Энэхүү найраглал шинэ амьдрал цогцолсон монгол орны зэлүүд хөдөө нутагт өндөр хүчдэл хүрч цахилгаан гэрэл нэвтэрч буй агшинд урьдын цагт шөнийг гэрэлтүүлэх ганц хүчин зул, зулыг агуулдаг сав буюу ширмэн цөгц өнөөгийн цахилгааныг агуулан дамжуулагч өндөр хүчдэлийн цамхаг хоёрыг харьцуулж буй зохиолчийн үгээр эхэлж байна. Энэ хоёрын тухайд нэгий нь:
Гариг эрхэсээс унасан
Галт мөнгөн сум шиг
Газар дэлхийд ургасан
Гандирсын цагаан суварга шиг гэх зэргээр домог үлгэрт гардаг үлэмж биетэн лүгээ зүйрлэсэн бол нөгөөг нь
Харахад халгүй ч
Хар санааны хэвэнд
Хаадын зарлигаар цутгасан
Харийн энэ цөгц гэсэн нь уг цөгцийг монголчууд өөрсдөө хийгээгүй харин харийн хааны хааны зарлигаар “хар санааны хэвэнд цутгасан” хэмээн зэвүүцэж байна. Энэ хар санаа чухам юу байв? гэдгийг зохиолч Оюунан-аа бүсгүйн амьдралд тохиолсдон үйл явдлаар гаргасан байна. Энд харин чухал юмыг анхаарах нь зүй. Зохиол “Ширмэн цөгцний дууль” нэртэй. Гэвч эхэнд өгүүлсэнчлэн зохиолчийн бодол санаа, үзлийг илэрхийлсэн цөөн мөрийн араас “Шуушуурын наймаачинд шулуулж байж авсан” энэ цөгцийг
Эзэд нь өөхөн дэнтэй
Эмээл дээр өргөн
Энэ зууны босгоор
Эцсийн амьсгал шиг оржээ гэсэн үгэнд харийн энэ хар санааны цөгцийг хамаг юмаа шулуулж байж авсан ч гэрэл нь үзэгдэх төдий өөхөн дэн. Гэвч энэ дэн удаан асаагүй “эцсийн амьсгал шиг” энэ зууны босгоор орсон нь харанхуй бүдүүлгийн төгсгөл гэсэн санаа юм.
Цөгцөнд шингэсэн хар санаа яаж илэрч, ямар гай тарьсныг энд нэгэн зурвас үйл явдлаар илэрхийлнэ. Энд Оюунан-аа амь үрэгдсэн ч амьдралынхаа тухай “би” баатрын өгүүлэмжээр яриад түүнийг нь зохиолч дамжуулж байгаа зохиомжийн сонин хэлбэр ажиглагдана.
Үйл явдлын дараалал нь нэлээн сонин. Оюунан-аагийн яриагаар эхлэн үйл явдал үзэсгэлэнтэй сайхан “Найман нуур” орчмын дүрслэлээр эхэлж
Усны хар бух өглөө
Уулын нуурандаа өргөө сольж
Уяатай үнээ тугалаа мөргөтөл
Урамдаж байгаад ордог..гэсэн домогт итгэн ус гэсэхлээр тэр бухыг унаад аав нь гараад ирнэ гэж бодох Оюунан-аагийн бодол залгаж, цааш нь аав нь энгийн амьдралтай анчин хүн байсныг
“Амин зуулгаа үүрэндээ зөөсөн
Алтан амтай хараацай байлаа” хэмээн урнаар дүрсэлсэн байна. Гэтэл тэр хараацай нь ангаа хийж яваад эргэж ирэлгүй эндэж алга болсноос охин ээжийнхээ хамт “ховор хоосон, явар ядуу, хоёр идэлгүй, хоосон хонолгүй, хоног сарыг элээж” байна.
Гэтэл нэг өдөр Оюунан-аа ээжийнхээ ярьсан усны бухны тухай домгийг бодон бас үгүй болсон эцгээ мөрөөдсөөр “гэзгээ цавлахаар” нуурандаа тонгойтол усны толионд нэг их сайхан хар хүүгийн дүр үзэгдсэн нь заяаны хань нь болох Буянай байжээ. Зохиолч энд ерийн хүний бодол, домгийн өгүүлэмж, санаандгүй учрал зэргийг нэг шижимд холбон гаргасан нь зохиолын өгүүлэмжийг сонирхолтой болгохын сацуу дүрүүдийн шинж төрхийг тодотгож өгсөн байна.
