Хэрсүү, хэдэр зантай өвгөнөөс хүүгийнх нь тухай хэдэн үг яаж “салгах вэ”, тэр дундаа амьдралынх нь талаар зориг гаргаж асууна гэхээс надад хэцүү даваа мэт санагдсаныг нуух юун.
Яриа өрнүүлж суухад тэрбээр бодож байснаас минь харин огт өөр энгийн нэгэн байлаа.
Хүү Хүсэлбаатар нь “Аавын минь амьдрал тун сонирхолтой, адал явдлаар дүүрэн байдаг” гэхэд аав нь хүүгээ “Урлагийн амьдрал хатуу гэдгийг биеэрээ туулсан болохоор хүүгээ жүжигчин болгохыг хүсээгүй. Хүсэл мөрөөдлөөрөө л урлагтай амьдралаа холбосон хүн шүү дээ. Найруулагчийн ажлаас шантарч, зориг мохохгүй байгаад нь би баярладаг юм” хэмээв.
-Завтай үедээ аавындаа очиж, уран бүтээлийн яриа дэлгэдэг үү?
-Урлагийн ажил завгүй байдаг болохоор аавтайгаа ховор уулздаг. “Завгүй хүн залхуу байдаг” гэж мэргэд хэлсэн байдаг юм билээ. Магадгүй тэр завгүй залхуучуудын нэг нь би байж болох. Ер нь би зохион байгуулалт муутай хүн юм шиг ээ. Аав, найз нөхөдтэйгээ тухтай уулзаад, сайхан яриа өрнүүлж чадахгүй юм.
-Урлагт хөл тавихад аавын тань нөлөө их байсан биз?
-Би ааваасаа үлгэр дуурайл их авсан. Манай аавд хөгжимчин, жүжигчин, найруулагч гээд хийж үзээгүй ажил ховор. Аавын амьдралын замнал тун сонирхолтой, адал явдлаар дүүрэн байсан. Цэргийн алба хааж ирээд, АДБЧ-д хөгжимчнөөр орж, их бүрээ үлээдэг байлаа. Тэр үед би зургаан настай, аавыгаа дагаад ажилд нь очно. Дараа нь аав Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орсон. Тэр үед Б.Магсаржав,С.Бужгар, Л.Лхасүрэн нарын үе тэнгийнхэн нь аавтай нөхөрлөж, уран бүтээлээ туурвидаг байлаа. Урлагийн орчинд өссөн болохоор би багаасаа жүжигчин болно гэж мөрөөдсөн.
-Аавын тань анд нөхдийн халуун яриа жүжигчин болох хүсэл төрүүлсэн байх аа?
-Анд нөхдийнх нь яриаг хүүхэд байхаасаа сонсож өслөө. Аав хүний ганц өргөмөл хүү. Залуудаа танхай, танхил, толгойтой ч явсан хүн. Намайг зураг авалтад байсхийгээд л дагуулаад явна. Түр амсхийсэн үедээ найзуудтайгаа наргина, эсвэл шатар, даам тоглоод суучихна. Намайг Мягмар, Цэнд-Аюуш, Цолмон эгч нар харж халамжилна. Ингэж л миний бага нас урлагийн тогоон дотор буцалж өнгөрсөн. Ээж минь АДБЧ-д эмэгтэй хувцас хэрэгслийн эрхлэгчээр ажилладаг байлаа. Урлагийнхан “Уран Д.Дулам” гэж өргөмжилнө. Малгай, дээл сайхан урладаг хүн байсан. Ээжийн ажлын өрөөнд орж ирсэн бүжигчдийг харчихаад “Ямар гоё бүсгүйчүүд вэ. Ийм л ганган эхнэр авахсан” гэж боддог байлаа.
-Аавынхаа зурдаг авьяасыг өвлөсөн үү?
-Бага зэрэг өвлөсөн. Хүүхдүүд гадаа бөмбөг өшиглөөд гүйж явахад би гэртээ зураг зураад сууна. Арван жилийн сургуулиа дүүргээд Багшийн сургуулийн зураг хөдөлмөрийн ангид орж Батсүх, Очирбал багшийнхаа ачаар дөртэй болсон. Би зурахаа болиод олон жил болж байна. Гэхдээ зурдаг байсан маань найруулагчийн ажилд их нөлөөлсөн.
