Эрдэмтэд хүрэл хутгуудыг ерөнхий хэлбэр төрхөөр нь бөгтөр мөртэй-тэгш үзүүртэй, бөгтөр мөртэй-ээтэн үзүүртэй, шулуун мөртэй-үзүүртэй гэж гурван төрөлд ангилдаг. Мөн тэдгээрийн он цагийг Өмнөд Сибирийн Карасукийн соёлын хутгатай ижил төстэй гэж үзэн НТӨ XI–VIII зуунд хамааруулан судалжээ.
Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж буй энэхүү хүрэл хутга нь үзүүр хэсгээрээ ээтэн дугуй хэлбэртэй, ишний хойд хэсэгтээ зууван нүхтэй. Урт нь 18.8 см, өргөн нь 1.5 см, жин нь 70 грамм ажээ. Энэхүү хутгыг 1960 онд музейн захирал асан Л.Юндэнбат Их, Бага Шаргалжуутын амнаас хайгуулын явцад олж илрүүлэн, музейн сан хөмрөгийг баяжуулсан түүхтэй.

Мөн тус музейн цуглуулгад хадгалагдаж буй ахуйн хэрэглээний уламжлалт багаж, хэрэгслийн нэг нь шөвөг юм. Нүүдэлчид эрт цагаас шөвгийг цоолох, оёх, үдэх зэрэг ахуйн хэрэгцээнд өргөн ашиглаж иржээ.
Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй энэхүү шөвөг нь НТӨ II–I мянганы хоёрдугаар хагаст хамаарах дурсгалд тооцогдож байна.

