“Harry Potter” кино цувралын Рон Уизлигийн дүрээрээ дэлхий даяар алдаршсан Английн жүжигчин Руперт Гринтийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Руперт Александр Ллойд Гринт 1988 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 24-нд Английн Хартфордшир мужийн Харлоу хотод төржээ.

Багаасаа жүжиглэх урлагт сонирхолтой байсан Гринт сургуулийнхаа театрын жүжиг, урлагийн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог байжээ. Тэрбээр жүжигчин болох мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлэх боломжийг “Harry Potter” киноны сонгон шалгаруулалтаар олсон юм.

2000 онд Ж.К. Роулингийн алдарт “Harry Potter and the Philosopher’s Stone” зохиолоор кино хийхээр болж, гол дүрүүдэд тоглох хүүхдүүдийг өргөн хүрээнд сонгон шалгаруулжээ. Тухайн үед 11 настай байсан Руперт Гринт Рон Уизлигийн дүрд тоглохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн бичлэгээ явуулж, улмаар дүрийн сонгон шалгаруулалтад орсон байна.
Тэрбээр Дэниел Рэдклифф, Эмма Уотсон нарын хамт гол дүрийн гурвалын нэг болж, 2001 онд “Harry Potter and the Philosopher’s Stone” кинонд анх Рон Уизлигийн дүрээр дэлгэцнээ гарчээ.

Рон бол Харри Поттерын хамгийн дотны найз, Гермиона Грэйнжерийн хамт гурван гол дүрийн нэг юм. Гринт дүрийнхээ хошин мэдрэмж, үнэнч зан, айдас болон эр зоригийн хоорондын зөрчлийг чадварлаг илэрхийлж, үзэгчдийн хайртай дүрийг бүтээсэн.

“Harry Potter” цуврал нийт найман киноноос бүрдэх бөгөөд Гринт бүх кинонд Рон Уизлигийн дүрд тоглосон. Кинонууд дэлхий даяар асар их амжилт олсноор тэрээр хүүхэд наснаасаа эхлэн олон улсын хэмжээнд танигдсан жүжигчин болжээ.


“Harry Potter” киноны зураг авалт дууссаны дараа Гринт нэг дүрээрээ хязгаарлагдахгүй гэдгээ харуулахыг зорьж, төрөл бүрийн кино, телевизийн бүтээлд тоглож эхэлсэн.
Тэрбээр “Driving Lessons”, “Cherrybomb”, “Wild Target”, “Into the White”, “CBGB” зэрэг кинонд тоглож, драм, инээдмийн болон адал явдалт жанрын дүрүүдээр өөрийгөө сорьжээ.





Мөн “Moonwalkers”, “Snatch” зэрэг бүтээлүүдэд тоглосон нь түүний насанд хүрсэн жүжигчний хувьд шинэ өнгө төрхийг харуулсан юм.

Руперт Гринт телевизийн салбарт ч амжилттай ажилласан. Түүний онцлох бүтээлүүдийн нэг нь М.Найт Шьямалантын бүтээсэн “Servant” цуврал юм.


Мөн “Sick Note”, “The ABC Murders” зэрэг телевизийн бүтээлд тоглосон бөгөөд телевизийн салбарт өөрийн жүжигчний цар хүрээг улам өргөжүүлжээ.

Гринт жүжигчний ажлаас гадна продюсерын чиглэлээр ажиллаж, кино, телевизийн салбари хүч үзэж буй.

Тэрбээр “Harry Potter” киноны үеийн хүүхэд жүжигчнээс насанд хүрсэн уран бүтээлч болж өөрчлөгдөх явцдаа илүү төрөл бүрийн дүр, төсөл сонгохыг эрмэлзэж ирсэн уран бүтээлч юм.