-Таныг жүжигчин болоход аав тань дургүй байсан гэв үү?
-Аав намайг багш бол гэж их ятгасан, харин би сонирхоогүй. Цэвэлмаа багшийн хэлсэн үг миний бодлыг нэг л өдөр өөрчилж билээ. Тэрбээр “Эмч хүн хүн албал тэр даруй баригдана, тэгээд ч хийсэн хэрэг нь тодорхой. Хэрвээ багш хүн муу багш байвал аймшигтай алуурчин болно” гэсэн. Тэр үед “Над шиг сонирхолгүй хүн муу багш болбол яана. Надаар хичээл заалгасан хүүхэд олигтой хүн болох уу” гэж бодсон. Тухайн үед өөрийгөө хүмүүжлийн доголдолтой нөхөр гэж бодсон юм шиг байгаа юм. Тэр өдрөөс хойш ерөөсөө урлагийн хүн болъё гэж сэтгэл шулуудсан даа.
-Аавын тань тоглосон кинонуудаас ямар дүр нь таалагддаг вэ?
-Аав залуудаа голдуу эх орны дайны тухай өгүүлсэн кинонд тоглодог байлаа. “Сахиус уу сахиул уу”, “Говь хянганд тулалдсан нь” кинонд япон цэргийн офицерийн дүр бүтээсэн нь таалагддаг. Аавд цэргийн хувцас сайхан зохино. Одоо ч ганган дэгжин офицерийн дүр нүдэнд харагддаг юм. Энэ киног гарахаар аав минь яасан сайхан залуу байж вэ гэж боддог. Мөн “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Төрийн сүлд өршөө”, “Дайчин чин ван Ханддорж”, “Аравт” түүхэн кинонд тоглосон. Найруулагч хүний нүд аливааг олж харахдаа гаргууд байдаг. Б.Бадар-Ууган агсан нэг өдөр аавтай уулзаад “Богд хааны дүр танд тохирно. Та их адилхан юм” гэж санал тавьсан гэдэг. Богд хаан жанч халахаасаа өмнө авахуулсан гэрэл зургийг харахад үнэхээр аавтай төстэй юм билээ. Ер нь аавын бүтээсэн дүр бүхэн надад сайхан санагдаж, бахархал төрдөг юм. Аав шог яриа, онигоонд гаргууд. Найз нөхдийнхөө элгийг хөшөөж, нулимсыг гартал инээлгэнэ. Би явган шог ярих дуртай, гэхдээ аавыг гүйцэхгүй л дээ. Хэрвээ жүжигчин болсон бол аавын нэрийг муугаар хэлүүлэхгүй л байсан.
-Таныг найруулагч болоход дэмжсэн үү?
-Аав юм хэлээгүй. Нас биед хүрсэн болохоор өөрөө бие дааж, амьдралаа авч яваг гэж бодсон байх. Надад найруулагч мэргэжил таалагддаг. Гэхдээ жүжигчнээр ажиллах хүсэл одоо ч гэсэн төрөөд байдаг юм. Продакшныхаа жүжигчдийн тоглож байгааг хараад “Би энэ үед ингэх байсан даа” гэж боддог юм. Хэрвээ хэн нэгэн надад дүр бүтээх санал тавьбал би татгалзахгүй. Миний анхны найруулсан бүтээл “Бор чоно” уран сайхны кино. Ангийн анд Л.Нацагням, Д.Сүхээ, Жамъян нартай хамтарч хийсэн. Зохиолыг нь Н.Сүхдорж гуай бичсэн. Энэ кинонд хамгийн их хөрөнгө оруулсан хүн бол найз Болдбаатар маань. Мөнгө хатуу байх үед 12 сая төгрөг олж ирээд “Миний найз киногоо хий” гээд өгч байсан. Хүнд байтугай өөртөө ч итгэж чадахгүй болсон нийгэмд ийм сайхан сэтгэлтэй найз олдохгүй л байх. Залуу насны дүрэлзсэн гал шиг эрч хүч, анд нөхдийн итгэл найдвар хүнийг түшдэг юм. Тэр үед бид оюутан, зуныхаа амралтаар кино хийж байлаа. Би зориг, тэмүүллээр дүүрэн залуу насныхаа тухай дурсах дуртай. Тэр жил бидний найруулсан бүтээл И.Нямгаваа найруулагчийн “Байлдан дагуулагч” кинотой өрсөлдөж, тэргүүн байр эзэлж байв. Нэртэй найруулагчийн бүтээлтэй өрсөлдөнө гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг, бас том амжилт байсан.
