Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Ярилцлага»А.Билгүдэ: Бүжиглэсэн бүх дүр, туршлага нийлээд өнөөдрийн намайг бүтээж буй
Ярилцлага

А.Билгүдэ: Бүжиглэсэн бүх дүр, туршлага нийлээд өнөөдрийн намайг бүтээж буй

Урлаг Урлаг18/05/2026Шинэчлэгдсэн:18/05/2026Сэтгэгдэл байхгүй15 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ-ын Нью-Йорк хот дахь “Complexions Contemporary Ballet” компанид бүжиглэж буй цор ганц Монгол балетын гоцлооч бол Ариунболдын Билгүдэ.

Тэрбээр Монгол Улсын Консерваторын сурагч байхдаа буюу 2009 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт сонгогдон орж, 2015 он хүртэл гоцлол бүжигчнээр ажилласан. Үрэлжлүүлэн 2015–2021 онд БНСУ-ын “Wise Ballet Theatre”-д тэргүүлэх бүжигчнээр, 2024 оны нэгдүгээр сараас АНУ-ын “Complexions Contemporary Ballet” компанидаа нэгдсэн юм. 

Түүнтэй уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа.

-Балетын урлагт хэрхэн хөл тавьж байв. Хэн таныг хөтөлсөн бэ?

-Ер нь багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Анх Их Британийн товшлуур бүжгийн шоуг телевизээр үзээд их дурлаж, дагаж дуурайдаг байлаа. Тэр үеэс л бүжигт татагдах мэдрэмж дотроо төрсөн байх. Харин 7, 8 настай байхдаа анх “Хунт нуур” эсвэл “Жизель” хоёрын аль нэгийг телевизээр үзсэн юм. Яг аль нь байсныг одоо сайн санадаггүй ч тэр тоглолтыг үзээд үнэхээр биширч, ээжээсээ “Энэ ямар бүжиг юм бэ?” гэж асууж байлаа. Тэр үед л анх балет гэж ийм гайхамшигтай урлаг байдаг гэдгийг мэдсэн.

Тэр тоглолтыг үзээд “Том болоод ийм бүжигчин болбол ямар гоё вэ” гэж дотроо мөрөөдөж суусан минь одоо ч санаанд тод байдаг. Түүнээс хойш 3-4 жилийн дараа мөн л телевиз үзэж байхад дэлгэцийн доогуур гүйдэг зараар Хөгжим бүжгийн коллежийн балетын ангийн элсэлт эхэлж байгаа тухай мэдээлэл харсан. Маргааш нь шууд ээжийгээ дагуулаад очиж бүртгүүлж байлаа. Ингээд 11 настайдаа анх балетын урлагт шалгуулж, энэ замнал маань эхэлсэн дээ.

-Мэргэжлийн урлагийн байгууллагад харьяалагдаад хамгийн анх ямар дүрээр тайзнаа гарсан бол?

-Тайзан дээр анх гарсан дүр минь “Шилкунчик” балетын хүүхдийн дүр байсан. Тэр үед тайзан дээр гарах мэдрэмж надад маш сонин атлаа гайхамшигтай санагдаж байлаа. Үзэгчдийн өмнө, тайзны гэрэл дор бүжиглэнэ гэдэг хүүхэд насны мөрөөдөлтэй минь улам ойртуулсан мөч байсан гэж боддог.

Харин анх мэргэжлийн байгууллагад харьяалагдсан нь есдүгээр ангид байхдаа УДБЭТ-т дагалдан жүжигчнээр орсон үе. Тухайн үед би сургуулийн хүүхэд хэвээрээ байсан болохоор олны хэсгийн бүжгүүдэд ихэвчлэн оролцдог байлаа. Гэхдээ тэр үе надад тайзны амьдрал, театрын уур амьсгал, мэргэжлийн сахилга бат гээд маш их зүйлийг сургаж өгсөн.

Сургуулиа төгсөхөөс нэг жилийн өмнөөс илүү хариуцлагатай дүрүүд дээр ажиллаж эхэлсэн. “Хунт нуур” балетын Па-де-труа, “Бахчисрайн оргилуут булаг” жүжгийн Нуралли цэргийн жанжин зэрэг хоёрдугаар туслах дүрүүдэд тоглож байсан. Тэр үеэс л өөрийгөө илүү сорьж, гол дүр лүү алхам алхмаар дөхөж байгаагаа мэдэрдэг байлаа.