Тухайлбал домгоо бодоод суутал гэнэт Буянай гарч ирсэн. Үүнд зочирдсон Оюунан-аа “эрэг дээрээс үсрээд буух” эр хүний хөлийн чимээгээр – Ээж ээ! гэж хашгирах гэсэн авч мөнөөх эрийн төрх байдалд автан “хурууныхаа салаагаар зайчлан шагайж”
Нүгэл буяныг бодсон ч юм уу
Нүдний нь сайханд болсон ч юм уу үл мэдэх шалтгаанаар “нүүрээ дарсан гараа авч, нүцгэн хөлөө элсээр булж” байгаа, “эмзэглэн хашгирч, эх хүний итгэж явдаг энгэрийн товчоо эмэрч үзэж” буй зэрэг нь цэвэр ичимтгий монгол бүсгүйн төрхийг зан заншил, үйл хөдлөлөөр нь гаргаж байна. Тэгвэл түүний итгэлт хүн Буянайг:
Эмнэг адуу шиг омголон дүртэй
Эрх ботго шиг тормогор нүдтэй
Эз хатгасан тэр хархүү
Эр хүний хийморь байлаа
Өлзий нь сэвтсэн элгэн дээлэнд
Өнгө нь сэмэрсэн гяраг ороож
Өргөн хажтай тоорцог тавьсан нь
Өөрт нь ёстой ургасан байлаа гэх зэрэгээр гадаад төрх байдлаар нь дээрх чанарыг илэрхийлсэн байна.
Цааших үйл явдлын өрнөлөөр Буянай найрт гурван дуутай, наадамд гурван даваатай эр хүн шиг эр хүн тул нэгэн наадамд барилдахдаа эзэн ноёны зээтэй учраа таараад эр чадлын хүчээр “эсгий татсан азарга шиг болгоод” хаясан ч дээдчүүд булхайцан дахин барилдулахад нь “асрын хэцтэй давхар дэгээдэж, амнаас нь цөс амтагдтал шидээд алхаад гарчихсан нь алдас болж” улмаар наадам үзэж суусан хятад худалдаачин лугаа маргаж
“Холоос ирээд хот чинийх
Хотонд ороод хонь чинийх
Хониор авсан хоргой чинийх
Идээд идээд цаддаггүй юм бол
Ингэж цадаад тонил гэж
Их хултай айрганд гудран
Ичдэггүй нүүрий нь элгийг хуулснаас” хэрэг мандан баригдан шоронд орсныг
Тэрнээс болоод газар булгиж
Тэнгэр дээрээ тэмээ туйлж
Тэдний гарт Буянай минь орж
Тээрмийн хөлд буудай болжээ хэмээн маш урнаар дүрсэлжээ.
Гэвч хувь нэгт нөхдийн ачаар, хуягий нь хүлээд оргон гарч явах замдаа мөнөөх хятадыг “нохой явган Бээжин зам дээр нойтон голтой хаяад явснаар” үйл явдал үргэлжлэхийн сацуу ширмэн цөгцний хэрэг эргэж мандахын зангилаа болж байна. Энэ хооронд хүүхний эх нь нас барж, тэд эхийн гэрээсийн дагуу Эрдэнэзууг бараадан амьдарч байтал нэг шөнө Буянайн эзгүйд мөнөөх амь голтой үлдсэн хятад худалдаачин олон жил эрж сурсны эцэст тэднийг олж ирснээр эхлээд “хятад ухаанаар” эхнэрий нь оролдох гэсэн нь бүтэлгүй болов. Энэ үед Буянай орж ирснээр түүнийг танисан хятад буу гарган буудаж энэ хооронд Оюунан-аа урдаас бэлдсэн хутгаа араас нь зоосон ч хятад үхэлгүй түүнийг буудаж, дөнгөж амь голтой үлдсэн бүсгүй энэ бүхнийг хэрхэн мэдэрснээ ярьж буйгаар энэ явдал төгсөнө.
www.URLAG.mn