-Тэр киног үзээд аав тань магтсан уу?
-Манай аав магтаалын үгэнд харам. Намайг бодвол ном уншиж, зурж, кино, телевизийн найруулагчаар ажиллаж өөрийгөө олон талаар хөгжүүлж чадсан хүн. Аавд байгалиас заяасан авьяас бий. Би хэрэндээ магтуулах санаатай үзээд байна, өөдөөс “За яах вэ болсон л байна. Сайн бүтээл хийх хэрэгтэй шүү, эсвэл хүү минь наад зүйл чинь нэг л таалагдахгүй байна даа” гэдэг.
-Цогоо гуай харцаараа ухаарал хайрладаг хүн шиг санагддаг?
-1985 онд би 20 настай байсан болов уу. Тухайн үед Дэлхийн оюутан, залуучуудын наадам болдог байсан. Москвад болсон тэр наадамд ээж явахаар боллоо. Ээжийг гаргаж өгнө гээд найз Болдбаатартайгаа наргилаа. Нэг мэдсэн эрүүлжүүлэхэд хэвтэж байна. Аав ирээд гаргаж авлаа. Гэртээ иртэл хамаг бие салганаад нэг л эвгүй. Аав хөргөгч онгойлгоод шилтэй архи гаргаад өмнө минь тавьчихлаа. Тэгээд “Хүү минь шартаад, дотор чинь хэцүү байгаа биз. Жаахан балгачих” гэхээр нь хэд хөнтөрчихлөө. Тэгсэн “Өө яасан хөөрхөн хошуутай хүү вэ чи” гээд дэлсэж унагаад, шалны модоор хэд гөвсөн. Би айсандаа гараад зугтчихсан. Түүнээс хойш аавын дэргэд архи уулгүй өдийг хүрлээ. Эр хүн эцгийнхээ дэргэд архи ууна гэдэг асар том дутагдал гэдгийг тэр үед мэдэрсэн. Би хааяа найзуудтайгаа наргиж цэнгэнэ. Уугаад халчихсан байвал Өлзий аавд алтан хошуу өргөчихнө. Аав залгаад “Хүү минь архи балгаад байна уу. Шингээж чадахгүй бол дэмий идээ дээ” гэдэг юм.
-Аавынхаа хэлсэн ямар үгийг марталгүй санаж явдаг вэ?
-Сурагч байхдаа сахилгагүйтэж, хүүхэд шоглоно. Нэг өдөр аав дуудаж, өмнөө суулгаад “Хүү минь хүнийг битгий дорд үз. Муу эр өөрөөсөө чадал дорой хүнд дээрэлхүү зан гаргадаг юм. Чи хэнээс олигтойдоо хүний хүүхдийг шоглодог юм. Хүн дугаарлаж, ад үздэг зан хамгийн өөдгүй араншин. Тийм зантай хүн олигтой явдаггүй юм. Хүнтэй эвийг эрхэмлэн, сайхан нөхөрлөж яв” гэж захисан. Надад энэ үг их нөлөөлсөн шүү. Би хүнийг бэлтэй, бэлгүй гэж хэзээ ч ялгаж харилцдаггүй.
-Урлагийн сайхан бүсгүйчүүдийг хараад ийм л эхнэр авна даа гэж боддог байсан мөрөөдлөө биелүүлжээ?
-Биелсэн, биелсэн. С.Өлзийхүү бид хоёр хүүхэд байхаасаа нэг нэгнээ мэддэг хэрнээ дотно нөхөрлөдөггүй байлаа. Сурагч байхдаа Нийслэлийн 24 дүгээр сургуульд хамт сурдаг байсан. Гэр ч зэргэлдээ. Түүнийг хичээлдээ найзуудтайгаа явж байхыг, эсвэл гэрийнхээ гадаа сагс тоглож байхыг өдөр бүр харна. Цэргээс халагдаж ирснийхээ дараа гавьяат жүжигчин Л.Лхасүрэн багшийн найруулсан “Аргагүйн эрхэнд оточ” жүжгийг Өлзийхүүтэй хамт үзээд, тарсны дараа ойр зуурын юм яриад хамтдаа алхаж байлаа. Бидний анхны болзоо тэгж эхэлсэн дээ. Хүмүүс биднийг олон жил үерхэж байгаад ханилсан гэж боддог байх. Үнэндээ бол долоо хоног болзоод л гэрлэчихсэн.
-Охиноо жүжигчин болоход та дуртай дэмжсэн байлгүй дээ?
-Охиндоо “Урлагийн ажил хэцүү. Ар гэрийн хамаг ажил орхигддог. Эмэгтэй хүнд үргэлж завгүй гүйх амаргүй. Чи ой тогтоолт сайтай, хэл сурах авьяастай. Энэ чиглэлээр мэргэжил эзэмших хэрэгтэй” гэлээ. Тэгсэн охин “Та нарын саналыг хүлээж авахгүй” гээд юу ч дуугарахгүй гурав хоносон. Оюутан байхад нь “Сүүлчийн бүжиг” киноны туслах дүрд тоглуулж үзээд “За ямар ч байсан хоосонгүй л юм” гэж бодсон. Бид хүүгээ урлагийн хүн болгохгүй гэж боддог. Харин азаар урлагт сонирхол багатай нь ажиглагдсан. Намайг дагаад ярих зүйлд дуртай юм шиг байна лээ. Уран зохиол, Монгол хэл, түүх, нийгмийн хичээлд сайн. Хүүдээ “Манай гэрт санхүүч мэргэжилтэй хүн байхгүй. Тоо боддог хүн хэрэгтэй байна” гэж хэлдэг юм.
-Цогоо гуай гучаа үзчихсэн бил үү?
-Аав хэдийнэ гучаа үзсэн. Би өмнө нь амьдрал зохиох гэж үзээд бүтэлгүйтсэн хүн шүү дээ. Манай хүүхдүүд Учрал гэдэг ахтай. UBS телевизэд хөтлөгч хийдэг сайхан залуу бий. Хүү минь гэрлэж, саяхан өвөө боллоо. Бид үргэлж уулзаад байдаггүй ч утсаар ярьдаг. Хүүхдүүддээ “Та нар ахтай шүү, хүндэлж яваарай” гэж захидаг. Хүүхдүүд ах минь гээд байнга ярина. Өнгөрсөн жил охин маань ахтайгаа “МN 25 дугаар суваг” телевизийн “Дуэт дуэль” нэвтрүүлэгт хамт оролцсон.
-Хүүхдүүддээ ямар сургаал айлддаг вэ?
-Би залхуу зантайгаа насаараа тэмцэж байна. Хүн өөртэйгээ тэмцэх үнэхээр хэцүү юм билээ. Өөрийгөө ялна гэдэг амар зүйл биш. Ер нь өөрийгөө ялж төгс нөгчсөн нэг л хүн байдаг. Тэр хүн Будда юм гэсэн. Баатар болно гэдэг өөрийгөө ялахын нэр юм. Тиймээс “Өөрийгөө ялна гэдэг хамгийн том амжилт. Хэрвээ мундаг болъё гэж бодож байвал дутагдалтайгаа эхлээд тэмц” гэж хүүхдүүддээ хэлдэг.
Ё.ЦОГ: МИНИЙ ХҮҮ ӨРӨВЧ ЮМ ШҮҮ ДЭЭ
-Урлагийн хүмүүс өтлөх завгүй ажиллах юм даа?
-Миний хувь тавилан юм байлгүй. Жүжигчин болсноо бурхнаас заяасан бэлэг гэж ойлгодог. Тиймдээ ч өөрийгөө өтөлсөн гэж голохгүй урлагийн төлөө зүтгэж явна. Би олон түмэнд өртэй хүн гэж боддог. Хөгшин, залуугүй л “Цогоо гуай та хүрч ирээд кино, рекламанд тоглоод өгөөч” гээд санал тавих юм байна шүү дээ.
