“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай ярилцлаа. Тус хамтлагийнхан 20 жилийн ойн тоглолтдоо бэлтгээд завгүй байна. Тэд энэ арваннэгдүгээр сарын 29, 30-нд “UB PALACE”-ын концертын танхимд фенүүдтэйгээ уулзах болзоо тавиад буй.
Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна?
-Ойрд маш их ажилтай байна. Тоглолтын бэлтгэл хангагдаж байна. Хөгжим, хөгжим гэж явсаар 40 жил болжээ. Энэ цаг хугацааны 20 жилийг нь “Хурд” хамтлагтаа зориулсан байна. “Хурд” хамтлаг хорин жилийн баяраа фэнүүддээ зориулж байгаа. Тэдэнтэйгээ хамт баярламаар байна. Дэлхийн шилдэг хамтлагуудын жишгээр Монголд анх удаа “Алтан пянз” гаргах гэж байна. Бас бүх цомгийнхоо дууг нэгтгэж сонсогчдодоо хүргэх гэж байна. Энэ мэт олон ажил ундарч байна даа. Нэг ёсондоо 20 жилийн тайлангаа бид тавьсан шиг тавина.
-Та урлагийн энэ замаар алхаагүй бол хэн байх байсан бол?
-Би урлагийн хүн байхаас аргагүй том эргэлт хийсэн үйл явдал 1975 онд болсон юм. Төмөр замын соёлын ордонд ангийнхаа хүүхдүүдтэй найрал дуу дуулсан мөч намайг эргэлт буцалтгүй урлагт зүтгэхэд хүргэсэн. Магадгүй би урлагийн хүн болоогүй бол барилгын салбар хавьцааны хүн болох байсан байх. Украйнд барилгын чиглэлээр сурч байсан болохоор тэгж бодогддог. Гэхдээ Украйнд байхдаа ч би урлагтай холбоотой л байсан. Бид нар нэг хамтлагтай, тэндээ би бөмбөрчин нь байсан. Бас л ялгаагүй шинэ жил болохоор л байгууллагуудын ёолконд тоглодог байсан.
-Та багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Бусдыг их хүндэлдэг, өөрийгөө ч хүндлүүлдэг хүүхэд байсан. Төмөр замын “вант улс”-ын вокзалын хоёр талын сааданд бөмбөг тоглож, тоосгон таван давхар саарал байрны орцонд гитар “нүдэж” өссөн дөө. Арван жилдээ 20, 51 дүгээр сургуульд сурдаг байлаа.
-Гэтэл одоо та урлагийн тогоонд 40 жил “буцалж” явна шүү дээ?
-Үнэхээр буцаллаа. Энэ хугацаанд олон сайхан хамт олонтой болсон. Олон ч ах, дүүстэй боллоо. Эргээд харахад миний амьдралын түүх, миний хөгжмийн түүх их сайхан санагддаг. Даанч би ном бичиж чадахгүй юм даа. Гэхдээ нэг баримтат кино хийх бодол бол байдаг шүү. Киноны бэлтгэлээ хийж л байна. Рок поп ертөнцийн түүхийг харуулсан баримтат кино. Ахмад үеийнхнээсээ яриаг нь аваад эхэлчихсэн. Ажиллаж л байна.
-Таны хайртай урлаг танд юу өгсөн бэ?
-Бүхнийг. Урлаг надад амьдрал, гэр бүл, амьдралд байгаа жаргалыг өгсөн. Өглөө эрт сэрэхээрээ, орой жаахан нойр хулжихаараа би зөвхөн дууны тухай бодож байна. Ухаан санаа маань үргэлж урлагийг хайрлаж байна. Надад хөгжим, урлаг гэдэг гайхамшигтай ертөнц ховор аз жаргалыг өгсөн.
-“Хурд” хамтлагийн туулсан 20 жилийн түүхээр эргээд алхъя гэж бодогдлоо?
