“Хүмүүст таалагдах хэрэгтэй юу? Тэгэх албатай гэж үү?”. Ийм бодолтой явдаг тул надад найз нөхөд гээд байх юм үгүй. Эхэндээ хэнээс ч хамаарахгүй, хэнтэй ч орооцолдохгүй амар л байлаа. Яваад л байлаа. Амьдраад л байлаа.Нэг мэдсэн чинь биш ээ. Бүх зүйл нэг л биш. “Хэнэггүй, их зантай, хүйтэн, тэнэг, хөлдүү” юу юу гэнэ вэ? Ёстой бурж өгдөг сурагтай, тэд. Ингээд бодлоо. “Хүмүүст таалагдахыг хичээж эхлэх хэрэгтэй юм байна даа” гэж.
Таалагдах тухай хичээлт мэрийлт. Угаасаа сураагүй юм гэдэг бусдыг залхааж орхидог юм билээ. Уг нь чамгүй зүтгэсэн шүү. Нэг сонссон чинь “Балай, утгагүй, залхмаар, хэлбэрдэгч, эв дүйгүй, итгэл үнэшилгүй” гэсэн тодорхойлолтыг зүүчихэж. Зарим нэг нь уйдахаараа миний утгагүй яриаг сонсож, инээд доог хийх гэж урьж залдаг байсан гэнэ. “Үгүй ер, гайгүй байлгүй. Ер нь тэд надад ямар хамаатай юм бэ. Би өөрийнхөөрөө болоод л байсан”. Ингэж бодоод дахиад л өөрийнхөө бусдаас хамаардаггүй амьдралдаа буцаж ирлээ. Өглөө эртийн сэрүүнд толгой нүцгэн зугаалж, шар ороолт, шар малгай, шар оймсыг хар шубан дээр өмсөөд хэний ч ойлгодоггүй гаж араншингаараа өөрийгөө хэсэг зугаацуулав. Нэг дуулсан чинь “Ёстой балай хүүхэн, тэр одоо юу вэ? Шар оймс байхдаа яахав дээ” гэлцэн доог тохуу хийж, бүр ам дамжуулан муулцгааж, үдийн зоогон дээр муугүй десерт болон хачирлагддаг сурагтай.
Дахиад л зогслоо. Тэгсгээд яваад байж болох ч энэ бүхэн ажил амьдрал, хувийн харьцаа, амжилт дэвшил гээд олон зүйлд саад тотгор болох шинжтэй. Шар ороолт, малгай, гутал, оймсоо гал руу хийчихэв. Тэгээд хүмүүсийн ойлгомжгүй ертөнцөд дахиад л явж орчихлоо. Тэнэглэхээс эмээж эхлээд нэлээд сонслоо. Юу ч ярьсан сонсоод л байлаа. Уйлсан ч сонсоод, инээсэн ч сонсоод, муулсан ч, магтсан ч сонсоод л байлаа. Сүүлдээ зарим нь хэлж байна шүү. “Ухаантай, тэвчээртэй, ярилцахад сонирхолтой, цаанаа л нэг ер бусын тайван, түшигтэй, гэм нь хэтэрхий даруу”. Үгүй ээ, болоо ш дээ. Би өмнөхөөсөө шат ахисан л байна. Ийм бодлоор нэлээд явав. Болоод л байлаа. Хүмүүс ч овоо ойртов. Өөрийн гэсэн дэмий донгосогчидтой ч боллоо.
Гэтэл би дахиад л тэдний дунд ганцаардаж эхэлдэг юм байна. Хүмүүс яриад л би сонсоод л… ”Хаашаа юм бэ, би одоо дуу хураагч, амныхаа хийг гаргадаг, агаар юм уу?”.
-Би ч бас яримаар байна шүү дээ. Хүмүүст өөрийгөө хэн болохыг хэлмээр байна.
Тэгээд би бага багаар ярианд оролцох болов. Тэд тийм ч таатай хүлээж авсангүй. “Энэ чинь одоо юу гээд байна аа” гэсэн гайхсан харцнууд миний амыг дагуулан мэлэрнэ. Миний хэлээд, яриад байгааг ойлгож байгаа шинж ч алга. Бараг л надаас “Чамд бас зовлон жаргал байдаг юм уу” гэж асуух нь халаг.
Бодоод байсан чинь надад нэг хүсэл байж шүү. Гэхдээ өөрөө ч тэрнийгээ олж харахааргүй маш нууц газар байж. Арай гэж тэрнийгээ олсон боловч “Хэрхэн, яаж?” гэсэн асуулт гараад ирлээ. Асуултыг асуултаар хариулав. “Чи үнэнээ ярьдаг бил үү?”. Энэ асуултыг өөрөөсөө асуучихаад бодсон чинь “Тийм” гэсэн хариулт дуулдаж байна, хаа нэгтэйгээс. “Тэгвэл хүмүүс үнэнд дуртай бил үү?”. Үүний хариултыг харин “тойрон хүрээлэгчдээсээ” олох гэж нэлээд цагийг барлаа. Эхлээд чин үнэн түүхийг ярив. Сонирхол нь нэлээд буурч байна аа, тэдний. Дараахан нь жаахан хүч оруулсан худлаа баахан түүх ярилаа. Анзаарч байна шүү. “Тийм үү” гэж ирээд л нүд нь том болцгоон амаа ангайлдана. /хэ хэ хэ/ Хөөрхийс, гэж.
За, ингээд залж эхэллээ дээ. Ёстой санаандаа орсныг жинхэнэ юм шиг л залж гарлаа. Би гэдэг амьтан хойморт залагдаж, эгэл жирийн гэхэд дэндүү эгэл биш амьдарсныхаа төлөө /худлаа ярьж чадсаныхаа төлөө гэх үү дээ/ жинхэнэ сонирхол татсан хүн болж хувирлаа. Гар барих гэж, мэндлэх гэж, надтай найз байх гэж өрсөлдөн дайтах болов, нөгөөдүүл чинь. Зарим нэг нь гар даллан гүйж ирээд, хүзүүдэн авч шовхийтэл үнсэх нь энүүхэнд.
“Хөөрхийд туслахсан, нэг сайхан ярилцахсан, хамт байхад салмааргүй гээч…”
Зорьсондоо хүрчээ. Болж. “Олонтойгоо явах чинь дажгүй ч юм уу?”. Амьдралаас их зүйл сурчээ. Сайхан худлаа ярих ч сайхан шүү. Гэтэл…гэтэл…гэтэл… Яасан гээч? Өөрийнхөө жинхэнэ амьдралыг мартчихаж. Бүр таг мартаж орхижээ. Санах гэж хичнээн ч хичээвч зарим нэгийг нь мундаг хүн болох гэж уйлж байгаад ярьдаг байсан зохиомол амьдралтайгаа хольж хутгаад болдоггүй ээ. Хэтэрхий худлаа ярьснаасаа болоод хүмүүсийн чин сэтгэлд чамгүй том байр эзэлсэн ч харин өөрөө өөрийнхөө дотор байсангүй. Бүүр сүүлд бодсон чинь өөрөөсөө өөрийгөө хайх чинь л хамгийн нэвтэршгүй бүс байсан юм билээ.
www.URLAG.mn