-Таныг түүхэн кинонд тоглоод завгүй яваа гэж сонслоо?
-Монголын бага хаадын тухай өгүүлсэн телевизийн олон ангит кинонд тоглож, Дамуу түшмэлийн дүр бүтээлээ. Монгол төрийн төлөө зүтгэж, алдаж, онож явсан бага хаадын тухай өсвөр үеийнхэнд зориулж, түүхийн мэдлэг олгох үүднээс хийж буй бүтээл юм билээ.
-Та аав, ээжийнхээ тухай яриач. Ач хүүгээ хэрхэн хүмүүжүүлж өсгөсөн бол?
-Намайг энэ орчлонд аав гэж дуудах эрхэм алдрыг хүртээсэн хүн бол ууган хүү Хүсэлбаатар маань. Би хар залуудаа урлагийн завгүй ажилд хөл тавьсан болохоор хүү минь аав, ээж дээр өссөн. Өвөө, эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү зөөлөн сэтгэлтэй. Хүүхэд л болсон хойно сахилгагүйтэж сураар ороолгуулна. Ээж “Шидмэсээр ороолгохоор эр хүний хийморь сүлд доройтдог юм. Тиймээс биеийг нь чангалдаг хавтгай сураар ороолгох хэрэгтэй” гэнэ. Хэдий ингэж сүртэй хэлдэг ч учиргүй балбаж байгаагүй. Намайг хүмүүжүүлсэн тэр сураараа ээж Хүсэлбаатарыг ч бас хүмүүжүүлсэн. Аав маань холбооны мэргэжилтэй. Үг дуу цөөтэй болохоор хүмүүс “дуугүй Ёндон” гэдэг байлаа. Ээж хааяа “Ёндон хүүхдэдээ ер юм хэлэхгүй юм. Түүшин зуусан юм шиг сууж байдаг хачин хүн шүү” гэдэг байж билээ. Ээжийг ингэж бухимдахаар аав дуугүй л инээмсэглэнэ. Би хүүгээсээ аавынхаа дүр төрх, адил төстэй зан араншинг олж хардаг. Би айлын ганц хүү, дураараа, зоргоороо өссөн. Хүүгийнхээ дэргэд бол залуудаа өрөмний өт шиг л хөдөлгөөнтэй байсан даа.
-Хүүгээ урлагийн зам сонгоход та яагаад дургүйцсэн юм бэ?
-Урлагийн амьдрал хатуу, чанга гэдгийг биеэрээ туулсан болохоор дуртай байгаагүй. Хүсэлбаатар сонин хүүхэд байж билээ. Солгой гараар бичнэ, зурна. Хараад л “Энэ нөхөр яаж жүжигчин болно доо” гэж боддог байлаа. Урлагаас хол байлгаж, эрдэмтэй хүн болгоё гэж шийдээд, Багшийн сургуульд оруулж байлаа. Би жүжигчин Н.Сэсээртэй олон жил сайхан нөхөрлөсөн. Тэгсэн хүү маань жүжигчин болно гэж зүтгээд надад хэлэлгүй андтай маань нууцаар бэлтгэл сургуулилалт хийж, жүжигчний ангид шалгуулаад тэнцсэн байв. Сэсээр хүнд зааж, сургах тал дээр гайхмаар арга барилтай хүн байсан. Багшийн сургуулийг дүүргэх жилдээ Эрхүүгийн кино театрын сургуульд суралцахаар тэнцсэн байхыг өвөө нь мэдээд “Ач хүүгээ явуулна” гээд дэмжсэн. Тэгээд Багшийн сургуулийн захиралтай нь уулзтал “Танай хүү манай сургуулийн төгсөх курсийн оюутан. Сурлага ч сайтай. Би зөвшөөрөхгүй” гээд гэдийчихлээ. Аргаа бараад Боловсролын яамны сайд байсан Ч.Сэрээтэртэй уулзлаа. Бид эгч дүүсийн хүүхдүүд л дээ. Тэгсэн “Өө тийм дураараа юм гэж хаа байдаг юм. Танай хүү сургуулиа улаан дипломтой төгсөх гэж байна. Багш сайхан мэргэжил, заавал эзэмш” гээд зөвшөөрдөггүй. Тэгсэн аав гомдож “Хар даа Цэсмаа. Чиний хамаатан ийм л байна. Би улсад дэмий хүн бэлдэхгүй. Тэгэхэд ач хүүг минь явуулахгүй гээд зөвшөөрсөнгүй” гээд уурлаж билээ. Нөгөө дуугүй хүнээс ийм үг гарсанд бид их гайхаж билээ. Хүсэлбаатар ч сургуулиа дүүргэх жилээ Драмын театрт дагалдан жүжигчнээр орсон. Ингэж хүү маань өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр урлагтай амьдралаа холбосон.