Харин сургуулиа төгсөөд театртаа жинхлэн орсны дараагаар гол дүрүүдэд бүжиглэх боломжууд нээгдэж эхэлсэн. “Хунт нуур”-ын Зигфрид ханхүү, “Уран хас”-ын Хас, “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Вацлав зэрэг дүрүүдэд бүжиглэж эхлэх тэр мөч бол миний хувьд маш том хариуцлага, бас мөрөөдлийн биелэл байсан даа.

-УДБЭТ-аас БНСУ-ын театрт, одоо АНУ-ын Нью-Йорк хотод бүжиглэж буй. Хэр өндөр босго давж байж эл компанийнхаа бүрэлдэхүүнд багтсан бэ?

-Ер нь бол би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Хүн амьдралдаа зөв цагтаа, зөв боломжтой учрах маш чухал байдаг юм шиг санагддаг. Хэрвээ тэр үед телевизээр Хөгжим бүжгийн коллежийн балетын ангийн элсэлтийн зарыг хараагүй байсан бол өнөөдөр би балет бүжиглэж явахгүй ч байсан байж магадгүй. Тэр жижигхэн мөч миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн гэж боддог.

Мөн Дуурийн театрт сургуульд байхдаа хичээж, тууштай зүтгэсний минь үр дүн олон боломжийн үүдийг нээсэн байх. Өмнөд Солонгос руу анх явах болсон түүх ч их сонин. Тухайн үед Солонгост балетын сургуульд багшаар ажилладаг н.Одмаа эгч “Манай сургуулийн тайлан тоглолтод оролцоод өгөөч” гэж анх санал тавьсан юм. Ер нь бол очоод тоглолтоо хийгээд буцаад Монголдоо ирэх төлөвлөгөөтэй байсан гэсэн үг. Гэтэл хэд хоногийн дараа н.Одмаа эгч над руу холбогдоод, “Энд гадаад бүжигчдийг авч ажиллуулж үзэх сонирхолтой нэг компани байна. Чи тоглолт хийгээд буцах биш, эндээ үлдээд ажиллаж, амьдарч үзвэл ямар вэ?” гэж асуусан. Тэр компани нь “Wise Ballet Company” байсан.

Ингээд л анх удаа харийн орныг зорьж, гадны бүжигчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, өрсөлдөж, сурах зүйлээ сурч, мэддэгээ хуваалцаж явах шинэ замнал минь эхэлсэн дээ. Заримдаа би амьдралаа хэд хэдэн “chapter”-тай ном шиг төсөөлдөг юм. Балет сурч, Дуурийн театрт орсон үе маань миний “chapter one”. Харин Солонгост очиж бүжиглээд өөрийгөө шинэ түвшинд хүргэсэн үе маань “chapter two” гэж боддог.

Одоо ажиллаж байгаа Америк дахь амьдрал маань миний “chapter three”. Одоогийн ажиллаж буй “Complexions Contemporary Ballet Company”-д орох нь миний хамгийн том мөрөөдлүүдийн нэг байсан. Энэ мөрөөдөл маань 2017 онд эхэлсэн гэж хэлж болно. Тэр үед би Солонгосын “Wise Ballet Company”-д бүжиглэж байсан юм. АНУ-аас Солонгост уригдан ирсэн солонгос гаралтай бүжиг дэглээч Жэ Ман Жү (Jae Man Joo) манай компанид контемпорари балет төрлийн бүтээл тавьж байсан. Би түүнтэй тэр үед анх дотно танилцсан юм.

Түүний тавьсан бүжгийн хэв маяг, мэдрэмж, хөдөлгөөний хэллэг нь надад үнэхээр их таалагдсан. Би тэр үед “Хэрвээ энэ хүнтэй хамтарч ажиллавал ийм төрлийн бүжгийг байнга бүжиглэх боломжтой байх” гэж бодсон. Тэгээд шууд л “Би таны ажилладаг компанид ормоор байна. Яавал боломжтой вэ? Надад туслаач” гэж хэлж байсан. Гэтэл Jae тухайн үед “Би тусалж чадахгүй” гэсэн хариу өгсөн. Би ч “За, боломжгүй л юм байлгүй дээ” гэж бодоод өнгөрсөн.

