Хошин урлагийн “акулууд”-ын нэг “Х ТҮЦ” продакшны жүжигчин, найруулагч, Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Ишдоржийн Одончимэг нь 1967 оны энэ өдөр буюу долдугаар сарын 27-нд мэндэлжээ. Тэрбээр 1989 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг дүүргэж, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсжээ.
1989 онд сургуулиа төгсөөд Улсын хүүхэд, залуучуудын театрт, 1991 оноос УДЭТ-т ажиллаж, 2001 оноос “Х ТҮЦ” продакшнаа байгуулалцан, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Мэргэжлээрээ 40 шахам жил ажиллаж байгаа түүнийг хошин урлагийн акулуудын нэг хэмээн үнэлдэг. Түүний мөрөөдөл нь кино бүтээх байсан бөгөөд “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг коног найруулсанаар биелэлээ олсон. Үргэлжлүүлэн “Болсон явдал”, “Танхай тээгч”, “Солиот эх” гэхчилэн дэлгэцийн уран бүтээлүүдийг найруулан үзэгчдэд хүргэжээ.
“Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Ромео, Жульетта”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн бол дэлгэцийн уран бүтээлийн тухайд “Сэрүүн дуганы мөхөл” кинонд анхлан гол дүр бүтээж, түүнээс хойш “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Ээждээ л үнсүүлэхсэн”, “Хайрыг хайрла”, “Үхэж үл болно-Чингис хаан”, “Болсон явдал”, “Тагнуулч аав”, “Танхай тээгч”, “Солиот эх”, “Алтан өндөг”, “Говийн домог”, “Базарваань”, “Би эмээ болохгүй” зэрэг кинонд гол болон туслах дүрд тогложээ.
“Алаг нүдэн Одноо” гэгддэг Ардын жүжигчин И.Одончимэгт уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөгөөд төрсөн өдрийн мэндийг хүргэе.

