Мэттью Перри агсны туслах Кеннет Ивамаса түүнд үхэлд хүргэх тун бүхий кетамин тарьсан хэргээр 41 сар хорих ял сонсжээ. Прокуроруудын үзэж буйгаар Кеннет Мэттьюгийн хүсэлтээр түүнд кетамин тарьсныхаа дараа ажил амжуулахаар явсан байна. Кеннет буцаж ирэх үед Мэттью нас барсан байсан юм.
Лхагва гарагт /2026.05.27/ шүүгч Шерилин Гарнетт ял оноосны дараа Кеннет Мэттьюгийн гэр бүлийнхэн рүү эргэж хараад “Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйя. Үүрд харамсаж явах хууль бус үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна” гэж хэлжээ. Мэттьюгийн гэр бүлийнхэн дундаас зөвхөн хойд аав Кэйт Моррисон шүүх хурал дээр үг хэлсэн байна. Улам бүр дордож буй Мэттьюгийн кетамины донтолтын асуудлыг мэдэгдэхийн оронд Кеннет гэрт нь хаан мэт амьдрахыг сонгосон гэж Кэйт хэлжээ.
Задлан шинжилгээний тайланд Мэттью кетамины цочмог нөлөө болон бусад хүчин зүйлсээс болж ухаан алдан, улмаар живсэн гэж бичсэн байсан юм. Кеннет гэм буруугаа хүлээснээс гадна Мэттьюгийн үхэлд буруутгагдаж буй дөрвөн өөр хүний эсрэг чухал баримтууд нийлүүлжээ. Түүнээс гадна хоёр эмч, нэг хар тамхи борлуулагч, нэг хар тамхи тээвэрлэгч уг хэрэгтэй холбогдуулан ял сонссон. Кетамины хатан гэгддэг хар тамхины наймаачин Жасвин Сангхва хамгийн урт буюу 15 жил хорих ял авсан юм.

