сайгүй л ТББ нэртэй газрууд байна ш дээ. Танай хийх ажлын онцлог нь юу юм?
– Бодит зүйл хийж байж ТББ оршин тогтноно. Түүнээс нэг ТББ гэсэн тамга халааслачихаад би тэр ТББ-ийн тэргүүн гээд цүнх бариад хаалга тогшоод хандив гуйгаад яваад байвал ямар ч утгагүй. Манай анхны ажил бол 2013 оны 9-р сарын 6-ны 19-н цагт холимог оддын нэгдсэн тоглолт зохион байгуулж телевизээр шууд цацуулах, олсон ашигаараа Улаанбаатар хотын 6-н дүүргийн нэн ядуу айлын 300 хүүхдийг бүтэн жилийн хичээлийн хэрэглэлээр хангах. Нөгөөтэйгүүр урлаг соёлынхныг өөрсдийн үйл ажиллагаанд уриалан дуудаж нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх.
– Хандивын тоглолт хандивын тоглолт л гэнэ. Үнэхээр энэ тоглолт тэр эзэндээ хүрч чаддаг бол сайн л байна. Гэтэл тоглолтонд оролцоно гэсэн дуучид ирдэггүй ч юм уу. Аль эсвэл зохион байгуулалт муутай цагаасаа хоцорч эхлэх гээд олон зүйл тулгардаг?
– Тийм зүйл бишгүй л ажиглагддаг. Харин бид энэ удаад яг цагтаа эхлэх тал дээр хамгийн эхлээд анхаарч ажиллана. Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй дуучид, тэгээд ч бүгд л үр хүүхэдтэй болохоор энэ тоглолт маань үр дүнгээ өгнө. Тэр цугласан мөнгө эздэд хүрэх асуудлыг бол телевизээр нэвтрүүлэг хийж энэ 6 дүүргийн 300 хүүхдэд хичээлийн хэрэгсэл авч өгсөнөө ч харуулна гэж бодож байгаа.
– Хичээлийн хэрэгсэл гэхээр хятадаас авчирсан чанар муутай эд зүйлс шахлаа гэх асуудал ч гарна?
– Бэрхшээл яриад байвал зөндөө л бэрхшээл байна. Солонгос, хятад гээд ялгаж салгах нь үнэн л дээ. Харин мөнгийг нь өгөөд ав гэвэл яг өөрийн чинь хэлсэн асуудал үүснэ. Тиймээс 6 дүүргийн боловсролын хэлтэстэй ярьж байгаад гаргасан судалгаанд нь түшиглэн хангана гэж бодож байна.
– Нэг дүүрэгт 50 хүүхэд ард нь өчнөөн хүүхэд үлдэх нээ?
– Харин тийм. Гэхдээ энэ удаад бидний энэ үйл ажиллагаа цаашид улам өргөжинө. Өнөөдөр Монголын ирээдүй болсон хүүхэд багачуул нийгмийн шат давхарагын ялгаанд улам тодорчялгагдаж харагдаж байна. Саяхан хичээлийн дүрэмт хувцасны асуудал олон л хүний толгойн өвчин боллоо. Энэ бүхнээс харахад баян хоосон гэсэн нийгмийн ялгаа үр хүүхдэд маань ямар тусч байгаа нь үнэхээр сэтгэл өвтгөж байна. Тиймээс манай ТББ хойшид тэр нийгмийн ялгаралыг багасгах зорилтоор ажиллана
– Өөр ямар ажил хийх талаар?
"Нэг мод" хөтөлбөр
"Элит монгол" төсөл
"Эх орон миний гэр" хөтөлбөр
"Хаалганы цаана" нэвтрүүлгийн төсөл
"Хаалганы цаана" кино төсөл
"Хүүхдийн хөгжил" хөтөлбөр
"Хүүхдийн лавлах" төсөл эдгээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлийн тулд ард түмэн, албан байгууллага, урлаг спортынхонд үйл хэргээ сурталчилан таниулж, "Хүүхдийн ирээдүй бидний гарт" уриан доор бидэнтэй нэгдэхийг уриалж доорхи хандивийн тоглолтын төслийг эхлүүлээд байна.