Гэхдээ мөрөөдөл маань хэвээрээ үлдсэн. 2019 онд Jae дахин Солонгост ирж тоглолт тавихад нь би дахиад л асуусан. Мөн л “үгүй” гэсэн хариу сонссон. Гэсэн ч би дотроо тэр мөрөөдлөө орхиогүй.

Харин 2022 онд Jae дахин шинэ бүтээл тавихаар манай компанид ирсэн юм. Гэхдээ тэр үед миний хувьд маш хэцүү үе тохиосон байсан. Түүнийг ирэхээс таван сарын өмнө “Шилкунчик” балетын үеэр тайзан дээр өвдөгөө хүнд гэмтээж, чагтан холбоосоо таслаад хоёр удаа хагалгаанд орсон байлаа. Эмч нар бүр “Дахин тайзан дээр гарах гэж яарах хэрэггүй, магадгүй жилээс жил хагасын дараа л бүжиглэх тухай бодсон нь дээр” гэж хэлж байсан.

Jae-г ирэхэд би суга таягтайгаа очсон юм. Гэтэл тэр намайг хараад, “Билгүдэ, хэрвээ чи байхгүй бол би энэ тоглолтыг хийж чадахгүй. Чи энэ бүтээлийн маш чухал хэсэг. Маргаашнаас таягаа хая. Одоохондоо чамайг үсрүүлэхгүй, санаа зоволтгүй. Бага багаар бэлтгэлдээ оръё” гэж хэлсэн. Тэр мөчид би үнэхээр шоконд орж байсан. Учир нь би өөрөө хүртэл дахин бүжиглэж чадна гэдэгтээ итгэлгүй болсон үе байлаа.

Би түүнд “Би өөртөө итгэхгүй байна” гэж хэлэхэд, Jae “Надад итгэ. Би чамайг дахин тайзан дээр гаргана” гэж хэлсэн юм. Тэгээд үнэхээр би дахин бэлтгэлдээ орж, хоёрхон сарын дараа гэмтэхээс өмнөх үе шигээ бүжиглэж эхэлсэн. Одоо бодоход үнэхээр итгэмээргүй, бараг ид шид шиг санагддаг.

Тэр үед би Jae-д маш их баярлаж, сүүлчийн удаа зориг гарган “Би тантай хамт явмаар байна” гэж дахин хэлсэн. Гэтэл тэр бас л “Үгүй” гэсэн. Би бүр гайхаад “Яагаад?” гэж асуутал, “Билгүүдэй, би энд танай компанитай хамтарч ажиллахаар ирсэн хүн. Хэрвээ хамгийн сайн бүжигчнийг нь аваад явчихвал цаашдаа энд ажиллахад надад хүндрэлтэй болно” гэж тайлбарласан.

Тэр ярианы дараа миний найдвар бүр тасарсан гэж бодсон. Тэгээд хэдэн сарын дараа би “АНУ чадахгүй юм гэхэд Европын аль нэг контемпорари компанид орж үзье” гэсэн бодолтойгоор Солонгос дахь ажлаасаа гарсан юм. Түр хугацаанд толгойгоо амраах гэж Монголдоо ирээд байж байтал нэг өглөө Jae над руу гэнэт залгасан.

“Билгүдэ, чи яагаад ажлаасаа гарсан юм? Дахиад бэртчихсэн юм уу?” гэж асуухаар нь би Европ руу явах бодолтой байгаагаа хэлсэн. Гэтэл Jae “Наашаа хүрээд ир. Би энд чамд шууд орж бүжиглэж эхлэх боломж гаргаад хүлээж байя” гэж хэлсэн.

Би эхэндээ бүр итгээгүй. Хэд хэдэн удаа лавлаж асуугаад, баярласандаа орилж хашхирч байсан санагддаг. Ингээд 2023 оны өвөл олон жилийн турш мөрөөдөж байсан компанидаа орохоор АНУ-ыг зорьсон доо.

