ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил нар Дэлхийн циркийн урлагт чансаагаараа эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадмаас Гран-при хүртээд ирсэн Т.Буд багштай “Bud X Roses” студийн жүжигчид болох Н.Төгөлдөрсайхан-СТА, Г.Энхгэрэл СТА, Б.Алтжин СТА, Б.Уянга СТА, Г.Сарангуа, Н.Мөнгөнцацраг нарыг хүлээн авч, баяр хүргэлээ.
Эдгээр нугараач охид нь насны хувьд 14-20 настай 7-13 жил уран нугаралтаар хичээллэж байгаа аж. Соёлын өвөө өвлөн тээж, амжилт гаргаж байгаа нугараач охидод Ц.Оюунгэрэл сайд талархал илэрхийлж, цаашид улам их амжилт гаргахыг хүссэн юм.
“Алтан цирк” наадам энэ жил Италийн Ром хотноо болсон ба энэ жил 30 насны ойтойгоо золгож байгаа тус наадам 2013 оны 12 дугаар сарын 21-нээс 2014 оны нэгдүгээр сарын 21-ныг хүртэл үргэлжилсэн.
Манай циркчид “Алтан цирк” наадамд сүүлийн хэдэн жил тасралтгүй оролцож байгаа юм.
Харин энэ жил Монголын циркчдийг төлөөлөн оролцсон Т.Буд багштай “Bud X Roses” студийн жүжигчид амжилттай оролцон “Алтан цом”, “Шилдэг номерын цом”, “Итали улсын засгийн газрын нэрэмжит шагнал”-ыг хүртээд ирсэн юм.
30 жилийн ойн хүрээндээ тэд дэлхий дахины шилдэг циркчдийг хамруулсан хүндэтгэлийн тоглолтыг 4 өдрийн турш зохион байгуулсан байна. Энэхүү хүндэтгэлийн парадын эхний эгнээг Монголын нугараачид тэргүүлэн явсан бөгөөд Ромын пап үзэж сонирхсон байна.