Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт хэрэгтэй мэдээлэл, чухал тоо баримт судлах нь хууралт мэхлэлтийг илрүүлэхэд тусална. Хэрвээ та хүсвэл гадаад харилцаагаар дамжуулан амжилт олох сайхан боломж ирнэ. Ажил мэргэжлийнхээ дагуу өөртөө тохирсон сонирхолтой ажлаа олох болно. Хэрвээ танд хангалттай мөнгө эсвэл цаг зав байхгүй бол зугаа цэнгэлд автах хэрэггүй. Хов жив, эрх мэдлийн төлөө тэмцэлтэй тулгарах болно. Хэн нэгэн таны нэр хүндийг унагахыг оролдвол үнэнээс бүү нүүр буруул. Бусдын үйлдлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Аливаа харилцаанд үүссэн зөрчлийг дотроо хадгалах нь хожим бүр хүчтэй тэсрэх магадлалыг нэмэгдүүлнэ. Илэн далангүй ярилцах нь илүү үр дүнтэй байна. Одоогийн хүндрэлийг үл харгалзан эвлэрэх ёстой мэт санагдавч эргэлцэж байвал өөрийгөө сайн сонс. Хайртай хүмүүстэйгээ ойр дотно байх мэдрэмжээ сайн анзаардаг эсэхээ бод. Илүү ойр дотно байж хайр халамж үзүүлбэл гэр бүлийн гишүүд болон найз нөхөдтэйгээ үүссэн зөрчлөө шийдвэрлэж чадна. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэгт хэд хэдэн саад тотгор тулгарч болзошгүй. Санал зөрөлдөөн үүсвэл зарим ужиг асуудал дэлбэрч магадгүй. Сахилга бат, сэтгэлийн тэнхээгээ ашиглавал үүнийг амжилттай давж чадна. Таны байр сууринд атаархагч хүмүүсээс болгоомжил. Энэ удаа хянуур хариуцлагатай байхгүй бол ямар ч гярхай хүн алдах төлөвтэй байна. Ухаалаг байдлаа давуу тал болгон ашигласнаар амжилтад хүрэх болно. Хайрын амттай мөчүүд тааламжтай байх боловч санамсаргүй учралд хэтэрхий автах хэрэггүй. Гэр бүлийн нандин харилцааг хадгалах талаар нухацтай бодох нь зарим нэг тэнэг зүйл хийхээс хамгаалах болно. Хэн нэгэнтэй үзэл бодлоо солилцох нь их эрч хүч цаг заваа зарцуулахад хүргэнэ. Гэхдээ хүчин чармайлт гаргасан бол удахгүй бусдаас магтаал хүртэнэ. Эрүүл мэндийнхээ төлөө буруу зуршлаа өөрчилж, амин дэм сайтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
ҮХЭР

Долоо хоногийн эхээр та бүхнийг аль болох тайван байж, эргэн тойрноо эргэцүүлэн харахыг зөвлөж байна. Хайртай хүнтэйгээ хамт амарч, стресс болон зовлонгоо арилга. Хэрэв хэн нэгний цаашдын хувь заяаг шийдэх асуудалд оролцох бол маш анхааралтай ханд. Мэргэжлийн үйл ажиллагаа ашигтай байх болно. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүлгэмд нэгдэх юм бол ирээдүйд ашигтай байна. Худалдаа наймаа хийхэд тохиромжтой үе. Харин долоо хоногийн дундуур од эрхэс таны албан тушаал ахих хүсэл зорилгод туслахад бэлэн байна. Танд олон хүнээс сайн үнэлгээ авах боломж өндөр байна. Санхүүгийн асуудал дээр тайван байж болохоор байна. Гэхдээ их хэмжээний өр зээл тавихын эсрэг байгаарай. Ялангуяа ханшийн зөрүүнээс болгоомжил. Долоо хоногийн сүүлээр хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлэх ямар нэгэн тусгай төлөвлөгөө зохио. Хайр дурлалын сайхан харилцаа хүмүүсийн амьдралыг харах хүрээг өөрчилнө. Ганц бие хүмүүс дотно харилцаандаа нухацтай ханд.