-АНУ-д ажлынх нь хуваарь ямар байдаг вэ?

-АНУ-д ажиллаж эхлээд хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол ажлын маш өндөр хэмнэл, сахилга бат байсан. Манай компанийн хуваарь долоо хоногийн зургаан өдөр, өглөөний 09.00-өөс оройн 18.00 хүртэл үргэлжилдэг. Ер нь балетын бүжигчний хувьд бол энэ үнэхээр урт хуваарь гэж хэлж болно.

Монголд байх үеийн үндсэн цаг нь ихэвчлэн өглөө 10.00-аас орой 17.00 хүртэл байдаг байсан. Гэхдээ тухайн өдрийн төлөвлөсөн бэлтгэлээ дуусгавал заримдаа 15.00, 16.00 цагийн үед тарах тохиолдол ч гарна. Мэдээж шинэ жүжгийн тавилт эсвэл тоглолтын ачаалалтай үед бол орой хүртэл ажиллана. Харин энд бол бараг өдөр бүр тогтсон өндөр ачаалалтай байдаг.

Гэхдээ миний хамгийн их таалагддаг зүйл нь бүх зүйл яг цагийнхаа дагуу явдаг. Маш сайн зохион байгуулалттай гэсэн үг. Жишээ нь, өглөө 9:00–10:30 хүртэл үндсэн дасгал хийнэ. Дараа нь 15 минут амраад, нэг цагийн бэлтгэл орно. Тэгээд 5 минут амраад дахиад нэг цагийн бэлтгэл. Энэ маягаар өдрийн турш маш нарийн хуваарьтай үргэлжилдэг. Өдрийн хоолны цаг нь хүртэл яг 45 минут. Үүнээс хазайх зүйл бараг байхгүй, бүгд маш цаг баримталдаг.

Нэг соёлын ялгаа нь бэлтгэлийн үеийн хандлага байсан. Монгол болон Солонгост байхдаа хэрвээ миний оролцоогүй бэлтгэл явагдаж байвал заалны нэг хэсэгт сууж амрах, сунгалт хийх, заримдаа бүр хэсэгхэн унтаад биеэ амраах үе байдаг байлаа. Харин энд тийм зүйл бараг харагддаггүй. Хэн ч “болохгүй” гэж хэлдэггүй ч бүжигчид өөрсдөө сул суудаггүй. Хэрвээ өөрийн оролцоогүй сургуулилали явж байвал заалны буланд өөрийнхөө хөдөлгөөн, техник, биеэ бэлдээд л ажиллаж байдаг.

Анх ирэхэд энэ нь надад маш хэцүү санагдаж байсан. Байнга хөдөлгөөнтэй, үргэлж өөрийгөө дайчилж байх хэрэгтэй болохоор их ядардаг байлаа. Гэхдээ одоо эргээд бодоход тэр орчин намайг маш их өөрчилсөн. Өөрийнхөө төлөө, өөрийнхөө өсөлтийн төлөө яг тэгж тууштай хичээх нь зөв юм байна гэдгийг эндээс илүү ойлгосон гэж боддог.

-Тайзны ард балетчид хоорондоо хэр өрсөлдөөнтэй байдаг вэ. Гаднын уран бүтээлчид хэр нээлттэй ханддаг бол?

-Ер нь бүжгийн урлаг хаана ч адилхан өрсөлдөөнтэй байдаг. Монголд ч тэр, Солонгост ч тэр, Америкт ч ялгаагүй. Гэхдээ хүмүүсийн кинон дээрээс хардаг шиг нэгнийгээ доош нь татаж, муулж байгаад өөрөө дээшээ гардаг тийм аймар орчинтой би хувьдаа таарч байгаагүй. Тийм газар байдаг гэж сонсож байсан ч нүдээрээ үзээгүй. Харин миний ажиллаж байсан газруудын уур амьсгал ихэнхдээ нэг гэр бүл шиг л байсан. Туршлагаа хуваалцана, нэгнээ дэмжинэ, хамтдаа өснө.

Ер нь хүний хамгийн том өрсөлдөгч нь өөрөө л гэж боддог. Өөрийгөө ялж, өөртэйгөө ажиллаж чадсан хүн л урагшилдаг. Сайн бүжигчид бусадтай биш, өөртэйгөө хамгийн их тэмцдэг юм шиг санагддаг. Монголд ч, Солонгост ч энэ зүйл их мэдрэгддэг байсан.

