Британийн нэрт жүжигчин Хью Жон Мунго Грант 1960 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 9-нд Английн Лондон хотод төржээ.
Тэрбээр романтик инээдмийн киноны төрөлд бүтээсэн дур булаам, хөгжилтэй дүрүүдээрээ дэлхий дахинаа алдаршсан бөгөөд өдгөө Британийн кино урлагийн хамгийн танигдсан жүжигчдийн нэг юм.

Хью Грант Лондонд боловсролтой гэр бүлд өссөн бөгөөд Лондон дахь 3Latymer Upper School3 сургуулийг төгсөж, улмаар Английн нэр хүндтэй Оксфордын их сургуульд англи хэл, уран зохиолын чиглэлээр суралцжээ.
Оксфордод байх хугацаандаа тэрdээр драмын урлагт илүү сонирхолтой болж, сургуулийнхаа жүжгийн хамтлагт тоглодог болсон байна. Ийнхүү их сургуулийн тайзнаас эхэлсэн түүний урлагийн зам хожим дэлхийн кино урлагт хүргэх эхлэл болжээ.

Хью Грант 1980-аад оны эхээр кино урлагт хөл тавьсан бөгөөд анхны бүтээлүүддээ бага хэмжээний дүр бүтээж байв. Түүний карьерын анхны томоохон амжилт 1987 онд нээлтээ хийсэн “Maurice” кинотой холбоотой.
Тэрбээр тус кинонд Клайв Дархамын дүрийг бүтээж, жүжиглэх чадвараараа олон улсын кино ертөнцийн анхаарлыг татсан юм. Энэ дүрээрээ тэрdээр Венецийн олон улсын кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж, ирээдүйтэй Британийн жүжигчин гэдгээ харуулжээ.

Хью Грантын амьдрал, карьерын хамгийн том эргэлтийн цэг 1994 онд гарсан “Four Weddings and a Funeral” кино байлаа.
Тэрбээр Чарльзын дүрийг бүтээсэн бөгөөд энэхүү романтик инээдмийн кино тухайн үеийн хамгийн өндөр ашиг орлоготой Британийн кинонуудын нэг болж, Грантыг дэлхийн хэмжээний од болгосон юм.
Түүний энэ дүр үзэгчдийн сэтгэлд хоногшиж, Грантын өвөрмөц жүжиглэх хэв маягийг тодорхойлсон байдаг. Дур булаам боловч бага зэрэг болхи, ичимхий атлаа хөгжилтэй эрийн дүр түүний киноны гол “брэнд” болсон гэж хэлж болно.
Энэхүү бүтээлээр Хью Грант “Алтан бөмбөрцөг” шагнал хүртэж, BAFTA-гийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналын эзэн болжээ.
![]()


1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Хью Грант романтик инээдмийн киноны хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болсон юм. Түүний хамгийн алдартай бүтээлүүдэд “Notting Hill” (1999), “Bridget Jones’s Diary” (2001), “About a Boy” (2002), “Love Actually” (2003), “Music and Lyrics” (2007), “Did You Hear About the Morgans?” (2009) зэрэг кино багтдаг.
Ялангуяа “Notting Hill” болон “Love Actually” нь өнөөдөр ч романтик киноны сонгодог бүтээлүүдийн тоонд нэрлэгддэг бөгөөд Хью Грантын нэртэй салшгүй холбоотой хэвээр байна.

Хью Грант олон жилийн турш романтик инээдмийн киноны гол дүрээр танигдсан ч сүүлийн жилүүдэд өөрийн хэвшмэл дүр төрхөөс эрс өөр дүрүүдийг сонгож эхэлсэн.
Тэрбээр 2016 онд “Florence Foster Jenkins” кинонд тоглож, Мерил Стриптэй хамтран ажилласан бол 2017 онд “Paddington 2” кинонд хорон санаат жүжигчин Финикс Бьюкенаны дүрийг бүтээжээ.

Энэхүү дүр нь түүний карьерын шинэ үеийг эхлүүлсэн гэж олон шүүмжлэгч үздэг. Хью Грант романтик киноны эелдэг гол дүрээс гадна сөрөг болон этгээд дүрүүдийг ч чадварлаг бүтээж чаддагаа харуулсан юм.

2018 онд Хью Грант “A Very English Scandal” телевизийн мини цувралд тоглож, Их Британийн улс төрч Жереми Торпын дүрийг бүтээжээ.
Энэхүү дүрээрээ тэрээр шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, “Эмми”, “Алтан бөмбөрцөг” зэрэг томоохон шагналуудад нэр дэвшсэн байна.

Мөн 2020 онд “The Undoing” цувралд Николь Кидмантай хамтран тоглож, нууцлаг, сөрөг талтай Жонатан Фрейзерийн дүрээрээ үзэгчдийг дахин гайхшруулжээ.

Хью Грант сүүлийн жилүүдэд кино болон телевизийн салбарт идэвхтэй ажиллаж байна. Тэрбээр “Dungeons & Dragons: Honor Among Thieves” (2023) кинонд Форж Фицвиллиамын дүрийг бүтээж, адал явдалт кинонд өөрийн хошин мэдрэмжийг дахин харуулсан юм.

Мөн 2023 онд нээлтээ хийсэн “Wonka” кинонд Оомпа-Лоомпагийн дүрийг бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татсан.

Харин “Heretic” (2024) аймшгийн, сэтгэлзүйн триллер кинонд бүтээсэн ноён Ридийн дүр нь түүний карьерын хамгийн өөр, харанхуй дүрүүдийн нэг болсон юм. Энэхүү бүтээлээр Хью Грант дахин шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, жүжиглэх хүрээгээ улам өргөжүүлсэн билээ.

Хью Грант карьерынхаа турш “Алтан бөмбөрцөг”, BAFTA зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн бөгөөд хөнгөн романтик киноноос эхэлж, улс төрийн драм, адал явдалт кино, сэтгэлзүйн триллер хүртэл амжилттай дүр бүтээсэн Хью Грант өнөөдөр ч Британийн кино урлагийн хамгийн өвөрмөц, сонирхолтой жүжигчдийн нэг хэвээр байна.
