“Blackpink” хамтлагийн гишүүн, дэлхийн хэмжээний соло уран бүтээлч Лиса өөрийн амьдрал, хөгжмийн замналын талаар өгүүлэх анхны бие даасан баримтат кино “Always Lalisa”-гаа дэлхийн нэр хүндтэй кино наадамд нээхээр болжээ. Тус бүтээл 2026 оны Торонтогийн олон улсын кино наадмаар дэлхийн анхны нээлтээ хийхээр сонгогдсон байна.
Тус баримтат киног найруулагч Сью Ким найруулсан бөгөөд киноны яриа англи, тай, солонгос хэлээр өрнөх юм. 97 минут үргэлжлэх “Always Lalisa” баримтат кино нь Лисагийн хүүхэд нас, к-поп ертөнцөд хөл тавьсан үе, “Blackpink” хамтлагийн гишүүн болсон түүх, мөн бие даасан уран бүтээлчийн хувьд дэлхийд гарсан амжилтыг нь харуулах аж.
Тэрбээр Тайландын Бурирам хотод төрж, багаасаа бүжиг, урлагт сонирхолтой байсан бөгөөд өсвөр насандаа к-поп од болох мөрөөдлөө биелүүлэхээр Өмнөд Солонгосыг зорьсон юм. Хожим нь “Blackpink” хамтлагийн гол бүжигчин, репперийн нэг болж, дэлхийн хамгийн алдартай эмэгтэй уран бүтээлчдийн нэг болсон билээ.
Кино нь зөвхөн тайзны гялалзсан амьдралыг бус, Лизагийн олон жилийн хөдөлмөр, бэрхшээл, дэлхийн хэмжээний од болохын өмнөх сорилтуудыг илүү ойроос харуулахыг зорьжээ.
“Always Lalisa” нь Lisa-гийн “Blackpink” дахь амжилтаас гадна 2021 онд гаргасан “Lalisa” нэртэй анхны соло цомгоос эхэлсэн шинэ үе, дэлхийн хөгжмийн салбарт өөрийн нэрийг бий болгосон аяллыг онцлох юм.
Мөн уг баримтат кинонд түүний соло уран бүтээлч, жүжигчин, дэлхийн хэмжээний брэнд төлөөлөгч болсон олон талт карьерын өөрчлөлтийг харуулах аж.