-Өнгөрсөн цаг хугацаа богинохон харагддаг, богинохон бодогддог. Бидний үед “Залуус”, “Дөмөн”, “Оч” “Харанга” гээд олон хамтлаг байлаа. Арван жилийн сургууль бүхэн цахилгаан хөгжимтэй байсан учраас тухайн үеийн хүүхдүүд хөгжимд хайртай болох тал ихтэй. Тухайн үеийн хүүхдүүдийн боловсрол, соёл ч өөр байж. Одоогийнхтой харьцуулахад миний үед хөгжмийн өндөр боловсрол өгдөг байсан. Гэхдээ тийм ч дардан замаар бид алхаж ирээгүй. Тайзан дээр гараад дуулахад зайлаач, орооч гээд л цаас, чулуу шидэж дайрдаг байлаа. Анх “Хурд” хамтлагийг тайзан дээр гарахад тэгж хүлээж авч байсан. Манай ард түмэн чинь их өөнтөгч, шулуухан шүүмжилдэг. Өөрсдөнд нь таалагдахгүй байгаа зүйлийг шууд илэрхийлчихдэг хүмүүс шүү дээ. “Хурд” хамтлаг 10 удаа тайзан дээр гарахад наймд нь хөөгдөж байсан. Яагаад гэхээр бид нар шинэ урсгалыг оруулж ирэх гэж хичээж байсан үе. “Баллад” дуу гэж юу байдаг учрыг нь олдоггүй байсан үе. 1990-ээд оны хоосролын үед “Хурд” хамтлаг гарч ирж, монголчуудад асар том оюуны тэжээлийг өгсөн. “Чоно”, “Цэргийн бодол” гэдэг дуунууд тухайн үеийн нийгэмд байгаа бухимдалд тайтгарал авчирсан гэж би боддог. Ялангуяа “Цэргийн бодол” дуу бол нийгмийг тэр чигт нь бүүвэйлсэн. Нийгэмд үүрэг гүйцэтгэсэн. Энэ дуу явдаггүй автобус, түц, радио байдаггүй байлаа.
Зах дээрээс хэдэн тарваганы арьс, савхин хүрэм аваад ганзагын наймаанд явж байхдаа бид гэр орондоо хэрэгтэй зүйл авсан нь цөөн. Дандаа гитар, яригч, пульт гэх мэт хөгжмийн л холбогдолтой бүхнийг цуглуулдаг байсан. Өнөөдрийн өндөрлөгт хүрч, энэ цаг хугацаанд ирэхийн тулд бид чамгүй их хөдөлмөрлөсөн. Гэтэл одоо энэ үеийн зарим хүүхдүүдийг хараад урам хугардаг л юм. Зүгээр л хуулан бичлэг хийгээд дуулж байна. Маш олон дуучид ам барьж байна. Баахан ам барьдаг Соёлын тэргүүний ажилтнууд олшроод байгаад заримдаа сэтгэл зовдог л юм.
-Рок попын хөгжил ерөнхийдөө зогсонги болчихсон юм шиг санагддаг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Рок попоосоо гадна хүмүүсийн хөгжмийн боловсрол маш их уруудаж байна гэж хэлмээр байна. Хүүхдүүд хөгжмөөс холдож байна. Энэ бүхэн явсаар хөгжмийн багш байхгүй болж байгаатай холбоотой. 1990 оноос хойш энэ мэргэжлийн хүн ховордсон. Одоогийн арван жилийн сургуулиудад дуу хөгжмийн мэргэжлийн багш үнэхээр ховордсон байна. Чадвар их дутмаг багш нар олон. Одоогийн манай рок попын хөгжмийн найруулгыг хийж байгаа мундаг мундаг хүмүүс чинь бүгд Хөгжмийн багшийн коллежийг төгссөн байдаг ш дээ. Тэр сургалт, тэр хөгжмийн сургууль тасалдсанаас болоод өнөөдрийн хүүхдүүдийн бэлэнчлэх сэтгэлээ ихэсч байна. Манай рок поп заримдаа хонь хурга нийлчихсэн юм шиг л харагддаг. Заримдаа бүр дуу нь дуу биш, үг нь ч үг биш санагдах юмнууд сонсогдож байна. Нэг л их соёлд тэргүүлсэн хүмүүс… Гэхдээ энэ цаг үе удахгүй дуусах байх аа. Хүмүүс амьд, натур зүйлд дуртай учраас хуурамч бүхэн удаан тогтохгүй л дээ.
-Сүүлийн үед олон төрлийн телевизийн шоу гарч байгаа. Тэр шоунаас төрсөн шинэ уран бүтээлчид үнэхээр тодроод уран бүтээл хийгээд байна уу гэхлээр бас үгүй юм шиг ажиглагддаг. Нэг шоунаас тийм олон уран бүтээлчид төрөөд байх хэрэг байдаг юм уу? Монгол улсад эсвэл тэгтлээ их уран бүтээлчдээр дутаад төрүүлээд байгаа юм болов уу?
