Поп дуучин Дуа Липа “Samsung” компаниас 15 сая ам.доллар нэхэмжилж, зарга үүсгэжээ. “Samsung” компани АНУ даяар зарагдсан төрөл бүрийн загварын зурагтныхаа сав баглаа боодолд Дуа Липагийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэж тэр буруутгаж байна. “Дуа Липагийн өөрийн хүч хөдөлмөрөөр олсон алдар нэрийг бүтээгдэхүүнээ сурталчлахдаа зүй бусаар ашигласан” гэж шүүхийн нэхэмжлэлд дурджээ.
“Samsung”-ийн ашигласан зураг нь Дуа Липагийн 2024 онд “Austin City Limits” фестивальд оролцож байх үеийн зураг. Дуа Липа өөрөө тэр зургийн зохиогчийн эрхийг эзэмшдэг аж.
“Samsung” компани өөрийнх нь зургийг ашиглаж буйг Липа 2025 оны зургадугаар сард анх мэджээ. Шүтэн бишрэгчид нь ч тухайн зургийг цахим сүлжээндээ нийтлэх болж, “Дуа Липатай зурагтын хайрцаг” гэж нэрлэх болсон байна. Үүний зэрэгцээ дээр нь Дуа Липагийн зураг байсан болохоор л тэр зурагтыг худалдаж авсан гэх хүн хүртэл гарч иржээ. Мөн өөр нэг хэрэглэгч “Хэрвээ та ямар нэг юм зармаар байвал Дуа Липагийн зургийг дээр нь тавихад л хангалттай” гэж хошигножээ.
Дуа Липагийн хуулийн багийн мэдээлснээр, “Samsung” компаниас эрхийг нь зөрчихөө болихыг удаа дараалан шаардсан боловч тэд үл тоомсорлосон аж.
Дашрамд дурдахад, Дуа Липа “Puma”, “Versace”, “Yves Saint Laurent” зэрэг хэд хэдэн брэндтэй түншилдэг. Мөн “Apple”, “Porsche”, “Chanel”-тай хамтран ажиллаж байсан бөгөөд хамгийн сүүлд “Nespresso”-ийн элч болжээ.

