АНУ-ын дуучин, жүжигчин, попын гүнж гэгддэг Ариана Гранде өнөөдөр 33 нас хүрлээ.
“Грэмми”-ийн гурван удаагийн шагналт, MTV видео мюзик авардсын 13 удаагийн шагналт Ариана Граде АНУ-ын Флорида мужийн Бока Ратон хэмээх жижиг хотод 1993 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Эдвард Бутерагийн охин болон мэндэлжээ. Эцэг, эх нь түүнийг багаас нь урлагт ойр өсгөсөн бөгөөд дөрвөн настай байхад нь “Little Palm Theatre” гэх хүүхдийн театрын дугуйланд сургаж эхэлсэн. Дөрвөн жилийн дараагаас АНУ-ын төв телевизээр цацагддаг хүүхдийн нэвтрүүлгийн дууг дуулдаг болсон байна. Удалгүй “Wizard of the OZ”, ”Beauty and the Beast” зэрэг хөгжимт жүжигт тоглох болжээ. Ингээд 2008 оноос алдарт “Broadway” театрт хөл тавьж “13” гэх хөгжимт жүжигт бүтээсэн дүр нь түүнд анхны шагналыг авчирсан юм. 2010 онд “Nickelodeon” сувгийн “Victorious” цувралд тоглох урилга хүлээн авч, тус цувралын Кэт гэх ягаан үстэй охины дүрийг бүтээснээр олонд танигдаж эхэлсэн байна.
Холливуудын алдартай дуучдыг бэлтгэсэн Эрик Ветро гэх багшийн удирдлага дор дуулаачийн бэлтгэл хийдэг байсан түүний анхны албан ёсны дууны клип “Put your hearts up” нэртэйгээр 2011 онд гарч байжээ. “Republic records” студитэй хамтран ажиллах гэрээ байгуулж анхны цомгоо “Yours truly” нэртэйгээр 2013 онд гаргаж байв.
Ариана Гранде өнгөрсөн хугацаанд “Yours Truly” (2013), “My Everything” (2014), “Dangerous Woman” (2016), “Sweetener” (2018), “Thank U, Next” (2019), “Positions” (2020), “Eternal Sunshine” (2024), “Petal” (2026) зэрэг цомгуудыг гаргаад байна.
Харин тайзны уран бүтээлийн тухайд, “13”, “A Snow White Christmas”, Sunday in the Park with George” зэрэг мюзиклд тогложээ. Дэлгэцийн уран бүтээлийн хувьд, “Victorious” (2010–2013), “Sam & Cat” (2013–2014), “Swindle” (2013), “Underdogs” (2016), “Hairspray Live!” (2016), “Don’t Look Up” (2021), “Wicked” (2024), “Brighter Days Ahead” (2025), “Wicked: For Good” (2025), “Focker-in-Law” (2026) зэрэг телевизийн олон ангит болон бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглоод буй.
“Time” сэтгүүлээс түүнийг 2016, 2019 онд дэлхийн шилдэг 100 хүмүүсийн нэгээр нэрлэж байв.

