Тайз дэлгэцийн урлагт нэр хүнд, байр сууриа хэдийнэ олсон урлагийн “акул”-уудын эцэг бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү гэх үг дуу цөөтэй, намхан буурал өвгөн билээ.
Д.Маамхуү багш цагаан сарын өмнө Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх төрийн өндөр цолоор энгэрээ мялаасан.
Харин өнгөрсөн баасан гарагт уул мэт сүндэрлэх урлагийн бурхдын эцэг Д.Маамхүү багшийн гавьяат цолны хүндэтгэлийн арга хэмжээ болсон юм.
Урлагийнхан тэр дундаа тайз дэлгэцийн урлагийн одууд нэгэн дор цугларч, их багшдаа хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр Баянхонгор аймгийн Богд сумаас 10- настай хүүхэд хотод ирж настай ээжийгээ тэжээхийн тулд Төмөрийн заводад хэвчин хийж байв. Ийм ажил хийж байхдаа кино, жүжиг үзэх дуртай нэгэн байсан бөгөөд 17 настайдаа жүжигчний шалгалт өгч алдарт Ц.Цэгмэд агсны шавь болж байжээ.
Дэлгэцийн урлагт төдийгүй Монголын ард түмний зүрх сэтгэлд Цогт тайжийн дүрээрээ мөнхрөн үлдсэн МУАЖ, Төрийн шагналт Цагааны Цэгмид гуай 13 шавьтайгаа УДЭТ-ын суурийг тавьж, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан түүхтэй. Тэр 13-ын нэг бол Д.Маамхүү багш.
Шавь нараас нь дурьдвал Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Ц.Төмөрбаатар, И.Одончимэг зэрэг гавьяатууд болон СГА-нууд, хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэгтэн”, Хэвлэлийн тэргүүний ажилтан, “Аптан шонхор”-ын эзэд төрсөн.
Урлагийн тогоонд чанагдаж, урлагаар амьдарч яваа хэн ч энэ буурал өвгөнийг багшаа гэж хүндэлнэ. Театр байгуулагдаж, сэтгэл зүрхээрээ ажилласан олон жүжигчний араас боловсон хүчин хэрэгтэй болж, УБДС-д кино, драмын жүжигчний анги нээсэн гэдэг.
Тэр үед жүжигчний уран чадварыг Д.Маамхүү урлагийн хойч үед өвлүүлж байсан юм билээ. Хэд хэдэн жүжиг найруулан тавьсан түүнийг жүжигчид дурсахдаа жүжигчнийг хэрхэн тоглуулахаа мэддэг, хатуу найруулагч, сайн багш гэдэг.
Харахад жирийн л нэг өвөө. Ач, зээ нартаа хэчнээн хүлцэнгүй байж, өвөр дээрээ хэрхэн эрхлүүлдэг бол гэж бодохоор л хайр хүрэм тийм л намхан, буурал өвөө. Гэхдээ энэ хүн Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх мөртэй хүн.
Шавь нараас нь дурьдвал Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Ц.Төмөрбаатар, И.Одончимэг зэрэг гавьяатууд болон СГА-нууд, хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэгтэн”, Хэвлэлийн тэргүүний ажилтан, “Аптан шонхор”-ын эзэд төрсөн. Ийм л сайхан хүний зааж өгсөн зам мөр дардан шулуун байх ч ёстой биз.
Үг дуу цөөнтэй, анх таарсан хүнтэй ярихдаа загнаад ч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг энэ багш одоо ч урлагийн хойч үедээ санаа тавьсаар. Тэрбээр “Сити” институтын зөвлөх багшаар ажилладаг. Өвгөн багшийн өөрийнхөө тухай ярих дургүй нь гавьяат цолыг үнэд оруулсан хэрэг ч байж болох. Гэхдээ түүний тухай ярих шавь Монголын урлагт маш олон бий.
Э.Туул