Монголын кино урлагийн түүхэн замнал гэгээ цацруулсаар мөнхөд үргэлжлэх нь дамжиггүй хэмээн, сэтгүүлч миний бие өчигдөр болсон “Луйвар” монголын уран сайхны киноны нээлтийн үеэр цас, бороонд норон бодолхийн зогслоо. Үнэхээр киноны уран бүтээлчид маань бүтээхийн төлөө, бүтээснээ үзэгчиддээ толилуулахын төлөө учирч болох саад бүхнийг даван туулж байдагийн тод илрэл болж цас бороо ээлжлэн орсон сэрүүхэн орой “Тэнгис” кино театрын гадна талбайд тусгайлан зассан ёслолын талбайд уран бүтээлчид маань сэтгэл дүүрэн киноныхоо нээлтийг хийлээ.
Үе үеийн олон гайхалтай уран бүтээлчид энэхүү ёслолд оролцохдоо хэзээ хэзээнээс илүүтэй догдлон байгаа нь харагдаж байсан бөгөөд тэднийг харж, тэдэнтэй учран золгож шинэхэн уран бүтээлийн өлгийдөн авахаар хүрэлцэн ирсэн үзэгч түмэн тус талбайг дүүргэн байсан нь үнэхээр л Монгол түмэн кино урлагтаа хайртай, дуртай байдгийг харуулж байсан юм. Ингээд гадна талбайд болсон нээлтийн үйл ажиллагаа өндөрлөхөд дотор зааланд мөн л уран бүтээлчид болоод үзэгч түмэн сэтгэлийн жаргалтайгаар учран золгож киногоо үзэхийг тэсэн ядан хүлээсээр танхимд орцгоосон юм. Ийнхүү “Луйвар” монголын уран сайхны киноны нээлтийн хүндтэй зочид болох Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр тэргүүтэй эрхэм уран бүтээлчид тайз дүүргэн зогсож үзэгч түмэнтэйгээ мэндчилсээр үзэгчид төдийгүй уран бүтээлчдийг удаан хүлээлгэсэн кино албан ёсоор нээлтээ хийсэн юм.
Нэрт найруулагч Б.Балжинням гуай энэхүү уран бүтээл дээр зөвлөхөөр хамтран аижлласан бөгөөд тэрбээр нээлтийн дараа “Би тэднийг сайн бүтээл хийнэ гэдэгт итгэлтэй байсан. Ганц нэг засаж, азлруулах зүйл байлаа. Гэхдээ нээлтэн дээр найруулагч Цогтбаяр хоёрдугаар ангийн тухай дурьдсан. Би хоёрдугаар ангийг заавал хийгээрэй гэж хэлэх байна. Залуус энэ нийгэмд дуугарч байгаагүй сэвдээр мэргэжлийн зохиолчийн хамт хөндөж тавьсанд сэтгэл өндөр байна. Сүүлийн үед кино урлагт зохиол шиг эрэлттэй зүйл байхгүй болоод байгаа. Энэ үед зохиолч С.Пүрэвийг хамтран ажиллаж энэхүү бүтээлийг хийсэнд баярлаж байна” хэмээв. Ийнхүү сайн сэдэв, сайн уран бүтээлчдийн хөдөлмөрийн шимээр бүтсэн “Луйвар” монголын уран сайхны киноны зохиолчоор найруулагч, СГЗ Б.Цогтбаяр С.Пүрэв нар ажилласан бол ерөнхий найруулагчаар СГЗ Б.Цогтбаяр, ерөнхий зураглаачаар Ц.Энхцогт, зөвлөх зураглаачаар Б.Лхагвадорж, ерөнхий зураачаар О.Нямбаваа, продюссерээр Д.Энхжин, хөгжмийн зохиолчоор Б.Одбаяр нарын эрхэм уран бүтээлчид ажиллажээ. Мөн киноны дүрүүдэд МУГЖ Д.Батцэцэг, МУСТА С.Ариунбямба, МУСТА Ч.Ундрал, Ч.Болд, П.Еомжунван, Г.Баярхүү нар тоглосон бөгөөд нээлтэнд хүрэлцэн ирсэн үзэгчид болоод уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авч чадлаа.
Нээлтийн үйл ажиллагааны зурагнууд
Нээлтийн үеийн дэлгэрэнгүй фото сурвалжлагыг энд дарж үзнэ үү.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn