Реппер D4vd (жинхэнэ нэр нь Дэвид Берк)-ийн “Apple Music” дахь албан ёсны хуудсыг хакердсан байж болзошгүй хэрэг гарчээ. Энэ нь түүнийг хүн амины хэрэгт холбогдуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж буй үед болсон явдал юм.
Мэдээллийн дагуу түүний “Apple Music” хуудсанд “I Did It” (“Би хийсэн”) нэртэй, D4vd-ийн гаргаагүй хуурамч дуу богино хугацаанд нийтлэгдсэн байна. Дууны үг нь түүний эсрэг үргэлжилж буй аллагын хэрэгтэй холбоотой мэт харагдаж байсан тул олон нийтийн анхаарлыг татжээ. Удалгүй уг дууг платформоос устгасан байна.
D4vd-ийн ойрын эх сурвалжуудын мэдээлснээр түүний “Apple Music” хаягийг зөвшөөрөлгүйгээр нэвтэрч ашигласан бөгөөд нийтлэгдсэн дуу нь албан ёсны бүтээл биш аж.
Одоогоор D4vd нь 14 настай охины амийг хөнөөсөн, цогцсыг гэмтээсэн зэрэг ноцтой хэрэгт буруутгагдаж байгаа ч бүх хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдүүлээд байна. Урьдчилсан шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд шүүх хэргийг үндсэн шүүх хуралд шилжүүлэх хангалттай нотлох баримт байгаа эсэхийг шийдвэрлэх юм.

