Ихэд өөрийнхөөрөө, чөлөөтэй, эрх чөлөөг эрхэмлэдэг, харахад бүдүүн баараг загварын хувцастай боловч өөрт нь тун сайн зохицсон донжийг илэрхийлж чаддаг нэгэн бол реппер А.Дөлгөөн юм. Түүнийг залуучууд андахгүй сайн мэднэ. Тэрбээр 11 настайгаа хойш БНСУ-д амьдарч байгаад ирсэн болохоор монгол хэлэндээ тааруу. Гэсэн ч өөрийгөө ойлгуулах гэж ихэд хичээсэн билээ. Реппер А.Дөлгөөн хэвлэл мэдээллийнхний хараанд байнга өртдөг нь сэтгэлийг нь зовоож байгаа асуудлуудын нэг гэж байлаа. А.Дөлгөөний ярилцлагыг хүргэе.
-Өөрийг чинь монгол залуус сайн танина. 2010 оны “Universt best songs”-орох гэж ирснээс хойш танил болсон. Монголд ирээд нилээд жин хаясан уу?
-Тийм. Арав гаруй кг хаячихсан байна шүү. Би турж таргалахдаа амархан болохоор жаахан хичээвэл хоёр долоо хоногт тав зургаан кг хаячихдаг. Харин жаахан идчих юм бол буцаад л таргалчихдаг. Бага байхын л хоолонд сайн хүүхэд байсан даа. Одоо ч хоолонд сайн шүү.
-Хоол гэснээс ямар Монгол хоолонд дуртай вэ. Ээжийнхээ хоолыг санаж байна уу. Одоо гэрийнхнээсээ хол байгаа шүү дээ?
-Манай гэрийнхэн Солонгост амьдардаг. Манай ээж аав хоёр наймаа хийх гээд л гадаад яваад өгчихдөг. Би 11 нас хүртлээ эмээ өвөө дээрээ өссөн гэхэд болно. Эмээгийнхээ ногоотой шөлөнд нугасгүй. Мөн шөлөнд чанасан гурилыг халуун ногоотой хольж идэх дуртай. Халуун ногоог хүүхдүүд идэж чаддаггүй байхад би өвөөтэйгөө перц булаацалдаад л иддэг хүүхэд байсан шүү. Тэгээд ч тэр үү Солонгос хоолонд их хурдан дассан. Эмээ өвөө нарын ямар ч хоолонд би дуртай. Хөгшин хүмүүсийн хоол гоё амттай. /Инээв/
-А.Дөлгөөний имиж бүрдүүлэлтэнд хэн ажилладаг вэ, эсвэл А.Дөлгөөн өөрөө өөрийнхөө гадаад ертөнцийг бүрдүүлдэг үү?
-Би угийн л их сонин стильтэй. Миний өмсдөг өмднүүдийг Солонгосоор “Дун па жи” буюу бааранхай өмд, баасан өмд гэж нэрлэдэг л дээ. /Инээв/. Би өөрийнхөө стиль имижийг өөрөө бүрдүүлдэг байсан одоо бол “Оcean gray” студийн хамт олон ажиллаж байгаа. Арай эмэгтэйлэг өөрийн гэсэн өвөрмөц стильтэй болох гэж хичээж байна. Гэхдээ гадуур явж байгаа энгийн л стиль. “Маамуу”-гаас хойш миний стиль имиж эрс өөрчлөгдөж байгаа.
-Шинэ имижиндээ дасах болов уу?
-Дасна даа. Яагаад гэхлээр би 16,17 настайдаа их туранхай, 49 кг байсан. Тэрнээс хойш 20 кг таргалаад миний одоо байгаа имиж бий болсон. Ер нь багын жаахан эршүүд зантай байсан л даа. Гэхдээ л эмэгтэй хүн юм чинь энэ имижиндээ удахгүй дасчих байх аа. Бусад бүсгүйчүүдийн нэг адил хөөрхөн байхыг хичээж байгаа.
-Хөөрхөн гэснээс А.Дөлгөөн ер нь хөөрхөн үү?
-Гологдчихгүй байх гэж боддог. Гэхдээ тийм хөөрхөн гэж боддоггүй. Хөөрхөн…тэрүүхэн тэндээ, өөрөө өөртөө болчихдог л юм. Гэхдээ хааяа толинд хараад өөрийгөө голноо. /Инээв /
-Шивээс сонирхдог бололтой?
