Олон жил хүлээлгэсэн “National Treasure 3” кино эцэст нь хөгжүүлэлтийн шатанд албан ёсоор орж, жүжигчин Николас Кэйж Бенжамин Франклин Гейтсийн дүрдээ эргэн тоглох төлөвтэй болжээ.
Киноны эхний хоёр ангийг найруулсан Жон Тёртелтауб наймдугаар сарын 21-нд Филадельфид болсон “National Treasure Hunt” подкастын шууд бичлэгийн үеэр шинэ бүтээлийн талаар мэдээлсэн байна. Түүний хэлснээр, киноны зохиол бэлэн болсон бөгөөд өөрт нь болон “Disney”-д таалагдсан байна.
Николас Кэйж 2004 онд гарсан “National Treasure” кино болон 2007 оны “National Treasure: Book of Secrets” бүтээлд түүхч, эрдэнэсийн ангууч Бенжамин Гейтсийн дүрийг бүтээсэн юм. Гэвч жүжигчин өмнө нь гуравдугаар ангид эргэн тоглох сонирхолгүй байгаагаа илэрхийлж байсан тул шинэ мэдэгдэл нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг ихэд татаж байна.
Киноны продюсероор Жерри Брукхаймер ажиллаж байгаа бөгөөд зураг авалт хэзээ эхлэх болон кино нээлтээ хийх албан ёсны огноо одоогоор зарлагдаагүй байна.

