Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину-3” киноконцерт өчигдөр /2025.10.06/ нээлтэй хийлээ.
Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит ҮУИТ-ын дуу албаны уран бүтээлчид Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “DOZ” энтертайнменттай хамтран энэхүү уран бүтээлийнхээ зураг авалтыг хийсэн юм.
Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа энэхүү бүтээлийг анх санаачилж 2020, 2023 онуудад “Ардын дуу мину-1”, “Ардын дуу мину-2” гэх уран бүтээлийн цоморлогийг үзэгчдийн хүртээл болгож байв.
Харин энэ удаа дуу, технологийн дэвшилттэйгээр намрын налгар өдрүүдийн үзэмжид 1960-1980 оны ахуй амьдралаар ардын болон уртын дуунуудыг зохиомжлон хүргэж байна. Ингэхдээ ҮУИТ-ын дуу албаны хамт олон “Ардын дуу мину” цуврал концертоороо монголчуудын сонсох дуртай болон мартагдаад байгаа 70 гаруй дууг шинэчилсэн хөгжмийн найруулгаар хүргэж буйгаараа онцлог юм.
Энэхүү киноконцертыг бүх iptv-гээр хүлээн авч үзэх боломжтой ажээ.