– Эргээд уран бүтээл рүүгээ ороё. Урын санд тань “Заавал үр чинь очно доо” гээд нэг дуу байдаг байх аа?
– Тийм нилээн хэдэн жилийн өмнө хийсэн уран бүтээл. Хүн бүр ээж аав, төрсөн нутагтаа очихыг маш их хүсдэг. Тиймээс ч Монголын яруу найрагч, хөгжмийн зохиолчид маань энэ төрлийн дууг ч олноор төрүүлж, түүнийг нь олон дуучид дуулсан байдаг.
– Захиалгатай дуу ер нь хэр дуулж байв?
– Захиалгатай ч гэж нэг их бодддоггүй. Ер нь хувь хүн яг өөрийнхөө тухай дуу дуул гээд мөнгө амлавал харин ч нэг чадахгүй ззүйл тэр байх.
– Яагаад. Өнөөдөр мөнгөөр л бүх зүйл хэмжигдэж байна ш дээ?
– Уран бүтээл мөнгөнөөс ангид байх ёстой.
– Мөнгөгүй бол уран бүтээл төрөхгүй?
– Тэр ч тийм гэхдээ үнэхээр хүний сэтгэлд хүрсэн дуу дуулж чадвал тэр уран бүтээлч хүний бахархал. Түүнээс ганцхан чамайг магтсан дуу дуулаад хүнд хүрэх үү. Энэ бүхнийг л сайтар бодох хэрэгтэй
– Тэгвэл Мөнгө-Уран бүтээл төрүүлж чадахгүй гэсэн хэрэг үү?
– Энэ дээр хоёр өнцөгөөр хандах хэрэгтэй. Уран бүтээл хийхэд хамгийн түрүүлээд мөнгө хэрэг болох нь ойлгомжтой. Гэхдээ сэтгэлээс мянга сайхан уянга гарч байхад энэ чинь мөнгөөр захиалгаар бүтэж байна гэхээр хүмүүс хүлээж авахгүй болчихно. Тиймээс дууны хувьд ч шүлгийн хувьд ч дан ганц мөнгөний уран бүтээл тодорхой хүрээндээ л сонсогдоно гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Тэрэн дор замын фургонд эгшиглэх тийм л ард түмэнд хүрсэн уран бүтээл миний сэтгэлд хамгийн ойрхон байдаг юм.
– Фургоны дуунууд гээд сайтууд дээр тавигдчихсан байдаг?
– Яадаг юм тэгж л байг. Тэр дуу хүнд хүрсэн, хүний сонсох дуртай дууны нэг болсон болохоор л тэр аян замын уртад сонсож, сэтгэлийг нь хөндөх сайхан дуу болсон болохоор эгшиглэж л байг. Фургоны дуу байна уу, Орцны дуу байна уу хүмүүс дагаж аялаад сонсоод явж байгаа нь л сайхан хэрэг
– Ингэхэд Энхбаярын гэр бүл
– Би ч удахгүй алдарт эхийн одон эхнэртээ, аавын медаль өөртө авах болчихсон хүн ш дээ. /инээв/. Манайх гурван хүүхэдтэй. Эгэл нэгэн л айл.
– Баярлалаа. Сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээе
– Баярлалаа. Хүүхдийн ирээдүйн төлөө ажилладаг сэтгэдэг хэн бүхэнтэй уран бүтээлээрээ хамтран ажиллахад миний хувьд бэлэн гэдгээ энэ дашрамд дуулгачихая. Мөн тун удахгүй энэ сарын 6 нд болох нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдэд зориулсан Хүүхэд ирээдүйн эзэд тоглолтыг минь үзээрэй гэж хэлье
Ярилцсан Б.Эрхэс