-Надаас бусад нь 20-25 авьяастан төрүүлээд байх шиг байна аа. 12 охин, 13 хөвгүүд төрүүлээд байдаг “Universe best songs” нэвтрүүлэг, дээрээс нь бид нар өөрсдөө ч оролцдог “Monster” гээд нэвтрүүлэг бас байдаг. Уг нь энэ чинь цаг үедээ байх ёстой юм байгаа юм. Гэхдээ тийм олныг төрүүлээд хэрэггүй. Арай л олон “од төрүүлээд” байна гэж би боддог. Ялангуяа “Universe best songs” нэвтрүүлэг. Энэ шоуг бол гурван жилд нэг хийхэд болох юм шиг. Авьяас гэдэг зүйлийг хэн нэгэн шүүгээд гаргаж ирдэг юм биш л дээ. “Universу best songs”-оос гарч ирээд, үнэхээр уран бүтээл хийгээд овойгоод тодорч харагдсан нь хэн байна. Олон хүний нэрийг хэлдэг юм. Би гэхдээ тооцмооргүй байна. Тэр бол их хоосон зүйл. Сүүлдээ урлагийн тайз чинь хувцас загварын шоу болж хувирлаа. Хамгийн сонин нь энэ их хөөсийг манай үеийнхэн өөрсдөө хийж байгаа. Ядаж Монголоороо дуулуулчихмаар санагдаад байх юм.
-“Од” хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол ?
-Од гэдэг чинь зурагтаар олон гарлаа гээд болчихдог юм биш ээ. Тэр хүн хүний зүрхэнд сэтгэлд нь юу үлдээж чадаж байна гэдэг л юм ш дээ. Тэр хүний карманд байгаа мөнгийг гаргатал нь юм хийж чадаж байж, тэр хүний тоглолтыг мөнгө төлөөд үзэхийг хүстэл нь хийж чадаж байж тэр сая нэг энэ хоёр үсгэнд дөхнө. Тэрнээс биш болсон болоогүй бүтээлтэйгээ хамт телевизээр олон гараад “Од” болчихгүй шүү дээ. Тэгвэл телевизийн хөтлөгч нарыг “Од” гэх үү. Үгүй ш дээ. Алсын зайнаас өөрийнхөө бүтээлээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь юм хийж өгсөн хүнийг л “Од” гэдэг юм. Тэр “Од” гэдгийг чинь шинжлэх ухааны том том бүтээлийг нээсэн гайхмшигтай уран зураг зурсан. Тэр бүтээлүүдийг нь хараад хүн уулга алдаж байгаа бол тэр хүн өөрийгөө “Од” гэж хэлж болно. Жинхэнэ авьяастай хүүхдүүд амьдралын боломжоосоо, санхүүгийн асуудлаасаа болоод орон нутагтаа үлдэж хоцроод байна. Жинхэнэ урлагт хайртай хүүхдүүд үлдэж хоцроод байна. Хэдэн жилийн өмнө нэг шоу уг нь жинхэнэ одыг хайж явсан даа.
-“Оддын эрэлд” үү?
-Тийм ш дээ. Тэр нэвтрүүлгийнхэн уг нь их сэтгэлээрээ ажилласан. Жинхэнэ авьяастай хүн олоод гаргачих юм сан гэсэн чин эрмэлзлэлтэй байсан. Харамсалтай нь, нэвтрүүлэг зогсчихсон. Яг жинхэнэ “Од” хаана ч байж магадгүй гэсэн зүтгэлээр хайсан нэвтрүүлэг байсан юм. “Авьяаслаг америкчууд” шоуг хар л даа. Гахайчин, тахиачин, тариачин, эмийн санч гээд ямар ч хүн авьяастай байж болж байгаа биз дээ. Хайвал гараад л ирж байгаа байхгүй юу. Ямар мундаг, ямар гоё унаган авьяас байна аа. Хэрвээ “Universe best songs” орон нутгаар хайгуул хийгээд явах юм бол дэмжиж болмоор. Гэхдээ Монгол хэлээр л дуулмаар байгаа юм. Монгол Монголоороо л байх хэрэгтэй. Яахав дээ гадны хэл сурах бол авьяас биш амьдралын шаардлага.
-Хэрвээ таньд хөрөнгө оруулалт хийгээд ийм нэвтрүүлэг хийе гэвэл та 21 аймгаар явж хайх уу?
