Соёл, урлагийг хөгжүүлэх сангаас зохион байгуулж буй үзэсгэлэн энэ сарын 5-нд буюу өнөөдөр Уран зургийн галерейд нээгдэх гэж байна.
Үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони болон Хүүхдийн номын ордон, “Хадгаа” цирк зэрэг Соёл, урлагийг хөгжүүлэх сантай хамтран ажилласан 30 гаруй байгууллага оролцох аж. Үзэсгэлэнд оролцогчид зураг, кино, видео төрлийн бүтээл дэлгэх юм. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын түүх, ёс заншил, урлаг соёлд дэмжлэг үзүүлсэн ажлуудаа тайлагнана.
Дашрамд, Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Монгол Улсын Засгийн газрын 1997 он 5-р сарын 25-ны өдрийн 40-р тогтоолоор анх байгуулж, сангийн дүрэм баталсан.
Соёл, урлаг хөгжүүлэх сан нь Монголын ард түмний үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, дэлхийн сонгодог болон эх орны урлагийн бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох, Монголын ард түмний түүх, соёлын өв, хосгүй дурсгалт зүйлийг сэргээн засварлаж хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.
Тус сан нь Монгол улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу дор дурдсан арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Үүнд:
-Соёлын өв,түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах,
-Төсвийн хөрөнгөөр бүтээх уран сайхны болон баритат кино, үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих,
-Урлаг, утга, зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
-Төсвийн хөрөнгөөр бүтээх уран сайхны болон баримтат кино, үндэсний уламжлалт бөгөөд сонгодог урлагийн бүтээл туурвих,
-Соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйл, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан кино, дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин , сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх,
-Соёл, урлагийн тоглолт хийх, түүх соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэн гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах,
-Хүүхдийн уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах,
-Соёл, урлагийн байгууллагад онцгой шаардлагатай техник хэрэгслэл,тоног төхөөрөмж, материал худалдан авах,
-Соёл,урлагийн ажилтан, уран бүтээлчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар зохион байгуулах, тэдгээрийг гадаад, дотоодод зохиогдох соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулах,
-Хөгжмийн том хэмжээний болон дүрслэх урлаг, кино, ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах,
-Олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, тэмцээн, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдийг шагнаж урамшуулах,
-Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалахадхувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг алдаршуулах зэрэг болно.