ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор Сономын Лувсанвандангийн нэрэмжит сангаас олгодог Гоо зvйн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр 12.00 цагаас боллоо.
"С.Лувсанвандан сан" нь 2005 оноос эхэлж, Гоо Зүйн дээд шагналыг бий болгон, гоо зүйн өндөр таашаал хүртсэн бүтээлийн эздэд гардуулах болсон. Анхны шагналыг үндэсний уран барилгын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболдод олгосон юм.
Удаахь шагналыг 2006 онд билгүүн номч Б.Ринчен гуайн ач, уран барималч Б.Дэнзэнд олгосон. Тэрээр 2005 онд өвөөгийнхөө 100 жилийн ойг тохиолдуулан, Улсын төв номын сангийн өмнөх зүүн гартаа судар тэврэн зогсох дээлтэй хөшөөг нь бүтээсэн юм. Түүнчлэн 2007 онд гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрээрээ хүртсэн бол төрийн соёрхолт зохиолч Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин нар ч бас энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болсон билээ.Энэ удаагийн “Гоо зүйн дээд шагнал”-ыг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртлээ.
Тэрбээр “Орчин үеийн бүжгийг Монголд түгээн дэлгэрүүлэх нь” төслийг удирдаж, Дундговь, Өмнөговь аймагт байгалийн өнгө төрх, байгаа байдлыг тайз болгон ашиглаж тоглолтоо хийж байсан төдийгүй, дэлхийн олон улсуудад монголынхоо соёл урлагийг түгээн дэлгэрүүлсэн нэгэн ажээ.
www.URLAG.mn