“Лхам” галерей нь Монгол болон Төв Азийн орчин үеийн урлагийг дэлхийд таниулах зорилготой, Монголын анхны олон улсын галерей юм. Тус галерей нь Швейцарын хамгийн том музейнүүдийн нэг болох Риетберг музейн “Монгол орон: Цаг хугацааны аялал” нэртэй үзэсгэлэнгийн орчин үеийн урлагийн хэсгийн албан ёсны түншээр сонгогдон, өнгөрсөн нэг жилийн турш амжилттай хамтран ажиллажээ.
Үзэсгэлэн 2025 оны аравдугаао сарын 23-нд Цюрих хотноо нээгдсэн бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл олон улсын үзэгчдэд Монголын эзэнт гүрний түүх, давтагдашгүй соёлын өв болон орчин үеийн урлагийг хослуулан танилцуулах юм. Энэхүү үзэсгэлэн нь Швейцарт толилуулагдаж буй Монголын тухай хамгийн анхны цогц үзэсгэлэн болохоороо онцлогтой.

Үзэсгэлэн түүхэн болон контемпорари (орчин үеийн урлагийн) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдсэн байна. Түүхэн хэсэгт Риетберг музей нь “Чингис хаан” үндэсний музей, “Хархорум” музей, Монгол Улсын Шинжлэх ухааныаАкадеми болон холбогдох соёлын байгууллагуудтай хамтран археологийн ховор олдвор, эртний эд өлгийн үнэт үзмэрүүдийг дэлгэн үзүүлжээ. Харин орчин үеийн урлагийн хэсгийн бүтээлүүдийг “Лхамт” галерей бүрдүүлж, Монголын 13 уран бүтээлчийн уран зураг, баримал, инсталляци, видео, холимог техник зэрэг олон төрлөөр бүтээгдсэн нийт 53 бүтээлийг толилуулж байгаа аж.

“Лхам” галерей нь шинэ гарч буй болон дунд үеийн уран бүтээлчдийг төлөөлөн, үзэсгэлэн, нийтлэл, урлагийн хөтөлбөрүүдээр дамжуулан соёлын харилцааг өргөжүүлж, олон нийт болон салбар хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.
2024 онд тус галерей нь Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “Asia Now Paris Art Fair” үзэсгэлэнд Монгол Улсаас анх удаа амжилттай оролцож, Монголын контемпорари урлагийг өндөр түвшинд үнэлүүлсэн нь түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон юм. Энэ жил “Лхам” галерей нь Швейцарт илүү өргөн хүрээний үзэгчдэд хүрч, соёл, урлагаар дамжуулан Швейцар, Монголыг холбох гүүр болохыг эрмэлзэн ажиллаж байна.
РИЕТБЕРГТ МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ БУЙ УРАН БҮТЭЭЛЧИД
Риетберг музей нь энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан дэлхийн соёл иргэншлийн түүхэнд гүн мөрөө үлдээсэн Монголын эзэнт гүрний өв соёлыг, орчин үеийн Монгол уран бүтээлчдийн үзэл санаатай нэгтгэн харуулж, дэлхийн үзэгчдэд өнөөгийн Монголын өвөрмөц дүр төрхийг таниулахыг зорьж буй юм. “Лхам” галерейн төлөөлж буй уран бүтээлчдийн бүтээлүүд нь нүүдэлчдийн өв уламжлал, соёлын залгамж, хотжилтоос үүдэлтэй хувьслын дунд орших Монгол хүний оршихуйн тэнцвэр, зөрчлийн асуудлуудыг хөндөж буй нь үзэсгэлэнгийн гол утга санаатай уялдаж байгаа билээ.


Үзэсгэлэнд төлөөлөн оролцож буй уран бүтээлчид нь Монголын өнөө цагийн өнгө төрх, соёлын өөрчлөлтийг өөр өөрийн өнцгөөс дүрслэн харуулжээ. М.Эрдэнэбаяр нь нүүдэлчдийн эрх чөлөө, тэсвэр хатуужлын бэлгэдэл болсон морины дүрслэлээр дамжуулан орчин үеийн хотын оршихуй, хотжилттой холбоотой өрнөж буй нийгмийн ээдрээт өөрчлөлтийг өгүүлнэ. Б.Баатарзориг улс төрийн өгүүлэмж, поп соёл, сүсэг бишрэлийг уран дүрслэлийн баялаг хэлээр сүлэлдүүлэн дүрсэлж, орчин цагийн Монголын зөрчилт дүр төрхийг тод томруун харуулдаг. Улаанбаатарын хаягдмал давхарга, мартагдсан орон зайг өрөвч, реалист хандлагаар илэрхийлдэг Э.Лхагвадоржийн бүтээлүүд Монголын нийгмийн үл анзаарагдах, нуугдмал ахуйг хэтийдсэн өнгө будаггүй илчлэн харуулах бол У.Одмаа нь буддын шашны бэлгэдлийг орчин үеийн абстракт дүрслэлтэй хослуулан уламжлал, орчин үеийн огтлолцлыг мэдрүүлнэ. Монгол зургийн арга барилаар ардын домог, түүхэн сэдвийг шинэчлэн бүтээлээ туурвидаг Г.Гэрэлхүү хотжилт ба бүдгэрэн буй уламжлал хоорондын зөрчлийг илэрхийлж, харин О.Ням-Очир бүтээлүүддээ уламжлалт босоо бичгийг Монгол ахуй, оюун санааны нэгдэл болгон амилуулдаг билээ.

Түүнчлэн Г.Амарсанаа, Д.Азжаргал, Ц.Номин, А.Жавхлан, Ж.Мөнхжаргал, Д.Давааням Баги Макс зэрэг уран бүтээлчдийн өөр өөр арга барил, техникээр туурвисан бүтээлүүд дэлгэгджээ.

Эдгээр уран бүтээлчид нь нэгэн цагт дэлхийг эзэгнэж, олон тивийн түүхийг тодорхойлж байсан Монголын эзэнт гүрний өв соёлыг өнөөгийн Монголын шинэ дүр төрхтэй холбосон цаг хугацааны гүүр болж, соёл уламжлал, хотжих хөгжлийг дагасан сэдвүүдийг өөрийн өвөрмөц урлагийн хэлээр хөндөн, дэлхийн үзэгчдэд орчин цагийн Монголын хөгжил, урлаг соёлын өнгө төрхийг төлөөлөн харуулах юм.

Гэрэл зургийг Риетберг музей, гэрэл зурагчин Фабиенн Гантенбайн

