Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж чармайж байсан тэр жилүүдэд гадныханд бид хэрхэн харагдаж, ямар сэтгэгдэл төрүүлж байсан талаар сонирхолтой нийтлэл National Geographic сэтгүүлийн 1921 оны V сарын дугаарт нийтлэгдэж байсан бол харин National Geographic Монгол сэтгүүлийн 2012 оны XII сарын дугаарт нийтлэгдсэн билээ. Ингээд энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байна.
Монголын автономит эрхийг Хятад улс 1919 онд цуцалж, нийслэл хот Өргөөд нэвтэрснээр “зэрлэгүүд” дахин олны анхаарлыг татах болов. Угаас өөрийн иргэншилд үл хамаарах хэн бүхнийг битүүхэндээ зэвүүцдэг хятадууд хөрш монголчуудыг ийнхүү нэрлэнэ.
Монгол бол агуу түүхтэй орон. Долоон зууны өмнө Чингис хаан дэлхийг эзлэхээр их талаас өндийн сэргэж Шар тэнгисээс Адриатикийн тэнгис хүртэлх бүхий л газар нутгийг байлдан дагуулсан билээ. Карпатын уулсаас Будапешт хүртэлх газар нутгийг гуравхан хоногийн дотор байлдан дагуулж өнөөгийн Чех, Герман, Сербийн гүнд нэвтэрсэн зуун мянган морьтон цэргийн давтагдашгүй амжилтын өмнө бидний дэвшилтэт дайн тулаан юу ч биш ажээ.
Чинээлэг монгол малчны үзэсгэлэнт хоёр эхнэр. Найр наадам бол үнэтэй чамин хувцас хэрэглэлээ бусдад гайхуулах гэсэн хүмүүсийн тэр дундаа эмэгтэйчүүдийн хүсэн хүлээсэн мөч юм. Толгойдоо зүүсэн цул мөнгөн эдлэл тэдний эд хөрөнгө ажээ.
Христийн шашны ертөнц татар ноёноос айж байлаа
Тэрхүү ороо бусгаа цагт дэлхий дахин Агуу Удирдагчаас айж байсан бөгөөд Христийн залбиралд “Биднийг Татарын аюул заналаас аварч хайрла” гэх уншлага хүртэл бий болсон байлаа.
Эмээхээс ч өөр аргагүй байсан юм. Учир нь их хааны үхэл гурван жилийн уй гашууг авчирч, цэрэг дайчдыг хөдөлгөөнгүй болгоогүй бол Европ тивийн зах хязгаарыг эзлэхэд Монгол цэргийн их хүчийг газар дээрх ямар ч хүч зогсоож дийлэхээргүй байлаа.
Хүчирхэг Байлдан дагуулагч таалал төгссөнөөс (1227 он) хойш 40 жилийн дараа ач хүү Хубилай нь Хятад, Энэтхэг-Хятадын хойг, Мьянмар, Солонгос, Борнео, Суматра арлыг захирсан хүчирхэг төдийгүй гэгээрч боловсорсон их эзэн хаан болж түүний их ялалтыг дээд цэгт нь хүргэжээ. Харамсалтай нь, нэгэн зууны дотор Бээжингийн амар амгалан, тансаг хээнцэр суурин амьдрал Чингисийн алтан ургийн сүр хүчийг үгүй хийжээ.
Иран, Тураныг эзлэн захирч, Туркийн өсөн нэмэгдэж байсан хүчийг бут цохиж, Москваг галдан түймэрдсэн нэгэн агуу удирдагч тодрон гарч ирсэн нь Доголон Төмөр хаан байлаа. Ийнхүү тэрээр өөрийн сүүлчийн угсаа залгамжлагч, цайлган сэтгэлт хөлөг баатар, яруу найрагч Султан Бабурт Их Моголын эзэнт гүрнээ байгуулах замыг дардан болгож өгчээ.
Гэвч Монголчуудын бууран доройтох нь мандан бадрахаасаа ч хурдан байлаа. Хятадыг арай гэж наян найман жил тогтоон барьж, харин бусад нутгуудад эзэнт гүрэн жижигхэн хэсгүүдэд хуваагдан таран бутарчээ.
Монгол сүм. Монголчууд айж мэгдсэн хүүхэд шиг, айдсаа биежүүлэн шүтээн болгоод түүнийгээ аргадаж, аргалж байхыг хүсдэг. Харин овжин лам нар тэрхүү айдсыг далимдуулан өөртөө ашиг унагах боломжийг алдахгүй.
