ХБНГУ-ын Хойд Рейн-Вестфалeн мужийн Дюссельдорф хот дахь Герман–Монголын Үүд нийгэмлэгийн харьяа “Сонор” үндэсний урлагийн чуулгын уран бүтээлчид зургадугаар сарын 14-нд Бохум хотод болсон “Олон улсын өдөр”-ийн арга хэмжээнд оролцож, Монголын соёл, урлагийн бүтээлүүдээс толилууллаа. Тус арга хэмжээнд нийт 25 уран бүтээлч оролцож, Монголын үндэсний хөгжмийн зэмсэг, бүжиг болон язгуур урлагийн үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэсэн байна.
“Сонор” чуулга нь морин хуур, ятга, лимбэ зэрэг Монгол үндэсний хөгжмийг гитартай хослуулан тоглодгоороо онцлог юм. 2022 онд байгуулагдсан тус чуулга нь мэргэжлийн уран бүтээлчид болон хүүхэд, залуусаас бүрддэг бөгөөд Монголын язгуур урлагийг олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өөрсдөө ч сурах зорилготой.
Дашрамд дурдахад, тус чуулга нь өнгөрсөн сард “Сонор мялаах аялгуу” тайлан тоглолтоо танхим дүүрэн үзэгчтэй, халуун алга ташилттайгаар хийж Герман улсад суугаа элэг нэгт монгол ахан дүүсийнхээ сэтгэлийг уяраасан билээ. Удирдаач багш Багш Б.Золзаяа нь Чингис хаан одонт Монгол Улсын морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч удирдаач нэрт морин хуурч Ардын жүжигчин агсан Цэндийн Батчулууны шавь, хуурын чуулгын анхны морин хуурч хөөмийч. Тэрбээр мөн өнгөрсөн сарын 29-нд Улаанбаатар хотноо “Эх нутаг ” тоглолтоо амжилттай хийсэн юм.
Герман–Монголын үүд нийгэмлэг нь “Соёл сургууль”, “Монгол залуусын клуб”, “Сонор чуулга” гэсэн гурван чиглэлээр Монголын соёл, боловсрол, залуусын хөгжлийг дэмжин үйл ажиллагаа явуулдаг байна.