-Би явна. Би бүр нэг ч аймаг алгасахгүй хайна. “Од” энгийн л амьдрал дунд байдаг юм. Шууд гаднаасаа гялалздаг зүйл биш дотроосоо гялалзаж гарч ирдэг юм байдаг. Би бусад хүмүүс шиг гадаад, дотоодын айхтар том сургууль төгсөөгүй. Надад зүгээр л практик, маш их сонирхол, бяцхан авьяас л байсан. Тэр авьяасыг хэн нэгэн хүн олж харж, боломж олгох ёстой л доо. Авьяастныг төрүүлнэ гэдэг бол хайгуул юм.
-“Хурд” хамтлаг Монголын рок попын од мөн үү?
-Зүтгэж л явна. “Хурд”-ынханд од болох нь мөрөөдөл юм. “Хурд” хамтлагийн сэтгэл зүрхнээс төрсөн уран бүтээлийг хүмүүс дагаад дуулж байна. Од гэдэг хоёрхон үсэг байдаг бол “Хурд” хамтлаг эхний “О” үсгэн дотор бардам орчихсон яваа гэж хариулъя. Эхний хорин жилд бид О үсгийг бүтээж чадлаа, харин дараагийн Д үсгийг үлдсэн 20 жилд босгоно.
-Ингэхэд хамтлагаа яагаад “Хурд” гэж нэрлэсэн юм бэ?
-Өсч төрсөн орчин, аав, ээжийн маань амьдрал газрын хурдтай уралдсан амьдрал байсан. Манайх чинь Төмөр замын айл, төмөр замчдын гэр бүл шүү дээ. Тэгээд л энэ нэрийг хамтлагтаа сонгож.
-Танай хамтлаг татвар төлдөг үү? Нийгмийн даатгал ч юм уу өөр ямар нэгэн даатгал байдаг юм болов уу?
-“Хурд” хамтлаг сайн татвар төлдөг. Гэхдээ нийгмийн даатгал, тэтгэмж гэдэг зүйл юу ч байхгүй.
-Зарим хүмүүс “Хурд” хамтлагийг хүнд рок чиглэлээр гарч ирж байгаад сүүлдээ арай өөр стильэр дуулдаг болчихсон гэж үздэг. Зарим хүмүүс бүр зохиолын дуу шиг дуу дууллаа гэж ч шүүмжилдэг юм билээ?
-“Хурд” өөрчлөгдсөн. Гэхдээ зохиолын дуучид болохгүй. Яалаа гэж гэж тийм зүйл болохов. Манай хамтлаг хоёр замаар алхаж байна. Баллад урсгал манай нэг талын өнгө. Бид хайр сэтгэл, аав, ээж, эх орноо дуулна. Харин нөгөө тал нь хүнд рок. Бид хүнд рокоо дуулсаар байгаа. Ялангуяа гадаад дахь тоглолтууд, фестивалиуд дандаа хүнд рокоор явж байна. “Хурд” хамтлаг “Хурд”-аараа л байгаа. Эргэлзэх хэрэггүй.
-Сүүлийн асуулт. Улсаас дэмжлэг урлагт бага байдаг. Уран бүтээлчид маань сүүлийн үед их бор зүрхээрээ явдаг гэж ярьдаг болчихсон байна. Үнэхээр төр ажиллахгүй байгаад байгаа юм болов уу?
-Бид нар ажилгүй хүмүүс. Эстрадынхан ажилгүй. Ажилгүйчүүдэд тэтгэлэг байдаг бол баярламаар. Ямаанд цалин өгсөн шиг ээ өгчихмөөр. Үнээн. Үнэхээр л манай урлагийнхан бор зүрхээрээ явж байна. Энэ асуудлыг хөндсөн нэвтрүүлэг 17, 18 жилийн өмнө анх Монголын үндэсний телевизээр гарч байлаа. ХИТ нэвтрүүлгийн шууд ярилцлагад рок попынхон олуулаа оролцож, рок попын хэтийн зорилго, бид ер нь ажилтай хүмүүс үү, ажилгүй хүмүүс үү зэрэг асуудлыг хөндөж ярилцсан юм л даа. Хэрвээ тэр үед жаахан нас ахиу байсан бол нийгмийн даатгал тэтгэвэрийн асуудлуудыг сөхөж ярих байлаа. Ер нь сүүлийн үед “Улс булчинг их харж үзээд байна. Оюуны хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Булчинд их хөрөнгө оруулалт зарцуулдаг хирнээ хүний оюуны бүтээлийг үнэлдэггүй” гэж ирээд л. Гэх мэтчилэн энэ асуудал одоо ч цэгцрээгүй л байна.
Э.ТЭКҮ
Эх сурвалж: news.mn