ИХЭР

Энэ долоо хоногт маргаан зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсэх бололтой. Олны урсгалыг хэт дагах хэрэггүй. Хичээл зүтгэлээр олсон ажлаа үр дүнтэй болгохын тулд их хэмжээгээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй болно. Гэхдээ хор нөлөөтэй үйл ажиллагааны горыг хэзээ нэгэн цагт амсана гэдгээ ойлгож хялбар аргаар мөнгө олохоос татгалзаж сур. Бүх зүйлийг одоогийн хэрэгжиж буй дүрэм журамд нийцүүл. Таны үзэл санааг дэмжих хүмүүс санасан шиг олон байхгүй бололтой. Эргэн тойрныхон тань илүү дутуу асуудлаар таны анхаарлыг татан төвөг учруулах магадлалтай. Энгийн нэг даалгавар ч танаас их хүч шаардах болно. Хамгийн гол нь мэргэжлийн ажил дээрээ бүдүүлэг том алдаа гаргахаас сэргийл. Оюун санааны хувьд шинэ өөрчлөлт гаргах аргыг эрэлхийлнэ. Нэр хүндтэй хүмүүстэй холбоотой байх нь танд сайнаар нөлөөлөх байх. Таны сайхан сэтгэл харилцаа холбоог улам гүнзгийрүүлж, сэтгэл хангалуун байдлыг үүсгэнэ. Гэхдээ нууцлаг холбоо хамаарлаас үүсэх нөхцөл байдал танд санаснаас ч илүү их дарамт авчирч болно. Энэ дарамтаас болж уур бухимдалд баригдсаны хэрэггүй. Ойр дотнын хүмүүс гэнэтийн зүйл хүсэж магадгүй. Хэн нэгний чин сэтгэлийн үгийг ач холбогдол өгч сонс. Долоо хоногийн сүүл рүү эргэлзээтэй асуудлыг цаг алдалгүй, газар дээр нь шийд. Шинэ ажлын төлөвлөгөө дутуу байх магадлалтай тул өөрөө санаачлан зас. Од эрхсийн байрлал болон нөлөөлөл таныг үнэнч шударга байхыг билэгдэж байна. Мөн эрх мэдэлд дуртай, юу ч болж байсан өөрийн байр суурин дээр бат зогсдог зан чанарыг ч тодотгох тул зарим хэрэгтэй зүйл дээр уян хатан байж чадахгүй бололтой. Идэвх зүтгэл их шаардсан ажил таны эрч хүчийг тэнцвэргүй байдалд оруулна. Ойр дотнынхонтойгоо муудалцвал өөрийн завгүйгээс болсныг ойлго. Хамтран ажиллагсад болон хайртай хүний тань харилцаа бага зэрэг хурцадмал болно. Танд яг одоо хаана байна, урагшлахын тулд аль зүг чигийг сонгомоор байна гэдгийгээ үнэлэх боломжуудыг од эрхэс өгөх болно. Дуртай зүйлээ хийх эрч хүч үлдээ. Гэр бүлдээ эрс өөрчлөлт хийх гэж бүү хичээ. Гэнэтийн өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе. Элдэв адал явдал сонирхолтой гэхээсээ илүү хов живийн ертөнцийг авч ирнэ.
МЭЛХИЙ

Энэ долоо хоногт хамт олны таагүй уур амьсгал таныг ядраана. Шинэ бизнес эрхлэх, хөрөнгө оруулах зэрэг асуудалд мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Зээл авах бол бодит нөхцөлийг тооцсон байх нь чухал үе. Өрсөлдөөн хэдий хэцүү ч таны ажлыг урагшлуулах сайн талтай. Таны төлөвлөгөөнд саад учирч мэдэх тул үргэлж болгоомжтой бай. Өөрчлөлт танаас хамаарахгүй хийгдэх бололтой. Аливаа шийдвэрээ бэлгэдлийн чанартай гаргах нь таны амьдралд ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Арилжаа наймаа алдагдал хүлээх магадлалтай. Зөрчилдөөн үүсэж мэдэх тул хүмүүстэй харилцахаас аль болох зайлсхий. Бусдын үгэнд шууд итгэж болохгүй. Найз нөхдийнхөө санаа зовоосон асуудлыг сонсож, тэдэнд дэмжлэг өгөхөд цаг гарга. Гэхдээ хожим гарах үр дүнд хариуцлага хүлээх учраас зөвлөгөө өгөхдөө анхааралтай байгаарай. Хайр дурлалын холбоо өөрийгөө илэрхийлэх боломжийг тань хязгаарлана. Долоо хоногийн сүүл рүү бусад хүмүүсээс талархлын үгийг харамгүй сонсох бөгөөд энэ үед та ямар шийдвэр гаргах ёстойгоо ухаарна. Амрах чөлөөт цаг гарвал дур сонирхолтой зүйлдээ зарцуул. Ганц бие хүмүүс сайхан хайрыг мэдэрч, мөрөөдөл болсон тогтвортой харьцаагаа олох боломж гарна. Найз нөхөрлөлийн харилцаа бүр илүү ойрхон байвал та баярлах болно. Эерэг зан таны гарт аз жаргал ирэхийг илтгэж байна. Хамгийн чухал харилцаагаа үргэлжлүүлэх тал дээр төвлөр. Тодорхойгүй уулзалт, хүлээн авалт зэрэгт аль болох оролцохгүй байх нь дээр. Хуучин таагүй дурсамжаа мартаж, буруу зуршлаасаа сал. Архи согтууруулах ундаанаас хол бай. Гэр бүлийн асуудал тулгарах ч энэ нь танд анзаарахгүй байсан, гэртээ үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэж үзэх боломж олгоно. Ойр дотнын харилцааг сайжруулахын тулд гэр бүлтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөхөөр төлөвлөөрэй.