Харин одоо ажиллаж байгаа орчин арай өөр. Яагаад гэвэл контемпорари балет бол сонгодог балет шиг зөвхөн тодорхой техник, дүрэм, хэмжүүрээр бүжигчнийг үнэлдэг урлаг биш. Тухайн бүжигчний өөрийн онцлог, мэдрэмж, стиль, хөдөлгөөнийг нь харж хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл “Чи ямар хүн бэ?” гэдгийг илүү гаргаж ирдэг гэсэн үг.

Би одоо ажиллаж байгаа компанидаа их өвөрмөц стильтэй бүжигчинд тооцогддог. Учир нь би өмнө нь эндхийн бүжигчдийн хийдэг тэр төрлийн хөдөлгөөн, стилийг хэзээ ч хийж үзээгүй байсан. Насан туршдаа сонгодог балетын хатуу техник дунд байсан хүн тэр баригдмал байдлаа суллаж, чөлөөтэй хөдөлж сурна гэдэг маш хэцүү юм билээ.

Анх ирээд үнэхээр их шантарч байсан. Бэлтгэлийн үеэр өөрийгөө харахаар нэг л эв хавгүй, чөлөөтэй байж чадахгүй санагдана. Тэгээд бүр “би энэ хэвээрээ байвал ажлаасаа хөөгдөх байх даа” гэж хүртэл бодож байсан үе бий. Гэхдээ хамт ажилладаг бүжигчид, багш, бүжиг дэглээчид намайг үргэлж урамшуулж, дэмждэг байсан.

Нэг өдөр компанийн захирал надтай тусгайлан уулзсан юм. Тэр үед миний гэрээ дуусахад ердөө 15 хоног үлдчихсэн байсан үе. Тэгээд надад “Билгүдэ, чи манай компанид байгаад би маш баяртай байдаг. Чи бусдаас өөр. Тэр ‘өөр’ гэдэг нь маш үзэсгэлэнтэй. Чиний бүжиг өөрийн гэсэн өнгөтэй. Гэхдээ чи өөрийнхөө стилийг эвдэх гэж их хичээгээд байх шиг харагддаг. Миний бодлоор чи зааж байгаа зүйлсээ өөрийнхөө онцлогт тохируулж хөгжүүлбэл илүү хүчтэй болно. Ирэх жилийн гэрээндээ чи гарын үсэг зурна гэж найдаж байна” гэж хэлсэн.

Тэр үгийг сонсоод ямар их баярлаж байснаа одоо ч мартдаггүй. Тэр үеэс хойш би бусадтай адил болох гэж биш, өөрийнхөө онцлогийг илүү гаргахыг хичээдэг болсон. Магадгүй тэр үед л би жинхэнэ утгаараа өөрийгөө олж эхэлсэн байх.

-Ажиллах зарчим нь ямар байдаг вэ?

-Ажлын зарчмын хувьд ер нь хаана ч төстэй. Ажилдаа хоцорч болохгүй, тасалж болохгүй, бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Харин миний одоо ажиллаж байгаа компанийн хамгийн сонирхолтой зүйл нь “гол дүр”, “туслах дүр”, “олны хэсэг” гэсэн ялгаа бараг байдаггүй.

Бүгд бүх зүйлээ хувааж хийдэг. Энэ нь контемпорари балетын онцлог байх. Нэг тоглолтод 20 гаруй бүжигчин тайзан дээр зэрэг гарлаа гэхэд дор хаяж 30 минут орчим бараг тасралтгүй бүжиглэнэ. Сонгодог балет шиг тодорхой үйл явдалтай, хэсэг хэсгээрээ амардаг бүтэц багатай учраас хөдөлгөөн нь бараг зогсохгүй үргэлжилдэг.

Жишээ нь, 30 минутын бүтээл байлаа гэхэд тайзнаас кулиз рүү ороод амрах нийт хугацаа нь 3-4 минут л байдаг. Тэр нь хүртэл 15-20 секундын жижигхэн завсарлага болж хуваагдана. Анх бол үнэхээр их ядардаг байсан. Заримдаа тайзан дээр бараг ухаан алдах шахах үе ч гардаг байлаа.

