Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20 жил, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тус улсын сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч сонирхсон асуултуудад хариулт өгч мэдээлэл өгөв. Хоёр улсын хооронд соёлын салбарт хамтран ажиллах гэрээг 1994 онд баталсан бөгөөд 3 жил тутамд шинэчлэн байгуулдаг. Энэ жил уг төлөвлөгөөг дахин шинэчлэн байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн энэ сарын 22-30-ны өдөр Улаанбаатар хотноо Хятадын соёлын өдрүүдийг тэмдэглэх гэж буйг салбарын сайд онцоллоо.
Үүний зэрэгцээ хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хуралдааныг энэ онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчоо, Манай улсаас ССАЖЯ, ОХУ-ыг төлөөлж Буриад Улсын ССАЖЯ хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн гурван улсын түүх соёл, аялал жуулчлалын хамтарсан бүтээгдэхүүн боловсруулах зорилго бүхий батлагдсан “Цайны зам” төсөл нь одоог хүртэл амжилттай хэрэгжсээр байгаа юм.
Түүнчлэн Зүүн хойд Азийн орнуудын “Их түмэн гол” санаачлагыг амжилттай өрнүүлж бүс нутагт эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, тогтвортой хөгжлийг дэмжих талаар санал бодлоо солилцож “Улаанбаатарын тунхаглал”-ыг батлаад байна.
Хоёр орны хооронд Спортын салбарт хамтран ажиллах үндэслэлийг 1995 онд тодорхойлсон байдаг. Үүний дүнд 2011 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Буянт-Ухаа спортын ордонг байгуулсан билээ. Манай хоёр орны өсвөрийн баг тамирчид харилцан туршлага солилцох хамтарсан бэлтгэл, уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн төдийгүй спортын холбоод, клубуудын хамтын ажиллагаа идэвхитэй өрнөсөөр байгаа юм.
Үүний зэрэгцээ Монгол оронд орчин цагийн музей үүсэж хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд манай орны музейн ажилчдын төлөөлөл БНХАУ-ын музейн үзүүллэг зохион байгуулалт, орчин цагийн техник тоног төхөөрөмжтэй танилцах зорилгоор ажилласан.
Бид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан Дорнод аймгийн Халх гол суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хэсэг, баг гаргаад байна. Тус сум түүхийн дурсгалт өлгий нутаг төдийгүй цэлгэр уудам талын өргөн хөх тэнгэрт од сайхан харагддаг тул жуулчдын тоо нэмэгдсээр байгаа.
Мөн Сүхбаатар аймагт ч аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй бөгөөд энэ аймаг нь олон адуутай, адуугаараа онцлог энэ төрлийн соёл ихээхэн хөгжсөн билээ. Энэ нутагт нүүдлийн шувууд хамгийн ихээр чуулж тэдгээр шувуудыг ажиглан сонирхогч жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Манай улсын аль ч аймагт нүүдлийн соёлын хуучны хэв шинж өнөөг хүртэл хадгалагдсаар байгаа нь бидний онцлог төрх болсоор байгаа билээ.
Ийнхүү хил орчмын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх нь Хятадаас ирэх жуулчдын тоо төдийгүй тус улсад ирсэн гадаадын жуулчид манай оронд ирэх бүрэн бололцоотой болох юм. Манай улс аялал жуулчлалын өндөр өртөг бүхий бүс нутагт хамаардаг учраас ойрын орны жуулчид ихээр аяладаг. Тухайлбал Хятад Улс жуулчлалын тоогоор тэргүүлж байгаа бөгөөд үүний дараа Европын холбооны орнууд, Орос, Япон, Солонгос, Америкийн жуулчид орж байна.
Харин эртний Кидан улсын үеийн Хэрлэн барс хотын туурийг БНХАУ-ын Соёлын өвийн академиас сэргээн засварлахаар гэрээ хэлэлцээр хийсэн нь бидний хувьд томоохон ажлуудын маань нэг болж буй билээ.
Сэтгүүлчид цааш үргэлжлүүлэн боловсролын чиглэлд анхаарч манай улсын сургуулиудад зааж буй гадаад хэл болоод гадны их дээд сургуулиудад суралцах Монголын залуусын хүсэлтийн талаар сонирхож байсан юм. Сайд Ц.Оюунгэрэл “Сурагчид өөрсдөө сурахыг хүсэж буй хоёр дах хэлээ сонгож олонхийн саналаар түүнийг дэмжсэнээр тухайн хэлийг зааж сургадаг. Ихэвчлэн англи хэлийг сонгон суралцаж байгаа. Үүний зэрэгцээ сургуулиудад турк, герман, солонгос, япон, хятад хэлийг зааж байна. Манай улс соёлын чиглэлээрээ ОХУ-д оюутнуудаа сургах хүсэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хөгжмийн зохиолч нараа танай улсад бэлтгэж байна. Харин сэргээн засварлах чиглэлээр Азийн орнуудад суралцуулах хүсэлтэй байгаа. Инженерийн чиглэлээр Япон Улсад оюутнуудаа суралцуулахаар зэхэж байна. Манай улсын Засгийн газраас дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд суралцах оюутнууддаа тэтгэлэг олгохоор болсон ба эдгээр сургуулиудад танай орны сургуулиуд ч багтаж байгаа. Энд суралцуулахад манай улсаас оюутнуудаа дэмжиж байна” хэмээн хариулсан юм.
Цаашид урлаг соёлын уламжлалт харилцааг өргөтгөн, олон нийтэд хүрч чадах чадвартай дуучдыг өөрсдийн онцлог шинжээр нь тодорхойлон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Рок поп урлаг өөрөө чөлөөт сэтгэлгээтэй баг хамт олны үнэнч байдлыг эрхэмлэдэг, удахгүй шинэ сайн хамтлагууд төрөн гарч байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байгаагаагаа илэрхийлэв.
Харин соёлын өвийн тухай асуултанд “Бид гадаадын иргэдтэй харилцахдаа юун тэргүүнд тэдний соёлоос суралцдаг, дараа нь өөрсдийн соёлыг тэдэнд таниулдаг. Сүүлийн үед морин хуур, уртын дуу, хөөмэй сурахыг хүссэн гадаадын иргэн олон болж байна. Олон улсын уртын дууны наадамд Герман, Японы хүчтэй өрсөлдөгчид ирж биднийг гайхшруулж байсан. ЮНЕСКО-д соёлын өвөө хамтран та бид бүртгүүлснээр манай хоёр орон соёлын өвийг таниулахад олон улсын түвшинд ажиллаж байгаа нь ихээхэн үр дүнтэй байгаа” хэмээн хариулт өглөө.
Хойшид хоёр орны хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэн соёл, спорт, аялал жуулчлалын салбарт өрнүүлэх үйл ажиллагааны хүрээг тэлэн ажиллах болно хэмээн тэд яриагаа өндөрлөв.