Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны зургаадугаар сарын 6-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Улаанбаатар хот нь ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд 2023 онд нэгдэж, дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй бүтээлч хотуудын эгнээнд багтсан нь Монгол улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлах, салбарын эзлэх байр суурийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.
ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний үйл ажиллагааны долоон төрөлд Гар урлал ба ардын урлаг /Crafts & Folk Art/, Дизайн урлаг /Design/, Кино урлаг /Film/, Хоолны урлаг /Gastronomy/, Уран зохиол /Literature/, Медиа урлаг /Media Arts/, Хөгжмийн урлаг /Music/ багтдаг.
2025 онд эдгээр долоон төрлийн нэг болох медиа, дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар биенналь”-ийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх, соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
“Улаанбаатар биенналь”-ийн ерөнхий хөтөлбөр боловсруулагчаар Монголын урлагийн зөвлөл ТББ, хамтран зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Хөх нар” орчин үеийн урлагийн төв, “Marketainment Mongolia” ХХК, ерөнхий куратороор Австрали улсын куратор Тиан Жан удирдан ажиллаж, “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор олон улсын ерөнхий болон хамтарсан үзэсгэлэн, тайз болон гадна талбайн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, куратор, уран бүтээлчдийн сургалт, уулзалт зэрэг хөтөлбөрүүд тус тус зохион байгуулагдана.