Мөн энд бүх бүжигчин бүх дүр, бүх хөдөлгөөнийг сурах ёстой. Яагаад гэвэл хэн нэгэн бэртлээ гэхэд өөр нэг хүн шууд орлож бүжиглэхэд бэлэн байх шаардлагатай байдаг. Энэ нь маш өндөр хариуцлага шаарддаг ч нөгөө талаар бүжигчнийг маш хурдан хөгжүүлдэг гэж боддог.

-Олон улсын зах зээлийн жишиг, театруудын менежментийг харж байхад “Манайхан энэ талаас нь суралцаасай” гэж хардаг зүйлүүд юу байна вэ?     

-Миний ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа компаниуд ер нь аялан тоглолт их хийдэг компаниуд. Тэд бүгд өөрсдийн маш том багтай явдаг. Жишээ нь, тайз, гэрлийн баг, хувцас хэрэглэлийн баг, менежмент, сурталчилгаа, эмч, эрүүл мэндийн баг гээд бүхэл бүтэн баг хамт аялдаг. Тэр систем нь надад их таалагддаг. Монголын театр ч гэсэн боломжтой бол иймэрхүү байдлаар илүү олон газар аялан тоглолт хийдэг байвал гоё юм шиг санагддаг. Улс даяар урлагаа түгээж, хүүхдүүдэд мөрөөдөл өгөх нь өөрөө маш үнэ цэнтэй зүйл.

Магадгүй яг над шиг нэг хүүхэд үзэгчдийн суудалд суугаад бүжигчдийг хараад “Би том болоод ийм хүн болно” гэж мөрөөдөж ч болох шүү дээ. Зөвхөн бүжигчид ч биш, хөгжимчид, тайзны уран бүтээлчид, гэрэл, хувцас гээд урлагийн бүх зүйл хүүхдүүдэд шинэ ертөнц нээж өгдөг юм шиг санагддаг.

Мөн цаашдаа Монголын уран бүтээлчид гадаад орнуудаар илүү их аялан тоглолт хийдэг болоосой гэж хүсдэг. Урлагаараа дамжуулж улсаа таниулна гэдэг маш сайхан зүйл.

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн балетын гол болон туслах дүрд бүжиглэснээ тоолж үзсэн үү?

-Үнэнийг хэлэхэд хэдэн дүр дээр ажилласнаа тоолж үзээгүй юм байна. Тоолоод ч барахгүй байх. Хүүхэд байхдаа мөрөөдөж байсан дүрүүдээс эхлээд төсөөлж ч байгаагүй дүрүүд дээр хүртэл ажиллаж үзсэн.

Дүр болгон өөрийн гэсэн өнгө аяс, мэдрэмжтэй байдаг болохоор бүгдээс нь шинэ зүйл сурдаг. Зарим нь техникийн хувьд маш хэцүү байхад, зарим нь сэтгэл хөдлөл, жүжиглэлт илүү шаарддаг. Тэр бүх дүр, туршлага нийлээд өнөөдрийн намайг бүтээсэн гэж боддог.

-Тэдгээрээс хамгийн хайртай, эсвэл жаахан дутуудуулчихав уу даа гэж харамсдаг дүр бий юү?

-Миний хамгийн хайртай дүрүүд ихэвчлэн дотоод мэдрэмж их шаарддаг дүрүүд байдаг. Тайзан дээр зөвхөн хөдөлгөөн хийх биш, дүрийнхээ мэдрэмжийг үзэгчдэд хүргэх нь хамгийн сонирхолтой хэсэг нь байдаг.

Мэдээж “Энэ дүрийг арай өөрөөр хийж болох байсан болов уу” гэж бодогдох үе бий. Гэхдээ би түүнийг алдаа гэж хардаггүй. Харин дараагийн удаа илүү өсөж, илүү сайн хийх боломж гэж боддог.

-Тоглосон дүрүүдээс тань таныг хамгийн их “зовоосон” нь ямар дүр байдаг бол?