-Шивээсийг их сонирхоно шүү.
-Хамгийн анх хэдэн настайдаа шивээс хийлгэж байсан бэ?
-Миний зүүн гарын шуун дээр байгаа энэ микрафоныг би 16 настайдаа шивүүлгэсэн. Загалмай бий, бас далан дээр Анжелина Жолигийнхтой адил англи үгийг төвд үсэг шиг хэлбэртэй бичсэн таван мөрт бий. Бичгийн хэлбэр нь Жолигийнх шиг боловч утга нь миний тухай. Энэ шивээсээ ч мөн 16 настайдаа хийлгэсэн. Харин зүүн шуун дээр байгаа өнгөт шивээсийг хийлгээд жил л болох гэж байна.
-Реппер А.Дөлгөөн ямар мэргэжилтэй вэ?
-Сурч байгаад ирсэн гэх үү дээ. Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр сурч байгаад ирсэн. Эцэг эхийнхээ хүслээр энэ мэргэжлээр суралцаж байсан. Гэвч энэ нь миний мөрөөдөл биш шүү дээ. Хүн хүсээгүй юмандаа өөрийгөө хүчлэх муухай. Ямар ч баяр, баясалгүй. Тиймээс хичээл номоо таслаад, их зөрүүд учраас тэгэсхийгээд л орхисон. Дуучин мөрөөдлөө ч хэсэг хугацаанд хаячихсан байсан. 2010 онд “Univers best songs” наадамд оролцоод гуравдугаар шатнаасаа хасагдаад нэг хэсэг гутарсан. Шивээс сонирхдог байсан учраас шивээс хийж сурах гэж нэг хэсэг оролдож байтал ээж маань намайг дахиад “Univers best songs” наадамд бүртгүүлээд байсан. “Миний охин мөрөөдөлдөө хүр” гээд онгоцны тасалбар авчихсан байлаа. Ээж маань дуучин болохыг мөрөөддөг байсан учраас намайг их дэмждэг. Тэгэж л гараанаас гарсан даа.
-Гараанаас гараад хэр хол явсан гэж бодож байгаа вэ?
-Гараанаасаа ямар ч байсан гарчихсан. Гэхдээ хол яваагүй л байна, явах зам маань талдаа ч ороогүй байна даа. / Инээв /
-Хип хоп урлаг гэхлээр томдсон хувцастай, хараалын үг, элдэв гаж хэллэгтэй дуу дуулдаг залуус байдаг гэж хүмүүс төсөөлдөг шүү дээ. А.Дөлгөөний хувьд хип хоп гэж юу вэ?
-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Яг юу юм бол… Би багаасаа хип хопоор үглэнэ, дуулна гэж бодож яваагүй. 2013 онд л өөрийнхөө шинэ авьяасыг нээсэн гэх үү дээ. Тийм учраас хип хоп урлагийг би тодорхойлох хэмжээнд хүртлээ таниагүй байна. Гэхдээ Ташаг шүтдэг, шүтэж ирсэн. Миний дуулах дуртай жанр бол хип хоп.
-Одоохондоо хип хоп урлагаа ойлгоогүй байгаа гэж хэлж болох уу?
-Огт ойлгоогүй нь хаашаа юм. Одоогоор л дөнгөж хип хоп урлагт хөл тавьж эхэлж байна шүү дээ. Цаг хугацаа өнгөрөөд одоо байгаагаасаа илүү энэ урлагт дурлах үед би өөрийн тань асуултад заавал хариулна.
-“Таныг дууныхаа үгийг өөрөө бичдэггүй, хүний бичсэн үгийг донжтой уншдаг” гэж ярьдаг юм билээ. Солонгост олон жил амьдарсан болохоор монгол үгийн баялаг дутаад байдаг бол сайн мэддэг солонгос хэлээрээ яагаад үглэж болдоггүй юм бол?
