Зүүн хүрээ Дашчойлин хийд энэ сарын 28-нд зул өргөх ёслолын ажиллагааг бие даан зохион байгуулах гэж байна. Зулын 25 хэмээн нэрлэж заншсан энэ өдөр Дашчойлин хийдийнхэн тухайн өдрийн утга учрыг түмэн олонд илүү таниулах зорилгоор сүсэгтэн олонтойгоо хамтран Соёлын төв өргөөнд ийнхүү буян номын үйл хийхээр болжээ. Тайландын Дармакаяа шашны байгууллагынхан тус ёслолын ажиллагаанд хамтран оролцох юм байна. Зулын хорин таван буюу Богд Зонхавагийн дүйчэн өдрөөр зул асааж, мэгзэм их уншдаг учиртай. Яагаад ийнхүү уншдаг тухай, мэгзэм уншсанаар ямар тустай вэ,зул өргөснөөр ямар буян хурааж, ариусал бий болдог тухай сүсэгтэн олонд тайлбарлахаас гадна мэгзэмээ сүсэгтэн олонтойгоо хамтран монголоор унших юм байна. Мөн зулын ерөөлийг хамтдаа 21 удаа уншина. Мэгзэм болон зул өргөхөд унших уншлагийн тарнийг сүсэгтэн олондоо илгээсэн урилганы ард тэрлэсэн байна. Олноороо хамтарч хурсан буян хэзээ ч шамшигдан алга болдоггүй ажээ.
Богд Зонхава нь Түвдэд гэлүгва ёс буюу бидний нэрлэж заншсанаар шарын шашныг дэлгэрүүлсэн ламын нэр бөгөөд сахилын нэрийг нь Лувсандагва гэдэг байжээ. Тэрбээр олон нийтэд Богд Зонхава гэдэг нэрээр алдаршсан бөгөөд түүнийг утгачилбал сонгины ам гэсэн үг аж. Бурхан багшийн гэгээрэлд хүрэх гол үндсэн аргыг хүн болгонд хүртээлтэй болгож, “Их бодь мөрийн зэрэг”,” Түгээмлийн их эзэн бурхан Очирдарийн мөрийн зэрэг, нууц бүхний утгыг сайтар ялгасан хэмээхүй” хэмээх бурхан багшийн нууц тарнийн ёсны гайхамшигт их тайлбар , нэвтэрхий толь болох бүтээлийг туурвисан аж. 51 насандаа Лхасын их чойнпрүл ерөөлийг үүсгэн, улмаар VII жарны шороон гахайн жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд шашин амьтны тусын тулд лагшнаа хураах ёсыг үзүүлж, жанч халжээ. Энэ цагаас хойш жил бүрийн өвлийн эхэн сарын 25-ныг “ Зулын хорин таван буюу Богд ламын дүйчэн” болгож, тэмдэглэж иржээ. Мөн түүнчлэн Монголчууд Зонхавагийн өдрийг тэмдэглэхдээ зул асааж, гэрэл өргөж буян хийдэг байжээ. Тухайн үед өвлийн эхэн сарын 25-наас өмнө өвлийн идшээ бэлтгэдэг үе байсан бөгөөд амьтны амь муулсан үйлээ өөх тосоор нь зул асааж, цайруулдаг уламжлал ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл амьтны амиар хоол хүнсээ бэлтгэсэн энэ нүгэл гэмээ цайруулж зул өргөхөөс гадна гэлүгва ёсыг үүсгэн дэлгэрүүлсэн Богд Зонхавагийн алдрыг дурсаж, зул өргөдөг байжээ. Ийнхүү Монголчууд энэ өдрийг сүм хийдэд тэмдэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд сүсэгтэн олонтойгоо хамтран зохион байгуулдаг болсон байна.
www.URLAG.mn