-Ер нь амархан дүр гэж бараг байдаггүй байх. Бүх дүр өөр өөрийн ажиллагаа, ачаалалтай. Хамгийн их “зовоосон” дүрүүд гэвэл ихэвчлэн биеийн хүч болон сэтгэлзүйн өндөр ачаалал шаардсан дүрүүд байдаг.

Зарим дүр дээр олон сарын турш ажиллаж, хөдөлгөөн бүрээ дахин дахин засах үе гарна. Гэхдээ хамгийн хэцүү дүрүүд л хүнийг хамгийн их хөгжүүлдэг юм шиг санагддаг. Тайзан дээр тэр дүрээ амжилттай гаргаад дуусах мөчид бүх хөдөлмөр үнэ цэнтэй санагддаг.

-Шинэ дүрд гарахаасаа өмнө сэтгэлзүй болон бие махбодио хэрхэн бэлддэг вэ?

-Шинэ дүр дээр ажиллахдаа эхлээд дүрийнхээ судалгааг хийдэг. Дараа нь “Хэрвээ энэ дүр би байсан бол?” гэж өөрөөсөө асуудаг. Миний хувьд дүрдээ орох хамгийн том арга нь өөрийн амьдрал дээр тохиолдож байсан мэдрэмжүүдээ эргүүлэн гаргаж ирэх байдаг.

Жишээ нь “Жизель” дээр Альберт Жизелийг алдаад маш ихээр шаналдаг шүү дээ. Тэр мэдрэмжийг жинхэнэ мэт гаргахын тулд би өөрийн амьдралаас холдсон, алдсан хүмүүсээ боддог. Тэр үед юу мэдэрч, юу бодож байснаа эргэн санахыг хичээдэг гэсэн үг.

Мэдээж яг зохиол дээрхтэй ижил зүйл миний амьдралд тохиолдож байгаагүй. Гэхдээ ойролцоо мэдрэмжүүдийг дотроосоо гаргаж ирээд дүртэйгээ холбож өгдөг. Ингэж байж тайзан дээр илүү үнэн мэдрэмж гардаг гэж боддог.

Харин биеийн бэлтгэлийн хувьд тогтмол дасгал, сунгалт, хүчний бэлтгэл маш чухал.

-Би чадах юм байна, би үнэхээр амжилтанд хүрч чадах юм байна гэсэн анхны урмыг юунаас авч байсан бэ?

-Ер нь би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Бас зөв амьдрахыг хичээдэг болохоор зөв хүмүүс надад их таардаг юм болов уу гэж боддог. Намайг хүрээлдэг хүмүүс үргэлж дэмжиж, урам өгдөг учраас өнөөдрийн би бий болсон байх.

Өөртөө итгэх итгэл нэг өдөр гэнэт бий болоогүй. Жижиг амжилт бүр, даван туулсан сорилт бүр надад бага багаар итгэл өгсөн. Мэдээж маш их шантрах үе байсан. Тэр үед “Яагаад энэ урлагийг сонгосон билээ?” гэдгээ өөртөө сануулахыг хичээдэг байсан.

Хөдөлмөрлөсөн цаг хугацаа нэг өдөр заавал үр дүнгээ өгдөг гэдэгт итгэдэг болсон нь миний хамгийн том хүч байх.

-Заримдаа ажлаасаа залхах үе хүмүүст бишгүй. Тийм үед өөрийгөө хэрхэн идэвхжүүлдэг вэ?

-Урлагийн хүн болгон л ядарч, шантрах үеийг туулдаг байх. Тэр үед би өөртөө бага зэрэг амралт өгч, шинэ урам зориг авахыг хичээдэг.

Хэрвээ ямар нэг зүйл болохгүй байвал хэсэг хугацаанд түр орхиод, дараа нь дахин оролддог. “Өнөөдөр болохгүй байж болно, маргааш ч болохгүй байж болно. Гэхдээ хэзээ нэгэн өдөр болно” гэж өөртөө хэлдэг.

Мэдээж зүгээр орхичихгүй. Болох хүртэл нь тодорхой хэмжээнд давтсаар л байдаг. Гэхдээ хэтрүүлчихвэл уур хүрч, хийх хүсэл унтарч эхэлдэг болохоор сүүлийн үед өөрийгөө зөв хэмнэлээр хөгжүүлэхийг хичээж байгаа. Миний хувьд энэ ч бас нэг төрлийн туршлага юм шиг санагддаг.

