Өмнөд Солонгосын “Seventeen” хамтлагийн гишүүн Жүн Хятадын шинэ уран сайхны кинонд тоглохоор болжээ.
Түүний шинэ бүтээл “Give Me Another Summer Vacation” нэртэй бөгөөд Жүн гэрэл зургийн студид цагийн ажил хийдэг их сургуулийн оюутан Жин Жүганы дүрийг бүтээнэ. Тэрбээр бага насныхаа хөрш, анхны хайртайгаа олон жилийн дараа дахин уулзах тухай өгүүлдэг уг кинонд Хятадын жүжигчин Бай Байхэтэй хамтран тоглох юм.
Энэхүү дүр нь Жүний өмнөх киноны бүтээлээс эрс ялгаатай. Тэрбээр 2025 онд нээлтээ хийсэн “The Shadow’s Edge” тулаант кинонд ширүүн, харгис дүр бүтээсэн бол энэ удаад илүү энгийн, дулаан өнгө аястай дүрээр үзэгчдэд хүрэхээр байна.
Киноны зохиол, найруулгыг Хятадын нэр хүндтэй шагналуудын эзэн найруулагч Бао Жинжин хариуцжээ. Харин киноны нээлтийн тов одоогоор тодорхойгүй байна.
Жүн сүүлийн жилүүдэд “Seventeen” хамтлагийн уран бүтээлээс гадна Хятадад жүжигчний карьераа хөгжүүлж байгаа юм. Түүний “The Shadow’s Edge” киноны дүр үзэгчдээс өндөр үнэлгээ авч, Хятадын кино наадмын шилдэг туслах дүрийн жүжигчин төрөлд нэр дэвшсэн байна.