Манж нар Хятадад Монголчуудын орыг эзлэв
Дэлхийг захирах гэсэн мөрөөдөл нь талаар болсон монголчууд эх нутаг руугаа буцаж тэндээ хэдэн зууны турш нам жим аж төржээ. Дайны уршгаар хүн ам нь 2,6 сая болж цөөрсөн ч АНУ-ын Миссисипи мөрний зүүн хэсгийн нутгаас 1,5 дахин том буюу 3,5 гаруй сая ам дөрвөлжин километр өргөн уудам нутагт тархан сууна.
Монголчуудыг Манж нар Хятадаас хянах боловч тэр нь нэр төдий. Үнэндээ Манж түшмэд хэзээ ч Монголын нутагт хөл тавьж байгаагүй бөгөөд монголчуудад овгийн зохион байгуулалтаа хэвээр хадгалан, дотоод хэргээ Алтан ургийн тайж, хунтайж нар нь өөрсдөө захиран явуулах эрх мэдлийг олгосон байв.
Манж нарыг үгүй болсны дараа Хятад өөрөө өөрийгөө захиран шийдэх эрхийг нь устгах тэр нэгэн хар өдрийг хүртэл Хятадыг толгой дээрээ гаргаж үзээгүй зэрлэгүүд бие даасан байдлаа зарлан тунхаглаж, өөрсдийн томилсон төрийн эрх баригч “Хутагт” буюу Богд Хааны удирдлага дор (Шашны ёсны гурав дахь Амьд Бурхан, орд өргөө нь Өргөө хотод байрладаг) санаа амар сууж байжээ.
Алс Дорнодод болсон улс төрийн энэ “халуун” үйл явдал бусад хүчний сонирхлыг өдөөхөд дэндүү алслагдмал байв. Тэр дундаа газар нутгийн байршил, уур амьсгалын хүчин зүйл, ялангуяа харилцаа холбоо хөгжөөгүй явдал нь Монгол улсыг ертөнцөөс тусгаарлагдахад хүргэжээ. Хэдийгээр Хаалган хотоос Хиагт хүртэл зам тавих төлөвлөгөө бий ч одоогоор Монголд гайхуулах нэг ч төмөр зам алга. Тэд саяхнаас л моторт тэргийг хэрэглээнд нэвтрүүлжээ.
Монгол орон нөөц баялагтайг бид мэднэ. Ямар ч байсан алт бол бий (тэдгээрийн нэг нь саяхан эхэлсэн Америкийн “Монголор” алтны уурхай). Бас зэс, мөнгө, нүүрсний уурхай ч бий. Гол усанд нь загас, ойд нь мод, үслэг ан амьтад элбэг. Түүнчлэн Техас, Небраска мужийн адил өргөн уудам тэгш тал нь газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Гэвч нийгэмшээгүй Монголчууд эдгээр баялгийнхаа ашиг шимийг бага хүртдэг. Учир нь тэд хүнд хөдөлмөр битгий хэл ерөөс огт ажил эрхэлдэггүй. Библид “Талд ургах ердийн сараана ургах гэж махран зүтгэдэггүй, утас ээрч томдоггүй” хэмээн өгүүлдэг шиг. Тэд бол хэрэгцээ шаардлага бага байх тусам санаа зовох зүйл бага байдгийн тод жишээ юм.
Шахмал дөрвөлжин цай нь цутгамал зоосон доллараас илүү үнэ цэнэтэй тул эдийн засгийн хямрал тэдэнд нөлөөлөхгүй. Монголчууд хот байгуулдаггүй, байнга нүүдэллэн амар жимэр амьдарцгаах тул хот суурины асуудал тэдэнд сонин биш. Байгалиас заяасан өргөн уудам тал нутагтай учраас үндэстэн угсаатнууд овоорон чихэлдэлгүй дамжин өнгөрөх боломжтой. Тиймээс тэдэнд зам хэрэггүй. Хахир ширүүн цаг агаарт хүн биеэ угааж чадахгүй тул ус маш бага хэрэглэнэ. Эмээл дээрээ удаан явсан тэд, нар шингэхэд шууд л унтаж хэвтэхийг боддог учраас эрчим хүчийг үгүйлэхгүй. Эцэст нь, байгаа малаа чононоос хамгаалахаас өөр зарлага гарахгүй учраас амьжиргааны өртөг нэмэгдэх нь тэдэнд падлийгүй.
Их Чингисийн үеэс л уудам талд бэлчээрлэж байсан сүрэг мал нь тэднийг хувцас, хоол хүнс, “шатахуун” нь дүүрэн унаагаар хангах аж.
Нээлттэй, амар жимэр амьдрах тэд шүүх, цагдаа нараас ангид байж жинхэнэ эрх чөлөөг эдэлнэ. Гэвч зэрлэгүүдийн үр сад нүүдлийн амьдралд гайхалтай зохицсон ойлгомжтой, хүмүүнлэг, энгийн авч эртний хууль цаазаа дуртайяа дагаж мөрддөг.