Ховд аймгаас төрөн гарсан генералуудын түүхэн гавьяа, үйл хэргийг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор Галдан бошигт хааны нэрэмжит музейд генералуудын хүндэтгэлийн танхим байгууллаа.
Тус танхимыг Ховд аймгийн Цагдаагийн газрын 100 жилийн ойн хүрээнд дэслэгч генерал Д.Даваа, бригадын генерал Ц.Ням-Очир нарын санаачилгаар байгуулж, энэ сарын 5-нд нээлээ.
Ховд аймгийн музей анх 1950 оны аравдугаар сарын 18-нд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр хоёр орон тоотой, 300 гаруй үзмэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Улмаар 1967 онд аймгийн Орон нутаг судлах музей, 1991 онд аймгийн музей болон өргөжиж, 2024 онд Галдан бошигт хааны нэрэмжит болсон байна.
Өдгөө тус музейд 3100 гаруй үзмэр хадгалагддаг бөгөөд эртний түүх, монгол ахуй, угсаатан, алдартан, шашин зэрэг есөн танхимаар үзүүллэг, төрөлжсөн үзэсгэлэнг олон нийтэд хүргэж байна. Жилд дунджаар 7000-9000 хүн музейг үзэж сонирхож байна.
Музейн сан хөмрөгт угсаатны зүй, гэрэл зураг, шашны холбогдолтой үзмэрүүд түлхүү хадгалагддаг. Тухайлбал, Ховд нутагт оршин суудаг 13 угсаатны бүлгийн өмсөж хэрэглэж ирсэн дахин давтагдашгүй дээл хувцас, нэрт зураач Л.Гаваагийн дүрслэх урлагийн бүтээлүүд нь онцлох үзмэрийн тоонд багтдаг.
Мөн музейн харьяа Өв соёлын хүрээлэнд олон угсаатны бүлгийн түүх, соёл, ёс заншлын онцлогийг харуулсан гэр музей ажиллаж, өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулж байна.

