Энэ онд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан МЗЭ-ийн удирдлагууд музейн барилгыг сэргээн засварлаж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран сэргээн засварлах зураг төслийг боловсруулж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Д.Нацагдоржийн музейн барилгын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Д.Нацагдоржийн музейг 1966 онд их зохиолчийн мэндэлсний 60 жилийн ойг тохиолдуулан байгуулах шийдвэр гаргаж байсан бөгөөд өнөөдөр музейн барилга дэд бүтцийн шугам сүлжээнээс бүрэн таслагдсан нөхцөлд байгаа билээ. Музейн барилгыг сэргээн засварлах ажлын хүрээнд нэн тэргүүнд дулаан, цэвэр болон бохир усны шугам сүлжээнд холбох шаардлагатай байгааг МЗЭ-ийн удирдлагууд онцоллоо.

