Архангай аймгийн “Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” нь 2023 оны есдүгээр сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэн билээ.
Буган хөшөө болон түүнтэй холбоотой хүрлийн үеийн цогцолборын талаарх цуврал нийтлэлийн ес дэх дугаарт буган хөшөө, хиргисүүрийн хоорондын холбоо болон энэ талаар хийсэн судалгааны талаар товч хүргэе.
Буган хөшөөд анх Монголд тэмдэглэгдэж, судлаачдын анхаарлыг татсан боловч шинжлэх ухааны судалгааг эхлээд Өвөр Байгаль, дараа нь Тувад хийжээ. Харин Монголд буган хөшөөг 1960-аад оноос шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж эхэлсэн байна.
1980-аад оны эхэн гэхэд Монголын нутагт хэдэн зуун буган хөшөөг илрүүлж, бүртгэн баримтжуулжээ. Ингэснээр буган хөшөөний талаар илүү дэлгэрэнгүй судалж, тодорхой дүгнэлт хийх боломж бүрдсэн байна. Мөн буган хөшөөтэй хамт оршдог хиргисүүрийн он цаг, зориулалтыг тогтоох судалгааг хийж, Буриад, Монголын нутгаас холбогдох олон баримт, материал цугларчээ.
Шинэ малтлагаас илүүтэй өмнө нь Монголын нутгаас цуглуулсан археологийн материалыг нэгтгэн судалсны үндсэн дээр 1980-аад оны сүүлчээр хиргисүүр, буган хөшөө хоорондоо холбоотой болох нь тодорхой болсон талаар МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан номд дурджээ.
1987 онд Новосибирскийн археологич Ю.С.Худяков, Улаан-Үдийн археологич П.Б.Коновалов нар хиргисүүр, буган хөшөөний холбоог тус тусын судалгаагаар авч үзэн, энэ талаар өгүүллээ нэгэн зэрэг хэвлүүлжээ. Үүний дараа археологийн судалгааны бүтээлүүдэд “Хиргисүүр-Буган хөшөөний соёл” гэсэн нэр томьёо хэрэглэх болсон байна.
Монголын буган хөшөөний ихэнх нь Хангай, Алтайн нурууны бүсэд тархсан байна. Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс буган хөшөөний тархалтыг газар зүйн онцлогоор нь судлан, Монгол орныг хэд хэдэн мужид хуваажээ.
Тухайлбал, Хангай-Хэнтийн мужид Архангай, Өвөрхангай аймаг бүхэлдээ, Баянхонгорын хойд хэсэг, Хөвсгөлийн өмнөд хэсэг багтдаг. Энд нийт 525 буган хөшөө бүртгэгдсэн нь Монголын нийт буган хөшөөний 42 хувийг эзэлж байна. Үүнээс Архангайд 257, Өвөрхангайд 58, Баянхонгорын хойд хэсэгт 71, Хөвсгөлийн өмнөд хэсэгт 38 нь байна.