-Хүүгээ ятгасаар байгаад цэргийн албанд явуулсан гэл үү?
-Би 16 настайдаа цэргийн албанд мордсон. Тэнд хөгжимчин болж, 10 жил цэргийн амьдралаар амьдарсан. Өдий дайтай яваагаа цэргийн амьдралтай холбож ойлгодог. Намайг амьдралын их сургуульд бэлдсэн газар бол арми. Хүүдээ хааяа үг хэлэх гэхээр аав, ээж “Чи өөрөө ямар явсан билээ” гээд халгаахгүй. Хүү ч өвөө, эмээгээрээ бамбай хийгээд байхаар нь цэрэгт явуулах гэж нэлээд ятгасан.
-Найруулагчийн эрдмээс зааж өгсөн үү?
-Намайг дуурайвал муу найруулагч болно. Би найруулагчийн мэргэжил эзэмшээгүй, Хүсэл сонирхлоороо л энэ ажлыг хийсэн. Ах нь залуудаа дэврүүн сэтгэлтэй, танхай нөхөр явсан. Жүжигчид телевизэд байнга уригдана. Найруулагчдынх нь ажлыг хараад “Би ч гэсэн найруулагч болох юмсан” гэж бодно. Ашгүй хүсэл минь биелж, урлагийн гавьяат зүтгэлтэн Чойсамба багшийн ачаар юм найруулж сурлаа. Найруулагч болохын тулд телевизэд туслах найруулагчаар ажилласан. Хүүдээ “Номыг нь заалгаж, сургуулийг нь дүүргэсэн хүнтэй юу ярих вэ” гээд юм хэлдэггүй. Найруулагчийн ангийг дүүргэх жилээ хүү маань “Бор чоно” кино найруулсан. Тэр киног үзээд “Гайгүй бүтээл болжээ” гэж дотроо бодсон. Миний хүү гаднаа сүр бараатай харагддаг ч өрөвч юм шүү дээ. Том алаг нүднээсээ хааяа нулимс дуслуулж суугаа харагддаг юм. Би хүүгээ мелодрам чиглэлээр дагнавал хөгжих хүн гэж бодож байтал хошин шог руу урвачихсан. Урлагийн хүнтэй танилцаж гэр бүл болоход нь ч хорьсонгүй. Нэг нэгнээ ойлгож дэмжээд, урлагийн төлөө хамтдаа зүтгэвэл зүгээр гэж бодсон. Найруулагчийн авьяас хүүгээс маань харагддаг. Би бага байхдаа юм бичих гэж нэлээд оролддог байлаа. Энэ зан хүүд өвлөгджээ. “Зугтаарай”, “Сүүлчийн бүжиг”, “Сая долларын олз”, “Дурлалын сум” уран сайхны кино найруулж, дэлгэцийн бүтээл болгосон. Найруулагчийн ажлаас шантарч, зориг мохохгүй байгаад нь баярладаг юм.
-Хүсэлбаатар гуайг анх хараад ширүүн харцнаас нь их сүрдэж билээ?
-Би ширүүн харцтай. Хүү маань анх харсан хүнд бас тэгж харагддаг шиг байна лээ. Нас ахиад ирэхээр уйланхай ч болж байна. Хүний сэтгэл хөндсөн кино үзээд, эсвэл хорвоогоос одсон сайхан нөхдийнхөө тухай яриад мэлмэрүүлчихнэ. Хараад байхад миний уйланхай, бас амархан гомддог зан хүүд бас байна.
Г.Батцэцэг