АРСЛАН

Долоо хоногийн эхээр худал хуурмаг давамгайлсан цаг үе тул азаа үзэхээс болгоомжил. Харин холбоо харилцаагаа сайн ашиглан, юу хэрэгтэй байгаагаа урьдчилан судал. Хамт олон болон түншүүдтэй харьцах харилцаанд онцгой өөрчлөлт гарахаар байна. Долоо хоногийн дундуур ажил хэргийн харилцааг дахин хянаж, шинэ төрлийн ажил руу шилжин ороход тохиромжтой. Амжилт гаргасан хүмүүс зүй ёсны үнэлгээ шагналаа олж авна. Амаргүй санагдсан асуудал бодсоноос илүү хялбар шийдэгдэнэ. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар байр сууриа дээшлүүлнэ. Бусдыг ялгаж харьцах нь таны нэр хүндэд муугаар нөлөөлнө. Долоо хоногийн сүүлээр од эрхэс таны туршилт сорилт хийх хүслийг ивээнэ. Бусадтай харилцах харьцаандаа болгоомжтой хандаж байгаарай. Хосууд бие биедээ хүлээцтэй байснаар ирээдүйн амьдралдаа хэрэгтэй ямар нэг үнэ цэнийг олж мэднэ. Өмнөх ажлын бүтээмж нэлээд их ашиг орлого олох боломж авчирна. Од эрхсийн нөлөөгөөр ямар нэг ач холбогдолтой бөгөөд сэтгэлд тааламжтай зүйл хийх болно. Өөртөө итгэлтэй байдал өсөх нь нэр хүндийг бэхжүүлж, амжилтад хүргэнэ. Таны эрүүл мэндийн байдал санаа зовоох болно. Өчүүхэн төдий өвдөлт зовуурь илэрсэн ч анхаарлаа хандуулж, эмчид ханд. Тэгвэл сэтгэл амар байж болно.
ОХИН

Энэ долоо хоногт боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийн тулд олон газраар явж, нүд тайлахыг та хүснэ. Мөн орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсэж байгаа бол боловсролоо ахиулахыг эрхэмлээрэй. Гэхдээ хийх гэж байгаа зүйлээ өөрийн биеэр бодитой сайн судлаагүй бол яаруу сандруу эхлэх хэрэггүй. Аливаа үйл ажиллагаа саатаж удаашрах нь санаа зовооно. Хувийн амьдралд онцын шалтгаангүй гомдол тунирхлаас үүссэн асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ эртний хүсэл мөрөөдөл удахгүй биелнэ. Харилцаа холбооны давуу талаа ашиглан ихээхэн хугацаа зарцуулах ажлаа хөнгөвчлөх боломж гарч байна. Гэр бүл болон үр хүүхдэдээ ойрд тавиагүй анхаарал халамжаа тавин, тэдэнтэй цагийг өнгөрүүл. Орон байр, эд хөрөнгийн асуудалд бүрэн анхаарахаас аргагүй болно. Гэр орондоо засвар хийж илүү тав тухтай болгох төлөвлөгөө гаргана. Энэ нь танд тайван амгалан, сэтгэл хангалуун амьдрахад тусална. Ажил дээрээ байдлыг ажиглаж, болгоомжтой байхгүй бол зөрчил өрнөж мэдэх бололтой. Аливаа мэдээлэлд өнгөн талаас нь бус сайтар нягталж хандах хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү эрч хүчээр бага зэрэг дутмаг байх тул цаг заваа зөв хуваарилж, ачааллаа тохируулж байх хэрэгтэй. Дэмий санаа зовохоос ангид байхыг хичээж, эрүүл амьдрах шаардлагыг өөртөө тавь. Бүр болохгүй бол мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө авсан ч болно. Эргэлзэж тээнэгэлзэж байвал шийдвэр гаргахаа хойшлуулаарай. Мэргэжлийн ажилд тань хувийн амьдрал нөлөөлөх болно. Харин аливаад уян хатан хандахыг зөвлөж байна. Гэр бүлийнхэндээ аль болох цаг зав гаргахыг хичээгээрэй. Мөн зугаа цэнгэлд хэт автаж, үнэтэй тансаг зүйлд хамаг мөнгөө үрэхээс сэргийл. Бусадтай харилцахдаа анхаарал болгоомжтой, хянуур бай. Учир нь хэрүүл маргаан, ширүүхэн зөрчилдөөн үүсэж болзошгүйг од эрхэс анхааруулж байна.
ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт анхаарлаа төвлөрүүлж чадвал бүтээлч төсөл амжилтыг авчирна. Туршлагатай мэргэжилтний зөвлөгөөг авснаар төслийнхөө аюулгүй байдлыг хангаж чадна. Од эрхэс ашигтай эхлэл, нэр хүнд амлаж байна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эрсдэлийг үүрэхэд бэлэн бай. Одоогийн ажилдаа таагүй сэтгэгдэлтэй байвал мэргэжлийн ур чадвар болон байр сууриа ахиулан сэтгэл ханамжийг олж авахыг хичээ. Ажлын ачааллаас болж стресстэх нь таагүй нөлөө үзүүлэх болно. Ажил хэрэг болон түншүүдийн харилцаанд хүндрэл гарна. Удирдах ажил хийдэг хүмүүс хяналтын системээ өөрчлөх цаг болжээ. Олны арга хэмжээ эсвэл хувийн халдашгүй орон зай аль аль нь таны эрч хүчийг сэргээж өөдрөг болгоно. Зарим найзууд тань чухал ажил товлоход таны тусламж хэрэгтэй болж магадгүй. Тэд юу ч хийж, хэлж байсан аль болох хамт байхыг хичээ. Хөрөнгө санхүүгийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авахыг хичээ. Олсон орлогоо чухал биш зүйлд үрэх зан төлөвтэй байна. Нөхцөл байдлыг үнэнээр нь хэлдэггүй эсвэл хэт хэтрүүлдэг хүмүүсээс холхон байх хэрэгтэй. Хайр дурлалын тал дээр та хэт мөрөөдөгч байна. Сэтгэл хөдлөлөөсөө болоод мөнгөө үрэхээсээ болгоомжил. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн анхаарлын төвд байгаа зүйл дээр өөрийн сонирхлыг ил тод илэрхийлэх хэрэггүй. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг тулд ямар нэгэн шинэлэг зүйлээр хүмүүсийн урам зоригийг сэргээх хэрэгтэй болно. Шинэ ажил эхлэх төлөвлөгөөний талаар туршлагатай хүнтэй ярилцаж зөвлөгөө ав. Хувийн амьдралдаа цаг хугацаа, эрч хүч зарцуулах нь таны урмыг сэргээнэ. Гэрийн ажлаа хойшлуулалгүй хурдан хийх нь танд амарч, дутуу зүйлээ нөхөх цагийг өгөх болно. Од эрхсийн нөлөөгөөр таны гэр бүлийн байдал болон ажил хэрэг тань өөдрөг байх бөгөөд гэртээ засвар хийх зэрэг хувийн асуудал бүрэн гүйцэд дуусах болно. Хайр дурлалын асуудал зөвшилцлийн ачаар хялбар шийдэгдэх бөгөөд хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцох болно. Эрүүл мэндээ урьдчилан сэргийл. Элдэв өвчний эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй.
ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт бүтээлч байдал идэвхтэй байх тул өөрийн дотоод сэтгэлийг илэрхийлэхэд хөгжилтэй байна. Таны эрч хүч, урам зориг өндөр байна. Олон нийтийн ажилд оролцож, илүү их зүйл сурах боломжийг бүү алд. Таны төлөвлөгөө сайн зорилго хүслээр дүүрэн байх хэрэгтэй. Гэхдээ жижиг зүйлд ч хянамгай ханд. Аливааг сайн бодож эргэцүүлэх нь танд хэрэгтэй ухаарлыг авчирна. Хэн нэгний эрх ашгийн хөндөх гэж оролдож байгаа бол алдаа хийж байна. Та өөрийнхөөрөө байж, бусдын үгийг хүлээцтэй сонсвол нэр хүндтэй байх болно. Хөрөнгө мөнгө олсон ч зугаа цэнгэлийн тухай март. Өөрийнхөө эрч хүчийг зөв хуваарилах хэрэгтэй. Харин хайртай хүнтэйгээ өнгөрөөх цагийг романтик байлгах хэрэгтэй бололтой. Одоогийн байгаа байдалдаа санаа зовох хэрэггүй. Амьдралын утга учир цаг хугацааны явцад тодрох болно. Гэр орны асуудал, төрөл төрөгсөдтэйгөө харьцах харилцаа зэрэгт анхаарлаа хандуул. Ирж буй боломжуудыг талархан хүлээж ав. Гэнэтийн адал явдлыг эергээр хүлээн авч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Таны эргэн тойронд юу болж байгааг сайтар ажигла. Шинэ сонирхсон зүйлээ хийхийн тулд урьдын байдлаа өөрчилж солино. Долоо хоногийн сүүл сэтгэл санаагаар унах, алдаа хийж магадгүй цаг үе. Хууль зөрчсөн асуудалд оролцохоос зайлсхий. Магадгүй хүмүүс танд туслахыг оролдох байх гэхдээ бусдын хүсэл сонирхлыг хувийн хэрэгтээ хэт оруулснаас болж будилаан үүснэ. Өөрийн мэдрэмжээр эргэлзээтэй сэжигтэй харьцаанаас хол бай. Мөн тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо чагнах хэрэгтэй. Таны хувийн харилцаанаас үүдсэн асуудал гарах магадлалтай. Сэтгэлээр унасан үедээ бүх зүйл дээр тэр чигээрээ гутраад яваад байхын оронд асуудлыг шийдвэрлэх болон харилцаа холбооны талаар онцгойлон авч үз. Таны тэсвэр тэвчээрийг барж мэдэх зүйл дээр ч сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй болно. Сайн дурын болон сэтгэл зүрхийг тань эзэмдэх үйл ажиллагаанд оролцсоноор таны оюун санаа цэвэрших боломжтой болно.
НУМ

Энэ долоо хоногт өмч хуваарилах болон үл хөдлөх хөрөнгө зарцуулах зэрэгтэй холбоотой асуудал гарч ирнэ. Хэрэв өөрт тохиолдсон бэрхшээлд шийдвэртэй арга хэмжээ авч чадвал үр дүн нь маш гайхалтай байх болно. Шийдэж болох асуудлыг өөртөө хамгийн хялбараар шийдээрэй. Удаан хугацаанд төлөвлөж байсан зүйлээ ажил хэрэг болгоход хамгийн тохиромжтой үе. Таны хүсэл мөрөөдөл ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй гэдгийг бүгдэд ойлгуул. Гэхдээ эрч хүчээ буруу зүйлд ашиглавал элдэв асуудалд оруулж болзошгүй. Эргэн тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Шаардлагагүй асуудлуудад анхаарлаа хандуулж цаг алдах хэрэггүй. Бизнес эрхлэгч нар урьд урьдынхаас ч илүү их анхааралтай байх шаардлагатай. Нэгэн хэвийн харилцаа нь жаргалтай байгаа юм шиг санагдах боловч хэт дасах хэрэггүй. Дур сонирхолд хязгаар бий. Чухал алхам хийхээ мартаж хувиа хичээсэн зангаар амьдралыг бүү хялбарчил. Шинэ мэдээлэл ашиглавал орлого нэмэгдүүлэх содон санаа орж ирж магадгүй байна. Гэхдээ хичээл зүтгэлээ зориулсан бүхэн тань үр дүнгүй болбол дэмий сэтгэлээр уналгүй туршлагатай мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Тэвчээртэй байж, уур бухимдлаа барихгүй бол дараа нь харамсах зүйл болж ч мэднэ. Долоо хоногийн сүүл рүү зорилгодоо хүрэх эсэхдээ санаа зовниж байгаа бол та дарамт шахалтыг багасгахын тулд төлөвлөгөөгөө өөрчилбөл амжилтад хүрнэ. Тулгарсан асуудлыг аль болох тайван хүлээж ав. Сэтгэл санаа тавгүй байх тул сонирхдог зүйлээ судлах болон ном унших зэргээр тайвшрах хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа өөрчлөх үедээ сандарч, бухимдах хэрэггүй. Илүү ухаалаг байвал хүмүүс таныг сонсох болно. Гэхдээ бодит хандлага илүү хэрэгтэй ажил хэргээ боломжтой бол хойшлуул. Учир нь хийсвэр чиг хандлага танд илэрч байна. Ямар нэгэн баяр ёслол таны амьдралд баяр баясгаланг авчрах болно. Харин хайртай хүнээ хэтэрхий хардаж сэрдэх нь илэн далангүй харьцахад саад учруулж, төөрөгдөлд оруулна. Таны харилцаа холбоо үржил шимтэй хөрс мэт өгөөжтэй байна. Хэрвээ та цаг завтай бол өөрийн бодол санааг хэрэгжүүлэх зөв үе.