-11 наснаасаа хойш саяхныг хүртэл Солонгост амьдарч байгаад ирсэн. Хүмүүстэй харилцахдаа хэвийн боловч үгийн баялаг их муу. / Инээв /. Жаахан хүүхэд байхдаа Солонгос руу явсан болохоор монгол хэлэндээ жаахан тааруу. Үгийн баялаг муу учраас “райм” зохиохдоо муу, яалт ч үгүй. Одоо л бичиж үзэж байна. Солонгосоор эхэлж бичээд их гоё үгнүүд бичдэг толгой холбож болоод байдаг хэрнээ Монгол хэл рүү орчуулахаар “тэнэг” болчихдог. Тийм учраас Монгол ном их уншиж байгаа. Удахгүй гоё, зэвүүн үг, дууны “райм” бичдэг болноо./ Инээв /
-Би танд нэг санал тавиад байна л даа. Яагаад Солонгосоор үглэж болохгүй гэж?
-Солонгосоор үглэж болно л доо. Гэхдээ би Монголд уран бүтээлийнхээ гарааг эхэлчихсэн учраас миний гаргах эхний цомог маань дан монгол үг, монгол дуунаас бүтээсэй гэж бодож байгаа. Надтай хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань ч санал нэг байгаа. Гэхдээ Солонгосоор үглэсэн хэсэг оруулсан байвал бас гоё л доо. Одоогийн байдлаар цомгийн ажил маань 70 хувьтай явж байна. Зургадугаар сарын 1-нд нэг цомгоо гаргаад, удахгүй тоглолтоо хийх бодолтой байгаа. Одоохондоо яг ч төлөвлөөгүй мөрөөдөл гэх үү дээ.
-Реппер Tsetse-тэй хамтарч ажиллах сураг байсан. АНУ-руу Tsetse явчихсан шүү дээ…?
-Цэцэ ахын эхнэр нь жирэмсэн, удахгүй төрөх учраас АНУ руу явсан. Гэхдээ бид хоёр хамтарч ажиллаж байгаа, E-mail-ээр үгээ явуулж надад зөвлөдөг.
-Та “Опозит”-ын Г.Энэрэлтэй хамтарч ажилладаг. “Опозит” хамтлагийнхны үглэдэг жанр чинийхээс их өөр шүү дээ…?
-Санаа нийлдэг, нийлдэг. Хамтлагийн уран бүтээл, хувь хүний уран бүтээл хоёр хоорондоо их өөр л дөө. Бид нар үгээ ярилцаж байхдаа их хөгжилтэй байдаг хамтдаа инээлдээд л надад тохирсон үгийг, өнгийг их гаргаж өгдөг. Харин ч эсрэгээрээ их санаа нийлж ажилладаг. “Опозит” хамтлагийн имиж хүнд боловч Г.Энэрэл гэдэг хүн үнэхээр агуу юм байна лээ.
-Дуучин Б.Амархүүтэй хийнэ гэсэн уран бүтээлийн сураг яагаад тасарчихав аа. Хамтарч уран бүтээл хийнэ гэж хүмүүсийн нүдэн дээр амласан шүү дээ?
-Б.Амархүү ах намайг дэмждэгт маш их баярладаг. Хамтарч дуу хийе гэж хэлсэн нь үнэхээр их баярлуулсан. Тэр үед Амархүү ах маань найз бүсгүйтэйгээ гадагшаа явчихсан. Би хэзээ ирэхийг нь мэдэхгүй хүлээж суутал Рагу, Ариука ах нар хамтарч ажиллах санал тавьсан. Бидний гэрээнд хэн нэгэн өөр хүнтэй хамтарч дуулахыг хориглосон заалт орсон. Тэгээдл Б.Амархүү ах бид хоёрын дуу бүтээгүй.
Тэгээд тэр тухайгаа Б.Амархүү ахтай ярьсан. “Уучлаарай Амархүү ахаа манай гэрээнд ингээд заачихсан та манай продюсертэй ярих юм уу? Би хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг дунд нь яг яахаа мэдэхгүй байна аа. Амархүү ахаа яах уу?” гэсэн чинь Амархүү ах “Тийм үү… За за, би тэгвэл Л.Балхжав ахаар яриулуул яриулчихъяа” гэж хэлээд уурлаад утсаа тасалсан. Сүүлд нь телевиз, хэвлэл мэдээллээр надад их гомдоллоод байна гэсэн. Яг үнэндээ би ойлголцохыг их хичээсэн, гэхдээ тэр хүн надад гомдчихсон.
-Одоо бол харилцаа бас тааруухан хэвээр үү?
-Амархүү ахтай “Сайн байна уу та” гэхлээр сайн гээд л болчихдог. Харилцаандаа хана босгочихсон байна лээ. Би уг нь ойлголцоод дотно байхыг хүсдэг. Гэхдээ одоо надад хамаагүй ээ.
