Сонгодог, рок, модал, поп жааз хэлбэрээр уран бүтээлээ туурвидаг “Пауз” хамтлаг энэ сарын 25-нд Тусгаар тогтнолын ордонд “Өвгөд ба мэргэд” тоглолтоо хийнэ. Ая зохиогч, төгөлдөр хуурч Ж.Энхбаяр, дуучин Э.Хишигдаваа, гитарчин Н.Мөнхбаяр, Э.Билгүүн, бөмбөрчин А.Батцоож нарын бүрэлдэхүүнтэй тус хамтлаг байгуулагдаад 14 жил болжээ. Тэд удирдаач Нямдаш, нарийн бүрээчин Мөнхбат нартай хамтрах аж. Дуучин Э.Хишигдаваагаас тоглолтын талаар тодрууллаа.
-“Вангогийн хүлээлт”, “Ертөнцийн хязгаар дахь модон гүүр” зэрэг өвөрмөц өнгө аястай бүтээлээ толилуулсан ч яагаад таг болчихов оо. Тоглолтынхоо тухай мэдээлэл өгөхгүй юу?
-“Гарын арван хуруу”, “Сүхээ гол”, “Авгын цагаан уул”, “Хол л байна” зэрэг монгол ардын дууг орчин үеийн поп, модал жааз хэлбэрт хөрвүүлэн тоглох гэж байна. Ажил санааны зоргоор бүтдэггүй болохоор их судалгаа хийж, тоглолтдоо бэлдсээр ойрын хоёр жил нам жим байлаа. Дэлхийд жааз хөгжим сонгодог хэлбэрээр хөгжиж, улс орон бүр өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн жааз төрөлтэй боллоо. Бид ч гэсэн монгол өнгө аястай жааз хөгжим тоглоё гэж бодсон нь энэ.
-Монгол жааз тоглолт гэж ойлгож болох уу?
-Ганцхан хамтлаг ийм тоглолт хийгээд монгол жааз урсгал нээнэ гэж хэзээ ч байхг үй. Олон хөгжимчин, дуучны зүтгэл чармайлт шингэж, хожим нь урлаг судлаачид дүгнэж хэлнэ. Бид зүгээр л далайд дусал нэмэр гэгчээр бага ч болов хувь нэмрээ оруулъя гэж бодсон.
-Танайхан тоглолтын дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Тоглолтоо DVD болгоно. Цаашдаа хамтлагийнхаа өнгө аясыг илэрхийлсэн дуунаас гадна 1960, 70-аад онд “мандаж байсан” монгол бүтээлүүдийг жааз хэлбэрт оруулж тоглох санаа байна.
Б.Дөл