МАТАР

Энэ долоо хоногт гол зүйлд анхаарлаа хандуулахын тулд аахар шаахар зүйлсээс хол хөндий бай. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд гаргасан алдаагаа засахад хамаг цагаа барах магадлалтай. Бие махбодын хэт ачаалалтай ажил хийх хэрэггүй. Албан харилцаандаа ямар хэм хэмжээ барьж байхаа сайн анхаарч, ухаалаг байхыг хичээ. Оюун санаагаа төвлөрүүлж чадвал та маш их зүйлийг хийж чадна. Өөрийн хийх дуртай зүйлээ тодорхойлж, шинэ амьдралын хэв маягийг бий болгох ямар боломжууд байгааг олж хар. Албан тушаал ахих, мөнгөө өсгөх боломжийг зөв ашиглавал үр дүн гарна. Ажил хэрэгт хуучин танил туслан, гэнэтийн эерэг эргэлт гарна. Хүнд бэрхшээлийг давахын тулд итгэлгүй байгаа зүйл, эргэлзээтэй үйл ажиллагаанаас татгалз. Харилцаа холбоо саатах нь зарим ажил хойшлогдох, уулзалт цуцлагдах нөхцөл үүсгэнэ. Гэрээ хэлэлцээрт сөргөөр нөлөөлөх үл ойлголцол үүсгэх байдлаас сэргийл. Бүх хөтөлбөр төлөвлөгөө төгс байх боломжгүй тул аливаад хянуур болгоомжтой ханд. Долоо хоногийн сүүл рүү ирээдүйд амжилтад хүргэх мөн аз жаргал өгөх ажил амьдралын хэмнэлийг олж ав. Гэр бүлдээ цаг гарган, үр хүүхдүүдээ тусал. Хэрхэн эерэг бөгөөд зөв хандлагатай байхыг өөрийн биеэр үлгэрлэх нь чухал. Тайван сайхан орчинд үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт цагийг өнгөрөөх төлөвлөгөө гарга. Шинэ зүйл сурч мэдэх, шинэ газарт очиж үзэхийг эрмэлзэнэ. Таны гэр бүлийнхэн таны хүсэж байгаагаас илүү өөрийн арга барилаар явах нь чухал гэдгийг сана. Бусдыг ойлгож дэмжихгүйгээр өөрийгөө хүндлүүлж чадахгүй. Эрүүл мэндээ сайн анхаар. Зөв амьдрах дэглэм, эерэг орчныг өөртөө бүрдүүл. Амьдралд хайртай хүн байхын тулд танд их юм хэрэггүй. Зүгээр л жүжиглэлтгүй амьдарч одоо байгаагаа сайн мэдэр.