-Монголын урлагийн ертөнц чиний төсөөлж байснаас хэр ялгаатай байна вэ?
-Ер нь урлаг төсөөлөхөөр мөрөөдлөө төсөөлнө гэсэн үг л дээ. Анх шалгаруулалтанд оролцож байхдаа ямар өөрөөр төсөөлж байсан юм бэ гэж боддог. Дуулахдаа хүртэл аз жаргалтай байдаг гэж…Би жаргалтай байгаа л даа. Гэвч урлаг үргэлж аз жаргалтай байдаг зүйл биш юм байна. Үнэхээр тэр тогоонд нь шарагдаж, чанагдаж байх шиг байна л даа. Маш их хүч хөдөлмөр гаргадаг. Сэтгэл их ядардаг, дуулахдаа хүртэл нот алдахгүйг хичээж ажилладаг. Хоолой өвдөх эрхгүй, хоолой өвдсөн ч сөөнгө хоолойтой дуулна. Өвдөх эрхгүй, ээж маань шинэ жилийн үеэр өвдчихсөн. Сэтгэл санаагаар унасан үед ч гэсэн инээгээд л тайзан дээр дуулах ёстой байдаг. Гэхдээ тэр үед уйлчих гээд их хэцүү байгаа юм л даа. Өвдсөн үедээ ч би өөрийн зовлонг мартан инээж баясаж, хүмүүст баяр хүргэх үүрэг оногдсон нь надад үнэхээр хэцүү байсан. Урлагийн хүмүүс, урлаг гэж агуу байдаг юм байна лээ. Нөр их хөдөлмөр, асар их тэвчээр шаардсан ажил.
Бас нэг зүйл нь надад үнэхээр таалагдаагүй. Худлаа юм бичдэг хэвлэл мэдээллийн салбарынхан, зарим нь жаахан үнэн зүйлийг хүртэл хэт давруулж бичиж байсан нь надад үнэхээр таалагдаагүй.
-“Маамуу”, “Чи бол зураач” гэх хоёр бүтээлийн агуулга нь юу байх вэ?
-Ер нь “Маамуу” брэндтэй холбоотой ажиллаж байгаа учраас энэ удаагийн уран бүтээл маань “Baby come on” нэртэй бүтээл болсон. “Маамуу нааш ир” дууны аянд жаахан микс оруулаад ажилласан. Ер нь хөгжилтэй дуу болсон шүү, “20 нас” дуутай маань төстэй. Гэхдээ яг агуулгыг нь гэхлээр шууд хэлж чадахгүй байна. Үгэн дээр нь “Опозит” хамтлагийн Энэрэл ах ажилласан.
“Чи бол зураач” уран бүтээлийн хувьд одоогоор хоолойндоо орчихсон явж байгаа. Энэ бүтээл маань залуучуудад эрч хүч, урам өгсөн бүтээл болж байгаа. Залуу хүмүүсийн амьдралыг харуулсан, залуусыг уриалсан дуу болсон. Уран зургаар илэрхийлж дуулсан даа… Цагаан цаасаа үрэлгүйгээр өөрийнхөө амьдралыг зурвал яасан юм бэ… гэх мэт./ Инээв /.
-Та залуу хүн. Мэдээж шоудах үе байгаа нь тодорхой. Та шоуг ер нь юу гэж боддог вэ, зөв юм болов уу буруу юм болов уу?
-Шоу гоё ш дээ. Гэхдээ аливаа зүйл ихдэхээрээ буруу бөгөөд муухай болдог. Би лав найз нөхөдтэйгөө доргиж хамт байх дуртай. Гэхдээ архи, тамхи хэрэглэхгүйгээр зүгээр хамтдаа байх гоё ш дээ. Монгол залуус маань жаахан хэтрүүлэх гээд байдаг.
Гэхдээ намайг гудамжинд явж байхыг хүмүүс харчихаад “Еэ энэ таксинд сууж байса,н тийм машинд. Хэрвээ дэлгүүрээс гоймон аваад явж байх юм бол, энэ гоймон иддэг юм байна ч юм уу” гэхчилэн ярьдаг. Тэр нь жаахан тиймхэн. Би чинь жирийн л нэг хүн шүү дээ.
Э.ТЭКҮ
Эх сурвалж: news.mn