-Сонгодог урлагийн соёл маш өндөр хэмжээнд төлөвшсөн европ үзэгчдээс үнэлгээ авах, тэр тусмаа “браво”-г нь сонсох сайхан биз?    

-АНУ-д ажиллаж байгаа манай компани контемпорари балетын маш алдартай компаниудын нэг. Энд ирэхдээ би компаниа ийм нэр хүндтэй гэдгийг бүрэн мэддэггүй байсан.

Харин тайзан дээр гараад үзэгчдийн хариу үйлдлийг мэдрэхэд л ямар том орчинд ирснээ ойлгосон. Үзэгчдийг байлдан дагуулна гэдэг үгийн жинхэнэ утгыг эндээс харсан гэж боддог.

Тоглолтын дараа хүмүүс ирээд, “Чи шинэ залуу нь мөн үү? Чи үнэхээр гайхалтай байлаа. Би өмнө нь ийм тоглолт үзэж байгаагүй. Яагаад танай тоглолтыг өмнө нь үзэж байгаагүй юм бол?” гэх мэтээр ярилцах үе их гардаг.

Тэр мөчүүдэд би дотроо их баярладаг. Монголын гэр хорооллын жижигхэн бор хүү өнөөдөр АНУ-д өөрийгөө төдийгүй эх орноо төлөөлж, Монгол гэдэг улсыг урлагаар дамжуулан таниулж яваа юм байна даа гэж бодохоор үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм.

-Монголдоо хэзээ уран бүтээлд тоглох вэ. Төлөвлөсөн уран бүтээл бий юү?

-Энэ оны зургаадугаар сарын 27, 28-нд “Их эзэн хааны театр”-т тоглогдох “Ромео, Жульетта” балетад Тибальтын дүрээр оролцохоор бэлтгэлээ хийж байна. Миний хувьд эх орныхоо тайзан дээр энэхүү уран бүтээлээр үзэгчидтэйгээ дахин уулзах гэж байгаадаа маш их баяртай байгаа.

Мөн цаашдаа олон шинэ уран бүтээлүүдийг эх орондоо дэглэн найруулж, орчин үеийн контемпорари балет урсгалыг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн Монголын үзэгчдийн хүртээл болгох хүсэл, зорилготой явдаг. Түүнчлэн одоо ажиллаж байгаа “Complexions Contemporary Ballet” компаниа Монголд урьж, хамтарсан тоглолт зохион байгуулах талаар удирдлагуудтайгаа ярилцаж, боломжуудыг судалж байгаа. Урлагаар дамжуулан Монголын үзэгчдэд шинэ өнгө төрх, шинэ мэдрэмж хүргэхийг хүсэж байна.

А.ХАЛИУН

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“A Sound” хамтлаг: Дуу хөгжим хүний дурсамжийг хадгалж байдаг. Та бүхнийг цаг хугацаагаар аялуулах болно

08/05/2026
Ярилцлага Урлаг

Э.АНХБАЯР: Бид Монголын сонгодог урлагт ямар өөрчлөлт, ололт авчирсан нь 50, 100 жилийн дараа харагдана

04/05/2026
Ярилцлага Урлаг

Э.Батнямбуу: Хүний сэтгэлд хүрэх агшнуудыг шингээж өгөхийг хичээсэн

30/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Д.Уламбаяр (Ука): “Мөрөөдөл бид хоёр” дуугаа дуулах мөчид би 11 настай өөрийгөө мөрөөдөлтэй нь хамт тэвэрч байгаа юм шиг санагддаг

18/05/2026

Монгол хийморийг дэлхийд түгээсэн “Spirit of Mongolia” бүжгийн бичлэг хамгийн олон үзэгчтэй бичлэг болжээ

18/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааны шилдгүүд тодорлоо

18/05/2026

А.Билгүдэ: Бүжиглэсэн бүх дүр, туршлага нийлээд өнөөдрийн намайг бүтээж буй

18/05/2026

“Eurovision 2026” уралдаанд Болгарын дуучин түрүүллээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.