ХУМХ

Долоо хоногийн эхээр бизнесийн болон мэргэжлийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үе. Та илүү зохион байгуулалттай байхыг хүссэнээр ирээдүйдээ сайн бэлтгэж чадна. Өөрчлөлт хийхийн өмнө өөрийгөө илүү сайн таньж авахыг хичээ. Гэвч энэ нөхцөл байдал танд туршлага болох бөгөөд өнгөрсөн хугацаанд юу болсныг бодитоор тунгаан бодоход туслах болно. Харин долоо хоногийн дундуур өөрийнхөө нууцыг дэлгэж хэт их зүйл ярихгүй байхыг хичээ. Энэ үед бясалгал хийхэд их тохиромжтой үе бөгөөд өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгож юу хүсэж мөрөөддөгөө олж мэдэх болно. Ихэнх үйл ажиллагаа нарийн төвөгтэй байж магадгүй тул анхаарлаа сайн төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Өвөрмөц арга барилаа улам хөгжүүлж, байр сууриа шинэчилж эхлэх нь тохиромжтой үе. Долоо хоногийн сүүлээр олон жилийн өмнөөс судалж мэдсэн зүйл таны амьдралд хэрэг болох болно. Таны үүрэг оролцоо чухал ажилд гол байр суурь эзлэх боломжтой. Зарим хүмүүс таны алхам бүрийг хянаж байж мэдэх юм. Ганц бие хүмүүсийг хүнтэй танилцах эсвэл зүрх сэтгэлдээ хайрладаг хүнтэйгээ уулзах зэрэг нь сэтгэл хөдлөлд автуулж болзошгүй. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувийн харилцаанд ээлтэй. Таны хувьд сэтгэл хөдлөлтэй мөчөөс илүү энгийн амьдрал тань чухал байна. Хайртай хүмүүстээ зав гаргаж цагийг зугаатай өнгөрүүл.
ЗАГАС

Энэ долоо хоногт ихэнх хүмүүсийн ямар нэгэн харилцаа тогтоох, хүссэн газар руугаа явах гээд зав муутай байна. Уулзалт хэлэлцээрүүдийг анхааралтай сонс. Учир нь тэндээс суралцах зүйл их байна. Хэнд юу хэлж буйгаа цэгнэ. Ялангуяа санамсаргүй яриа үүсгэхдээ болгоомжтой бай. Үзэл бодлоо хамгаалахын тулд шүүмжлэлд өртөхөөс бүү ай. Холоос ирсэн мэдээ шинэ соргог байх бололтой. Биеийн хүчний хэт ачаалал авахаас зайлсхий. Өөрийнхөөрөө гэхдээ найрсаг байхад эрч хүчээ чиглүүл. Танд ойрын хүмүүстэйгээ муудсан харьцаагаа сайжруулах боломж гарч ирэх бололтой. Шинэ ажил, шинэ зар сурталчилгаа эхлүүлэхэд таатай биш. Мөргөлдөөн, сөргөлдөөнөөс аль болох хол байсан нь дээр. Үйлчлүүлэгч, худалдан авагчтай буруу ойлголцож эндүүрэгдэх магадлал их байна. Тэдний хэлэхийг анхааралтай сонсож, буулт хийхэд бэлэн бай. Хэдий зарим зүйлд найз нөхдийн дэмжлэг орсон ч тэдний үүрэг байсан гэж үзэж болно. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна. Заяаны хань хүссэн бүрд амархан олдохгүй гэдэг үгийг сана. Долоо хоногийн сүүл рүү олж байгаа орлогодоо сэтгэл дундуур байгаа бол өөрчлөлт хийх, ажлаа солих талаар судал. Гэхдээ аливаа зүйлд яарах хэрэггүй. Шаргуу хөдөлмөрлөж, хичээж ажиллавал амжилт таныг хүлээж байна. Хөрөнгө оруулалт хийх бол судалгааг мэргэжлийн түвшинд сайн хий. Учир нь энэ цаг үе нь маш олон эрсдэл болон боломжийг зэрэг агуулж байна. Зөв хэмээн баримталж байгаа цагийн хуваарь эсвэл төлөвлөсөн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Аливаа ажлаас хэт ашиг хонжоо бүү хай. Зөв төлөвлөлтөөр аяндаа бий болох болно. Танд өмнө олдож байгаагүй сайхан боломж эсвэл урьд өмнө очиж байгаагүй шинэ газар очих завшаан гарна. Өөрийн дотоод оюун санаанд анхаарал хандуул. Ойр дотнын хайртай хүмүүстэйгээ хамт байвал илүү их аз жаргал, баяр хөөртэй байх болно. Ганц бие бөгөөд хайр сэтгэлээ хайж байгаа хүмүүс түргэн шийдвэр ирээдүйд сэтгэлийн зовлон авчирна гэдгийг анхаар.

