“Blackpink” хамтлагийн гишүүн Жисү ирэх есдүгээр сарын 4-нд цоо шинэ уран бүтээлээ олны хүртээл болгох гэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Zayn-тай хамтарсан “Eyes Closed” дуугаа цацсанаас хойш нам гүм байсан Жисү өчигдөр /2026.08.24/ шинэ уран бүтээл гарах гэж буй тухайгаа цахим сүлжээгээрээ дамжуулан дуулгав. Уг дуу нь удахгүй гарах цомгийн урьдчилсан сингл болж байна. Гэхдээ шинэ цомог гарах огноо хараахан тодорхой болоогүй байна.
Түүнчлэн дууны нэр, төрөл зэрэг нарийн мэдээлэл ч хараахан тодорхой болоогүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, уг дууг хэн нэгэнтэй хамтарч дуулаагүй бөгөөд клипний найруулагчаар Жозеф Кан ажиллажээ. Клипний зураг авалтыг Тайландын Бангкок хотын зүүн хойд хэсгийн нэгэн дүүрэгт авсан аж.
Жозеф Кан нь “Грэмми”-гийн шагналт найруулагч бөгөөд Тейлор Свифт, Бритни Спирс, Лэди Гага, Эминем зэрэг алдартнуудтай ажиллаж байжээ.
“Blackpink” хамтлаг 2023 оны арванхоёрдугаар сард “YG Entertainment”-тай гэрээгээ дуусгаснаас хойш гишүүн бүр хувийн уран бүтээлдээ түлхүү төвлөрөх болсон. Жисүгээс бусад гурван гишүүний хувьд тус тусдаа томоохон агентлагуудтай гэрээлж, соло уран бүтээлүүдээ гаргасан. Харин Жисү дуулахын хажуугаар жүжиглэхээ ч орхигдуулаагүй. Тэрбээр 2025 оны хоёрдугаар сард дөрвөн дуунаас бүрдсэн богино хэмжээний “Amortage” цомгоо гаргажээ.

